Хятадад үйлдвэрлэсэн “монгол” бараа үндэснийхээс 2-3 дахин хямд

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

Хятадад үйлдвэрлэсэн “монгол” бараа үндэснийхээс 2-3 дахин хямд

Хятадад үйлдвэрлэсэн “монгол” бараа үндэснийхээс 2-3 дахин хямд

Монголын уламжлалт баяр Цагаан сар болоход зургаан хоног үлджээ. Ширээ дүүргэх идээгээ бэлдсэн иргэд зочдодоо өгөх бэлэгний эрэлд ид гарч байгаа бол зарим нь аль хэдийнэ бэлгээ зэхжээ. Цагаан сараар иргэд зочдодоо ямар бэлэг өгөхийг эрмэлздэгийг сонирхлоо.

ҮНЭТЭЙ БАЙСАН Ч ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН СОНГОДОГ

С.СҮрэн

 

 

-Цагаан сараар зочдодоо үндэсний үйлдвэрийн бэлэг өгдөг. Гэхдээ үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн бусдаас илүү үнэтэй байдаг. Жилд ганц удаа болдог баяр болохоор үнэтэй байсан ч үндэсний үйлдвэрийн чанартай, хэрэгтэй зүйлийг нь дотнын хүмүүстээ бэлэглэдэг.

 

 

 

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БУСДААС ҮНЭТЭЙ БАЙДАГ

Я.Байгалмаа

 

-Зочдодоо өөрт нь хэрэгтэй, тохиромжтой зүйлийг нь өгөхийг хичээдэг. Ихэвчлэн үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн өгдөг. Гэхдээ нуулгүй хэлэхэд урдаас орж ирсэн бараанууд илүү хямд болохоор иргэд хямдыг нь сонгож байгаа харагддаг. Миний хувьд жилд ганцхан удаа болдог баяр болохоор үнэтэй байсан ч ихэвчлэн үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн сонгодог.

 

 

 

“Цагаан сараар зочдодоо мөнгөн дэвсгэрт өгдөг. Томчуудад 20 мянган төгрөг, залуучуудад 10 мянган төгрөг, хүүхдүүдэд 5000 төгрөг өгдөг гэх иргэнтэй таарсан бол Цагаан сар тэмдэглэдэггүй гэх хүнтэй ч таарсан юм.

ХЯМДРАЛ ЗАРЛАСАН БАЙХАД Ч ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАЛТ МУУ БАЙНА

Ингээд үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний төлөөлөл болгон “Бөмбөгөр” худалдааны төв дэх арьс ширэн бүтээгдэхүүний лангуу орлоо.

Эсгий шаахай, арьсан тэлээ, арьсан дээр зурсан зураг, цүнх, жаазтай, жаазгүй морин хуурыг эгнүүлэн өрсөн байлаа. Худалдагчаас асуувал Цагаан сар болж байгаатай холбогдуулан хямдрал зарласан аж. Тухайлбал, 7000 төгрөгөөр борлуулдаг эсгий улавчийг 5000 төгрөг болгожээ. Мөн арьсан тэлээг 15 мянган төгрөгөөс хямдруулан 12 мянган төгрөг болгож, түлхүүрийн оосор дагалдуулж өгч байгаа гэдгийг худалдагч онцолж байсан юм. Бас арьсан түрийвчийг 15 мянгаас хямдруулан 13 мянган төгрөгөөр борлуулж байгаа аж. Гэсэн ч “Хямдрал зарласан ч иргэдийн худалдан авалт муу байна. Энгийн үеэс ялгагдах зүйл алга. Иргэд үндэсний үйлдвэрээ дэмждэг гэдэг ч хямдрал зарлаад ч бүтээгдэхүүн авахгүй байна” гэж байлаа.

Мөн үндэсний үйлдвэрийн оймсны үнэ 2500 төгрөгөөс эхэлж байлаа. Мөн үндэсний үйлдвэрийн нүүр цэвэрлэгч, тос зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн, эрүүл мэндийн цай 5000 төгрөгөөс дээш үнэтэй байсан юм.

ХЯТАДАД ҮЙЛДВЭРЛЭСЭН “МОНГОЛ БАРАА” 2000-5000 ТӨГРӨГ

Харин “Нарантуул” худалдааны төвөөр ороход “Үндэсний үйлдвэрийн барааг хямд аваарай” гэх нь сонсогдож байв. Барааг нь үзвэл “Made in Mongolia” гэсэн бичигтэй ч материал нь үндэсний үйлдвэрийнхээс огт өөр, хөлдсөн тэлээг нь нугалж үзвэл хугарахад бэлэн харагдаж байлаа. Тэнд “Made in Mongolia” гэсэн бичигтэй Хятадаас орж ирсэн бараа 2000-5000 төгрөгийн үнэтэй байлаа. Мөн худалдан авагч ч олон байгаа харагдсан.

Иргэд үндэсний үйлдвэрээ дэмжихийг хичээдэг ч үнэ нь хэт өндөр байдаг тул Хятадад үйлдвэрлэсэн “Монгол” барааг 2-3 дахин бага үнээр худалдан авч байна. Тансаг хэрэглээ болсон ноолууран бүтээгдэхүүн биш юм гэхэд үндэсний үйлдвэрийн арьс, ноосон бүтээгдэхүүнээ худалдан авч чадахгүй Хятадад үйлдвэрлэсэн үнэ хямд, чанар муу бүтээгдэхүүнийг Цагаан сарын бэлгэнд сонгож байгаа нь иргэдийн амьжиргаа ямар түвшинд байгааг харуулах шиг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж