Нийгмийн хүлээлт: Одоо “ЖДҮчид”-ийг шүүе!!!

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

Нийгмийн хүлээлт: Одоо “ЖДҮчид”-ийг шүүе!!!

Нийгмийн хүлээлт: Одоо “ЖДҮчид”-ийг шүүе!!!

-“МАН-ын даргын” гишүүн үү, УИХ-ын гишүүн үү гэдгээ харуулцгаа!-

УИХ-ын гишүүд ээ, шинэ цаг тоолол эхэллээ. УИХ-ын дарга М.Энхболд "Надад огцрох шалтгаан байгаагүй учраас өөрөө өргөдлөө өгөөгүй юм. Хуулийн дагуу чөлөөлөгдөж байна" гэсээр ажлаа өглөө. Мөн тэрбээр “Болоод өнгөрсөн сонгуулиар олж авсан эрх мэдлээ булаалдах биш, болох гэж байгаа сонгуульдаа эв нэгдэлтэй оролцоосой” гэсэн юм. Тэр ч “лөөлөө” боллоо л доо. Учир нь, удаа дараа шалгагдаад, одоо ч дахин шалгаж байгаа “60 тэрбумын хэрэг” гэгчийг эцэслэн тогтоож үл чадсандаа бухимдаж М.Энхболдыг огцруулж чадсан бол одоо “ЖДҮХС-ийн давуу эрхийн зээлдэгчид” буюу “ЖДҮчид”-тэй хариуцлага тооцох ёстой. Энэ бол өгөө, авааны асуудал биш хууль хяналтын байгууллагаар зохих шатанд нотлогдоод, холбогдох гишүүдийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг тавьсан боловч шившигтэйгээр хамгаалаад авч үлдсэн хэрэг.

Эхний ээлжинд “Шударга ёсны төлөө амь хайрлалгүй тэмцэж” санасан бүхэндээ хүрч, сарвайсан бүхнээ “зайлуулж чадаж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ЖДҮчидээ зайлуулах” цаг болсон. ХЗДХ-ийн сайд нэр бүхий дөрвөн гишүүнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэлгүй авч үлдсэн 2019 оны нэгдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө болсон чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “ЖДҮХ сангийн зээлд нэр холбогдсон гишүүдийг ёс зүйн хувьд уучлахгүй. Хуулийн дагуу эцэслэн шийдэгдээд ороод ирвэл өмөөрөхгүй” гэсэн.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах кнопны үнэтэй ЖДҮХС-ийн зээл байжээ. Улс төрийн авлига байж. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахад “ЖДҮчид”-ийн кноп аварч үлдсэн. Одоо М.Энхболдыг нь УИХ-ын даргаас хууль зохиож батлаад огцруулчихлаа. “Цэвэр агаар” чээж дүүрэн амьсгалсан УИХ одоо “ЖДҮ-чид”-ээсээ салж чадах уу?

Олон нийт үүнийг л хүлээж байна. ХЗДХ-ийн сайд хэлсэндээ хүрэх ёстой. “Цаг тухайд нь очиж мэдүүлэг өгч байсан болохоор УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх шаардлагагүй, тэр ч байтугай УИХ энэ талаар хэлэлцэх шаардлагагүй” гэхчлэн нэр бүхий дөрвөн гишүүнийг хаацайлж байсан тань “насгүй” боллоо.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан  “Тэгш байдал хаана байгаа юм бэ. Эрүүгийн хуульд албан тушаалаа ашиглаж хэн нэгэнд давуу байдал олгож болохгүй гэсэн заалттай. Үүнийгээ гэмт хэрэг гэж тооцож байгаа юм. Тиймээс энэ гишүүд албан тушаалаа урвуулан ашигласан, бусдыг албан тушаалаа урвуулан ашиглахад хамтран оролцсон хүмүүс” гэж тодоос тод тайлбарлаж өгсөн. Мөн УИХ-ын гишүүдэд хандан  “Та нар дандаа "Хууль зүйн сайдаас асууж байна. Энэ хэрэг яагаад явахгүй байна" гэх юм. Үүнийг Хууль зүйн сайд мэдэхгүй, оролцох эрхгүй. Хууль зүйн сайд хэрэв гараа хөдөлгөөд эхэлбэл өөрөө эрүүгийн хариуцлага хүлээх асуудал байдаг юм. Хууль зүйн сайд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад ямар ч хамаагүй хүн шүү дээ. Хууль нь тийм юм. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтыг хариуцдаг хүн нь прокурор. Прокурорын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хэн ч нөлөөлөх эрхгүй байдаг юм” гэсэн.

Одоо УИХ шинэ арга барилаар “ЖДҮчин сайд нартаа” хандаж хуулийн өмнө тэгш эрхтэй байх, сонгогчдодоо МАН-ын даргын гишүүн үү, УИХ-ын гишүүн үү гэдгээ харуулах цаг боллоо.

Ерөнхий сайд, МАН-ын даргын хувьд хамгийн хариуцлагатай цаг үе эхэллээ. Хүлээн зөвшөөрсөн ч, эс зөвшөөрсөн ч У.Хүрэлсүх МАН-ыг талцуулан хуваасан. Зөв ч бай, буруу ч бай, амласандаа хүрч М.Энхболдыг УИХ-ын даргаас огцрууллаа. Тэр чадлаа. Харин түүний чадах ёстой ажлын жагсаалт яг одоо эхэлж байна. Юуны өмнө “ЖДҮчин гишүүдээ Засгийн газрын танхимаасаа хөөж, УИХ-ын чуулганы танхимаас зайлуулж кнопны наймаачдаас парламентыг цэвэрлэх ёстой. Энд араа шүдээ хавирч архирч сүржигнэх, “Намайг алах гээд байна, амиа өгсөн ч яахав” гэж айлгаж ичээх аль ч арга нэмэр болохгүй.

Цаашилбал, дараагийн УИХ-ын дарга нь МАН-ын даргад таалагдах албагүйг хатуу сануулъя. Танай намын ажил, танай намын дүрэм Ардчилсан парламент, Үндсэн хуультай Төрт ёсны хажууд дэндүү жижиг билээ. “ЖДҮчид”-тэйгээ хариуцлага тооцож чадах уу, “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайд хэн нь хулгайч луйварчин бэ, эцсийн бүлэгтээ “ШХАБ-д элсэх үү”, эдийн засгаа хэрхэн элгээр нь хэвтүүлэлгүй аварч үлдэх вэ энэ бүхэнд хэрхэн хандахаас У.Хүрэлсүхийн Засгийн газрын насжилт хамаарна. Энэ бол нийгмийн захиалга. Хууль хяналтын байгууллага, АТГ, Прокурорын байгууллагаас Засгийн газар, УИХ-ын хэдэн гишүүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгахыг хүсэв, тэр эрхийг олгохыг нийгэм шаардаж байна. Бодит үнэнтэй нүүр тулгарч, өчигдөр, өнөөдөр, маргаашийн ашиг хонжоо, өгөө авааг мартаж ЖДҮХС-аас зээл авч, өөр зориулалтаар зарцуулсан гишүүдээсээ ангижир. Та өнөөдөр М.Энхболдыг “ялсан” ч, энэ бол МАН-ын дарга У.Хүрэлсүхийн ялалт биш, МАН-ын эв нэгдэл, төрийн ёс жудгийг дээдэлсэн М.Энхболдын ялалт байсныг ухаарч “борвин дахь баасаа арилгаад” улам сайн ажиллах ташуур боллоо. Монгол төрийн, Засгийн газрын, МАН-ын хаалгыг цэлийтэл нээгээд хэрэгт холбогдсон гишүүдээ хөөж гаргахыг иргэд, сонгогчид цаг үргэлж нэхэх болно. Нийгмийн хүлээлт: Одоо “ЖДҮчид”-ийг шүүе!!! Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы индрээс Ерөнхий сайд У. Хүрэлсүх УИХ-ын даргыг ажлаа өгөхийг намын даргын хувиар шаардсан. Магадгүй хийсэн ажлынхаа тайланд үүнийгээ “гавьяа” болгон дурдаж мэднэ. Тийм бол УИХ-ын даргыг огцруулсан Ерөнхий сайд, МАН-ын даргын түүх үүгээр төгсөг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж