Хууль зөрчигчдийг чөлөөлөхгүй бол Б.Мөнхбат огцорно

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

Хууль зөрчигчдийг чөлөөлөхгүй бол Б.Мөнхбат огцорно

Хууль зөрчигчдийг чөлөөлөхгүй бол Б.Мөнхбат огцорно

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат хоёр орлогч даргаа ажлаас чөлөөлөхгүй бол албан тушаалаасаа огцорч мэдэх нь ээ.

Учир нь Авлигатай тэмцэх газраас хийсэн хяналт шалгалтаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нар 2016, 2017 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн нь илэрчээ.

Тодруулбал, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл нь

Өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх 1001.9 ам метр талбайтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд 100.3 сая төгрөгийн үнэлгээтэйгээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг мэдүүлгийн “Орон сууц, барилга байгууламж” хэсэгт мэдүүлээгүй.

Гэр бүлийн гишүүний өмчлөлд бүртгэлтэй, 5.5 сая төгрөгийн үнэ бүхий “Toyota harrier” маркийн автомашиныг мэдүүлгийн “Тээврийн хэрэгсэл” хэсэгт мэдүүлээгүй.

2017 онд бусдад автомашин худалдсан 22 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгө борлуулсны орлого” хэсэгт мэдүүлээгүй.

Гэр бүлийн гишүүний Улаанбаатар хотын банкин дахь хадгаламжийн дансны үлдэгдлийг мэдүүлгийн “Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл” хэсэгт тус тус мэдүүлээгүй нь тогтоогдсон байна.

Мөн мэдүүлэг гаргагч Ш.Алтангэрэл нь өөрийн үүсгэн байгуулж, 100 хувь эзэмшдэг “Дөлгөөн барс” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг бусдад шилжүүлсэн боловч тус компанийн орлого, зарлагын гүйлгээг өөрийн хувийн дансаар өдөр тутамд гүйцэтгэж байгаа нь аж ахуйн нэгжийн гүйцэтгэх удирдлагыг бусдад хэлбэрийн төдий шилжүүлсэн байна.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нь

Өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлсэн нийт 36 сая төгрөгийн орлогоос 24 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгийн орлого” хэсэгт мэдүүлээгүй.

Өөрийн өмчлөлийн Lexus RX 350 маркийн автомашиныг худалдсан 15 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн "Хөрөнгө борлуулсны орлого" хэсэгт мэдүүлээгүй.

Төрийн банк дахь дансаар хүлээн авсан 20 сая төгрөгийн цалингийн зээлийг мэдүүлгийн "Зээл" хэсэгт тус тус мэдүүлээгүй байна.

Мэдүүлгийн “Үйл ажиллагааны орлого” хэсэгт 50 сая төгрөгийн орлогыг үндэслэлгүйгээр илүү мэдүүлсэн нь тогтоогдсон.

Түүнчлэн мэдүүлэг гаргагч А.Хаянхярваа нь "Солид контентс", "Аква Монгол" ХХК-иудын захирлаар бүртгэлтэй байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг зөрчсөн зөрчлийн шинжийг агуулсан байна. Иймээс АТГ дээрх хоёр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх албан бичгийг  Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатад 2018 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хүргүүлжээ. Гэвч тэрбээр хоёр орлогчийнхоо цалинг нь гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах шийтгэл ногдуулсан байна. Нэг ёсны хариуцлага тооцох арга хэмжээг сулруулсан гэж хэлж болно.  Учир нь Авлигын эсрэг хуульд зааснаар дээрх тохиолдолд ажлаас халах хүртэл арга хэмжээ авах ёстой аж.

Иймээс АТГ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч  Ж.Батбаясгаланд албан бичиг хүргүүлж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн албан бичгийн хэрэгжилтийг хангахад анхаарахыг хүсчээ.

Нэг үгээр хэлбэл, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат хууль зөрчсөн хоёр орлогчоо чөлөөлөхгүй бол өөрөө албан тушаалаасаа огцрох үндэслэл болох юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж