М.Энхболдоос урвагчид

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

М.Энхболдоос урвагчид

М.Энхболдоос урвагчид

МАН-ын 37 гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд  нарын нийт 39 гишүүн УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төсөл өргөн барьсныг өчигдөр 43 гишүүн дэмжиж чөлөөллөө.

ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН Н.УЧРАЛ, Г.СОЛТАН НАР САНАЛ ХУРААЛТАД ОРОЛЦСОНГҮЙ

УИХ-ын 40 орчим гишүүд УИХ-ын даргыг огцрохыг шаардаж, сүүлийн сар гаруй хугацаанд улс төр зөвхөн энэ асуудлаар амьсгалав. Чуулганы хуралдаанаа бойкотолж, гишүүд нь Сүхбаатарын тайлбайд гарч, сүүлдээ өлсгөлөн зарлахаа мэдэгдэж, тэмцэлдсээр ирсэн. Ерөнхийлөгчийн хуулийн төслийн дагуу УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх тогтоолын төсөл УИХ-ын 39 гишүүн албан ёсоор гарын үсгээ зурсан. Гэтэл гарын үсэг зурсан гишүүдээс Н.Учрал,  Г.Солтан нар санал хураалтад оролцоогүй гэнэ. Г.Солтан гишүүний хувьд орон нутагт томилолттой явсан бөгөөд цаг агаарын нөхцөл байдлаас  болж хуралдаа ирж чадаагүй гэдгээ намын нөхөддөө дуулгасан бол УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд ямар нэгэн тайлбар хэлээгүй аж. Түүнийг яагаад санал хураалтад оролцсонгүй вэ гэдэг таамаг намын гишүүд дунд өрнөжээ. Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төсөлд гарын үсэг зурахаа илэрхийлсэн ч орон нутагт томилолттой яваа учраас ирж амжаагүй юм.

Гарын үсэг зурсан 39 гишүүнээс өчигдрийн чуулган хуралдаанд 37 гишүүн оролцов.  Гэтэл УИХ-ын даргыг чөлөөлөхийг дэмжиж, УИХ-ын 43 гишүүн санал өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргыг огцруулахыг эсэргүүцэж байсан гишүүд нууцаар санал өгөхдөө эсрэгээр буюу чөлөөлөхийг дэмжиж гарын үсэг зурсан нь эндээс харагдана.  Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Мөнхцэцэг, Б.Дэлгэрсайхан, Д.Ганболд, Я.Санжмятав нарын гишүүд 37 дээр нэмэгдэж, саналаа өгсөн сурагтай.

УИХ-ын гишүүн Д.Ганболдын хувьд кнопоо андуурч дарсан гэсэн тайлбарыг өгсөн бол Г.Мөнхцэцэг гишүүний хувьд БСШУС-ын сайдын суудлаар тохироо хийсэн гэх таамаг улс төрийн хүрээнд яригдаж буй. Тэрбээр өмнө нь Засгийн газрыг огцруулах санал хураалтаас "бултсан", ер нь сайдын суудлаар тохироо хийж, У.Хүрэлсүхийн талынхныг дэмжих болсон гэсэн яриа намын гишүүдийнх нь дунд яригдсаар ирсэн. Б.Дэлгэрсайхан,  Я.Санжмятав, Д.Лүндээжанцан нарын гишүүдийн хувьд УИХ-ын даргыг чөлөөлөхийг дэмжсэн гэсэн яриа байна. Түүнээс гадна УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг батлахад дахин санал хураасан бөгөөд тэрхүү санал хураалтыг УИХ-ын 15 гишүүн дэмжээгүй юм. Харин 27-ын талаас энэ тогтоолын төслийг дэмжсэн хүмүүсийг урвасан гэж үзэж буй аж. Гэхдээ УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төсөл нууц санал хураалтаар явсан учраас МАН-ын гишүүд дунд яригдаж буй асуудлууд таамаг гэдгийг энд тодотгоё.

Ш.ЧИМЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж