Монгол Улс авлигын индексээр арван байраар урагшилжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

Монгол Улс авлигын индексээр арван байраар урагшилжээ

Монгол Улс авлигын индексээр арван байраар урагшилжээ

“Трансперенси Интернейшнл” Монгол байгууллагаас 2018 оны Авлигын индексийг танилцууллаа. Дэлхий нийтээр авлигатай тэмцсээр байгаа хэдий ч  ихэнх улс орнуудын хэт удаан байгааг судалгаанд  дурджээ. Судалгаанаас харахад авлигатай тэмцэх үйл ажиллагаанд дийлэнх орнуудад сүүлийн  зургаан жилд ахиц дэвшил гараагүй гэв. Тодруулбал, авлигад өртсөн байдлыг 180 улсын түвшнийг жагсаан 100 хүртэлх оноогоор дүгнэдэг бөгөөд “100” оноо авбал авлигагүй гэж үздэг бол "0" оноо авбал өндөр авлигатай орны тоонд ордог байна.

Монгол Улсын хувьд авлигын индекс 2015 онд 39 оноотой 72 дугаар байр,  2016 онд 38 оноотой 87, 2017 онд 36 оноотой 103 дугаарт жагссан бол 2018 онд 37 оноо авч 93 дугаарт эрэмбэлэгджээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 2018 онд 37 оноо авч, өмнөх оныхоос арван байраар урагшилсан гэсэн үг.

Судалгаанд оролцсон 180 орнуудын гуравны хоёр нь  50-иас доош дунджаар 43 оноо авчээ. Энэ нь маш хангалтгүй үр дүн бөгөөд цөөн орныг эс тооцвол ихэнх улс орон авлигын эсрэг дэвшил гаргаагүй байна гэж судлаачид үзсэн байна. Тухайлбал, 2012 оноос хойш зөвхөн 20 орон авлигын индексээ сайжруулж чадсан бөгөөд оноо нь багассан 16 оронд Австрали, Чили, Мальта, Унгар, Турк зэрэг орнууд багтжээ. Энэ жилийн судалгаанаас харахад авлигын түвшин болон эрүүл Ардчиллын хооронд шууд уялдаа хамаарал байна гэж судлаачид үзэж буй. Харин авлига ихтэй орнуудад ардчиллын институцууд сул, улс төрийн эрх чөлөө бага гэж үзжээ.

АВЛИГА ӨНДӨРТЭЙ ОРНУУД УЛС, ТӨРИЙН СӨРӨГ ХҮЧИНДЭЭ ХАЛТАЙ

“Трансперенси Интернейшнл”байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл “Жинхэнэ ардчилалтай орнууд дунджаар 75 оноо авсан бол гажуудсан ардчилалтай орнууд 49, хагас ардчилалтай орнууд 35, дарангуйллын дэглэмтэй орнууд дунджаар 30 оноо авсан. Эдгээр улс нь дарангуйллын дэглэмээс ардчилал руу шилжиж буй орнууд. Гажуудсан ба хагас ардчилалтай орнуудын авлигын индекс сайжрах хүлээлттэй байсан боловч дэвшил гарсангүй. Эндээс харахад дарангуйллын дэглэмээс ардчилал руу шилжиж буй орнуудын авлигатай тэмцэх үр дүнтэй механизм байхгүй, ардчиллын институцууд, шүүх засаглал, прокурор, аудит нь сул зэрэг бэрхшээл байна. Авлига өндөртэй орнууд улс, төрийн сөрөг хүчиндээ халтай, эрсдэлтэй байдлыг бий болгодог” гэв.

АВЛИГЫН ГЭМТ ХЭРГҮҮДИЙГ ШИЙДЭХГҮЙ БАЙНА

Эдийн засагч, The Defacto Institute”-ийн үүсгэн байгуулагч Д.Жаргалсайхан  “Төрийн яамдыг Засгийн газар сайдууддаа тохируулж өөрчилдөг. Энэ бүхэн ерөөсөө өөрчлөгдөхгүй байна. Жишээлбэл, Авлигатай тэмцэх газраас /АТГ/ өнгөрсөн онд 220-иод хэргүүдийг шүүхэд  шилжүүлэхээр прокурорт хандсан. Үүнээс зөвхөн 81 хэрэг шийдвэрлэгдсэн байна.  Үүнийг шийдэхгүйгээр бид авлигатай тэмцэж чадахгүй" гэж байлаа.

Авлигын томоохон хэргүүдийн шийдвэрлэлт удааширч, ял шийтгэлгүй өнгөрөх, авлигын улмаас улсад учирсан хохирол эргэн төлөгдөхгүй байгаа нь нийгэмд авлигын эсрэг тэмцэлд иргэдийн итгэл сулрахад нөлөөлөхөд хүрчээ. Улс төрийн намуудын санхүүжилт ил тод бус хууль сул байгаа нь авлигын нэг гол шалтгаан болж байна. Түүнчлэн төсвийн зарцуулалтад хариуцлага ба ил тод, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх нь нэн чухал юм. Төрийн албан хаагчдыг ур чадварт суурилан томилж, улс төрийн томилгоо, нөлөөллийг таслан зогсоох хэрэгтэй гэдгийг тус арга хэмжээ дээр ирсэн хүмүүс хэлж байлаа. Мөн АТГ-ын байр суурийг ганхуулж, хууль зүйн орчныг сулруулахыг оролдох явдал ажиглагдах болсон ба харин ч эсрэгээр нь Авлигатай тэмцэх байгууллагыг бэхжүүлж Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улам эрчимжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв. Дэлхийн Шударга байдлын төслийн үнэлгээнд дурдсанаар шүүгч, прокуроруудын хараат бус байдлыг бэхжүүлэх шаардлагатайг онцлов.

“ ТУРК УЛС "ХАГАС ЭРХ ЧӨЛӨӨТ”-ӨӨС, “ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ” АНГИЛАЛД ШИЛЖИВ

Ахицтай явсан ардчиллын түвшнээсээ ухарсан орнуудын тоонд Турк, Унгар, АНУ оржээ. Турк улсын хувьд энэ жил 41 оноо авсан нь 2013 оноос хойш есөн оноо буурахад хүрчээ. Дэлхийн эрх чөлөөний индексээр Турк улсын ардчиллыг “хагас эрх чөлөөт”-өөс, “эрх чөлөөгүй” ангилалд шилжүүлжээ. Туркийн Ерөнхийлөгч нь эрх мэдлээ нэмэгдүүлснээр хяналт, тэнцвэрийн тогтолцоо алдагдаж, ардчиллын институцууд суларч, хэвлэл мэдээлэл хараат болж, чөлөөт сонгууль ба улс төрийн эрхийг хязгаарлаж, үзэл бодлоо илэрхийлэх, авлигын эсрэг жагсан цуглах эрхийг хязгаарласан. Энэ жишээ нь сул ардчилалтай оронд эрх мэдэлтнүүд албан тушаалтайгаа зууралдаж, ардчиллыг сулруулан ял шийтгэлээс зугтах замыг сонгоход нөлөөлдөг байна. Тэд албан тушаалтайгаа үлдэхийн тулд улс төрийн өрсөлдөгчөө зайлуулах эсхүл албан тушаал эрх мэдэл өгөх замаар өрсөлдөгчөө өөрийн талд оруулдаг аж.

 

 

 УНГАР УЛСАД ХУУЛИЙН  ЗАСАГЛАЛ СУЛАРЧ, ИРГЭНИЙ НИЙГЭМ БОЛОН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ БУУРЧЭЭ

Унгар улс 2014 оноо хойш найман оноо буурч 54-өөс 46 оноо авчээ. 1989 онд коммунист дэглэмээс салснаас хойш тус улсын төрийн эрх чөлөөний оноо хамгийн бага болсон гэж судлаачид үздэг байна.  Тухайлбал, 2010 оноос Унгарын Ерөнхий сайд  Виктор Орбан намын нөхрөө улсын прокуророор томилсон. Үндсэн хуулийн шүүхийг дэмжигчдээрээ бүрдүүлж,  Авлигын эсрэг шүүх байгуулсан  ч шүүгчдээр нь  зөвхөн Засгийн газрын хараат шүүгчдийг томилсон зэрэг баримтууд байдаг байна. Сүүлийн жилүүдэд олон оронд популист удирдагчид эрх мэдлийг авч ардчиллын институцууд суларч ардчиллын эсрэг ил тод алхмуудыг хийх болсон. Унгар болон Турк улсын оноо буурсан нь хуулийн  засаглал суларч, иргэний нийгэм болон хэвлэлийн эрх чөлөө буурсны тод илрэл юм гэж судалгаанд өгүүлжээ.

АНУ ТОП 20 УЛСЫН ЭГНЭЭНЭЭС ХАСАГДЛАА

АНУ авлигын судалгааг оноогоороо тэргүүлдэг топ 20 улсын эгнээнд багтсаар иржээ. Харин энэ жилийн тухайд 71 оноо авсан нь сүүлийн долоон жилийн хамгийн бага оноо бөгөөд тэргүүлэх 20 орны тооноос хасагджээ. АНУ-ын оноо буурсан нь мөн л дээрх хоёр улстай адил хяналт ба тэнцвэрийн тогтолцоо муудаж,  улс төрийн  түвшинд ёс зүйн хямралд орсон байна. Мөн АНУ-ын Засгийн  газар түр зогсолт хийж, улс төрийн болон нийгмийн туйлшрал явагдаж, иргэд Засгийн газартаа итгэх итгэл суларч байгаа нь тус орны оноо буурахад  нөлөөлжээ.

Дэлхийн өөрчлөлтийн Тони Блэйр институцуудын тайланд дурдсанаар “Популист удирдагчид ардчиллын институцуудийг сулруулж, хяналт ба тэнцвэрийг алдагдуулан хувь хүний  эрх чөлөөнд халддагийг онцолжээ.  Зарим орнуудад өндөр түвшний авлигын  хэргүүд нь ардчиллын институцуудад итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж түүн дээр дөрөөлөн популист удирдагчдыг гаргаж ирсэн байдаг байна.

 

 

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж