М.Энхболд: Монголын төрд захиран дарангуйлах, өөрийн хүслээр бүхнийг жолоодох ёс жаяг тогтчих вий гэдэгт санаа зовж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

М.Энхболд: Монголын төрд захиран дарангуйлах, өөрийн хүслээр бүхнийг жолоодох ёс жаяг тогтчих вий гэдэгт санаа зовж байна

М.Энхболд: Монголын төрд захиран дарангуйлах, өөрийн хүслээр бүхнийг жолоодох ёс жаяг тогтчих вий гэдэгт санаа зовж байна

УИХ-ын гишүүн М.Энхболдын “М.Энхболдыг Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсны дараа хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэе.


“УИХ-ын эрхэм гишүүд ээ.

2016 онд болсон Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр хуулийн дагуу төрийн  хууль тогтоох дээд байгууллагыг удирдах Улсын Их Хурлын даргын албан тушаалд би хуулийн дагуу томилогдож байсан. Өнөөдөр нэг хүнд, нэг үйл явдалд зориулан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан хэрэгжүүлж байгаа нь парламентын дархлааг сулруулсан гэж олон нийт шүүмжлэлтэй талаас нь хандаж байгаа ч Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу хуулийн энэ нэмэлт, өөрчлөлтийг баталж, энэ дагуу өнөөдөр би үүрэгт албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна. Энэ явдал хэзээнээс эхэлсэн, хэн юу ярьсан, хэн хэн гарын үсэг зурсан, ямар хугацаанд үргэлжилсэн гээд энэ бүх үйл явдал, өнгөрсөн хугацаанд болсон бүхэн Монголын хууль тогтоох байгууллагын түүх болон үлдэж байна. Дахин энэ хуулийн зүйл, заалтаар Улсын Их Хурлын хэн нэгэн удирдлагыг өөрчлөх, солих үйл явдал дахин бүү давтагдаасай гэж хүсэх байна. Би албан тушаалтай зууралдаагүй. Үүнээс өмнө ч гэсэн төрийн, намын албан тушаалуудыг би хашиж, өгч явсан хүн. Энэ удаа би асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэдэг зарчмын байр суурийг баримталсан. Өргөдлөө өөрөө өгөхөд ч бодит шалтгаан, үндэслэл байх ёстой. Надад ийм зүйл байгаагүй учраас өргөдлөө өгөх боломж байгаагүй. Би хуулийн дагуу энэ асуудлыг шийдэх ёстой гэдгийг ярьж, хэлж, энэ асуудлыг шийдэхэд гишүүд ухаалгаар хандаж ийм гарц гаргалгаа бий болгосон явдал бол өнөөдрийн төрд үүссэн гацааг гаргах боломж бүрдүүлсэн байж болох талтай. Гэхдээ ийм зүйл бүү давтагдаасай.

Миний хувьд, удирдаж байсан Улсын Их Хурлын үйл ажиллагааг сүүлийн хоёр сарыг эс тооцвол сайн ажиллаж байсан гэж дүгнэнэ. Хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн тоо, хуралдааны ирц бүрдүүлсэн байдал өмнөх парламентуудаас илүү ажил хэрэгч байсан. Эдийн засгийн уналтад орсон үед бид ажлаа эхэлж байсан. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг бид хамтдаа баталсан. Банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг цэгцлэх, журамлах хууль эрх зүйн орчныг бид хамтдаа бүрдүүлсэн. Эдгээр шийдвэрт суурилан өнөөдрийн эдийн засгийн өсөлт нааштай, дэвшил гарсан юм шүү. Бид төрийн албыг шинэчлэхээр хуулийг шинэчлэн баталж, дагаж мөрдөх олон журмыг хэлэлцэж байгаа. Энэ бол цаашдаа Монголын төр тогтвортой байх, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлсэн, дадлага туршлагатай хүмүүс төрд дэвшиж ажилладаг эрэмбэ дарааг тогтоосон чухал хууль байсан юм. Хэдийгээр өнөөдөр шийдвэр хууль нь гарсан ч гэсэн хэрэгжиж бүрэн чадахгүй байгаа нийгмийн шинж чанартай олон асуудалд бид эцсийн шийдийг тавьж Улсын Их Хурлын хууль, тогтоолыг баталсан юм. Улс орны өмнө тулгамдаж байгаа иргэдийн бухимдаж байгаа олон асуудалд парламент анхаарал тавьж ажиллаж байсан. Засгийн газар хэрэгжүүлэх ёстой, хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь бүрэн дүүрэн хийж чадахгүй байсан учраас Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааны асуудлаас эхлээд Оюу толгой ордын газрыг ашиглаж байгаа нөхцөл байдал, Тавантолгойн ордыг ашиглалт, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49, 51 хувийн асуудлаар парламент олон ажлын хэсэг байгуулсан. Эдгээр ажлын хэсэг ажлынхаа үр дүнг олон нийтэд удахгүй тайлагнана гэдэг эргэлзэхгүй байна.

Гадаа жагсаж байгаа иргэд, олон түмнийг би ойлгож байгаа. Тэдэнд би хүндэтгэлтэй хандаж байгаа. Иргэдийн амьдрах нөхцөл нь амаргүй байгаа. Жагсаалд нэгдэж буй иргэдийн ярьж байгаа, шүүмжилж байгаа зүйлүүдийг би ойлгож байгаа. Гэхдээ би өнөөдөр, энд жагсаал цуглаан зохион байгуулсан зарим нэг залуу улс төрчдөдөө хандаж нэг, хоёр зүйл хэлэх нь зөв гэж бодож байна. Хорь гаруй жилийн хугацаанд болсон бүх буруу муу муухайг нэг хүнд тохож, нэг хүнд хаяглаж болдог юм байна гэдгийг Та бүхэн үзүүллээ. Улсын Их Хурлын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн энэ цаг мөчөөс эхлээд намайг харлуулж, борлуулах гэж Та бүгдийн ярьж хэлж байсан шударга ёс тогтоно, нийгмийн хүлээгдэж байгаа олон асуудлыг шийднэ, улс оронд гэрэл гэгээтэй ирээдүй бий болно, улс орны хөгжилд эрс өөрчлөлт гарна, амьдрал сайжирна, уул уурхайн салбарын өгөөж нэмэгдэнэ гэх мэт зүйлүүдийг иргэд олон түмэн Та бүхнээс хүсэн хүлээх нь лавтай. Та бүхний даалгавар болон үлдэж байгаа гэдгийг санах хэрэгтэй шүү. Энэ ярьсан хэлсэн зүйлээ ажил болгож,  өнгөрсөн хоёр сарын хугацаанд хэлж, амалж байсан ажлынхаа үр дүнг үзүүлж гэмээнэ Та бүхний залуу улс төрч гэдэг нэр хүнд жинхэнэ ёсоороо өсөх ёстой юм шүү.

Хэн нэгнийг алдаршуулж, ар түмний хайртай хүү болгох, хэн нэгнийг өнөөдрийн нийгэмд бий болоод байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг бүгдийг нь шийднэ гэдэг ийм дүр зураг үзүүлэхэд намайг харлуулах, намайг муучлах шаардлага байсан байж магадгүй. Нөгөөтэйгүүр, миний хийсэн бүтээсэн амжилтыг дахин давтаж чадахгүй, илүү давуулж чадахгүй нь ойлгомжтой болохоор амжилт бий болгосон хүнийг нь харлуулах нь зөв гэж бодсон байх аа. Над руу “хар будаг” их цацсан. Би тэр их “хар будаг”-ийг цагийн эрхэнд, нар салхины аясаар арилна гэдэгт эргэлзэхгүй байгаа. Үнэн, зөв бодол санаа, миний төрд зүтгэсэн ажил амьдралын байдал, хийсэн бүтээсэн зүйлсэд алдаа оноо бий байх.  Гэхдээ хийсэн, бүтээсэн зүйлсийг маань ард түмэн үнэн зөвөөр нь ойлгох цаг үе удахгүй ирнэ. Энэ бүх гүжирдлэг, гүтгэлгийг даваад гарч чадна. Надад эцэг, эхээс олгосон хүмүүжил бий. Энэ төрд зүтгэж, сурсан тэвчээр хатуужил бас байна. Харин гэр бүлийг минь оролцуулан жагсаал цуглаанд дурдаж, шаардах хуудас өгөх зэргээр Монголын улс төрийн амьдралын сүүлийн 30 жилд байгаагүй үйлдэл гаргасанд харамсаж байна. Би ямар хүмүүстэй энэ танхимд сууж байв даа гэж бодогдох үе ч надад байдаг. Би тэдний өмнөөс гэр бүлээсээ, үр хүүхдүүдээсээ заримдаа уучлалт гуйх юмсан гэж бодогдож байсан үе ч байсан шүү.

Монголын төрд захирах, тулгах, дарангуйлах, өөрийн хүслээр бүгдийг жолоодох гэсэн ёс жаяг тогтчих вий гэж санаа их зовж байна. Энэ үгийг би хариуцлагатайгаар парламентын танхимд хэлж байна. Өнгөрсөн хугацаанд надад хаягласан асуудлуудын талаар товч нэг хоёр зүйлийг хэлэх нь зөв байх гэж бодож байна, МАНАН-гийн тухай. Би МАНАН-г дэмжигч биш. Би үүнийг дэмжигч, хамгаалагч, өмгөөлөгч байгаагүй шүү. Харин би МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж явсан түүхтэй. МАНАН-гүй Засгийн газрыг байгуулж явсан намтартай хүн шүү. Харамсалтай нь жинхэнэ МАНАН-гийн Засгийн газарт ажиллаж явсан нөхөр Л.Болд жагсаал цуглаан удирдаад явна. Та бүхний хууль батлагдсан өдөр яаран 39-үүлээ гарын үсгээ зурж, тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн нэгдүгээр сарын 25 гэдэг өдөр 13 жилийн өмнө яг энэ өдөр би Ц.Элбэгдоржийн толгойлсон МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, “Үндэсний эв нэгдэл” гэсэн тодотголтой Засгийн газрыг байгуулж, тэр Засгийн газартаа өнөөдрийн Шадар сайд Ө.Энхтүвшинг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар, өнөөдрийн Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг Гадаад харилцааны сайдаар нэрийг нь дэвшүүлж байсан юм. Харамсалтай нь тэд МАНАН-гүй Засгийн газарт орж ажиллан, 13 жилийн дараа МАНАН-гийн толгойлогчоор намайг тохоож, надаас салах гэж гарын үсэг зурсанд харамсаж байна. Намайг энэ танхимд Улсын Их Хурлын даргад нэр дэвшиж байхад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Тусгаар тогтнолын ордонд нэр дэвшиж байхад МАНАН байж л байсан. Тэр үед МАНАН-гийн тухай “Та МАНАН-гийн толгойлогч” гэж надад хэлж байсан хүн байгаагүй шүү. Цаг хугацаа, хүмүүсийн араншин ийм л амархан өөрчлөгдөж байна.

“Шударга бусын хонгилын түлхүүр хэнд байна вэ” гэдэг асуудлыг сүүлийн хоёр сарын турш ярилаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэн “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас зарласан сонгон шалгаруулалтад оролцсон. Оролцоогүй бол “шударга бусын хонгил” гэдэг энэ үг гарахгүй байх байсан юм. “Шударга бусын хонгил” гэдэг энэ үгийг бий болгож гаргасан хүн нь өнөөдөр өөрөө Төрийн ордонд Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Дорлигжавын талаар “Чи хоёр гурван зүйлийг ярьж, хэлж буруутгаач” гэж Улсын Их Хурлын гишүүдэд ятгаж, шахаж, шаардаж яваа юм. Тэгэхээр “Шударга бусын хонгил” гэдэг зүйл өнөөдөр шударга бус зүйлийг хийсэн хүмүүсийн халхавч, хоргодох байр нь болж байсан гэж үзэж байна.

Уул уурхайн салбарын талаар олон зүйлийг ярьж байгаа. Түрүүн би асуултад хариулсан. Оюутолгойн орд газрыг ашиглах талаар Монголд хамгийн ашигтай гэрээ хэлцлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байсан. Үүнийг худлаа гэвэл өнөөдрийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас асуугаарай. Тавантолгойн орд газрыг Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ашиглах гэж Улсын Их Хурлаас үл хамааран шууд гэрээ хэлцэл байгуулах гэж байсан явдлыг би Улсын Их Хурлын удирдлагуудын хамтаар таслан зогсоож байсан. Стратегийн орд газрын талаарх хууль эрх зүйн зохицуулалтыг санаачилж, Улсын Их Хурал хуульчлан баталсан нь өнөөдөр хэрэгжиж байгаа. 49 орд газрыг төр улсынхаа мэдэлд авъя гэхэд харамсалтай нь тухайн үеийн парламент ердөө 15 орд газрыг төрийн мэдэлд үлдээхээр шийдвэрлэсэн юм. Уул уурхайн салбарт би “Эрдэнэс МЖЛ” компанийг байгуулсан. Энд, тэнд дэл сул яваа лицензүүдийг төрийн мэдлийн энэ компанид цуглуулж, төрийн нэрийн өмнөөс гадаадын хөрөнгө оруулагчидтай хамгийн сүүлийн үеийн технологиор, хамгийн сүүлийн үеийн үр дүнтэй аргаар уул уурхайг өгөөжтэй ашиглах боломж бололцоог бүрдүүлсэн гэрээ хэлцлийг хийх зорилгоор энэ компанийг анх санаачилж байгуулсан.  Би Ерөнхий сайдаар ажиллахдаа эмх замбараагүй олгогдсон байсан уул уурхайн салбарын 7200 лицензийг 3600 болгож цэгцэлсэн. Надад өнөөдөр уул уурхайн салбарт нэг ширхэг ч лиценз байхгүй гэдгийг энд хэлье. Цаашдаа ч уул уурхайн салбарыг шударгаар улс оронд ашигтай, ард түмэнд үр дүнтэй  байдлаар ашиглах, олборлох талаар нь ярьж хэлж, зүтгэсээр байх болно.

“60 тэрбумын” хэрэг гэж хоёр жил гаруй ярилаа. Энд хуулийн хяналтын байгууллага дүнгээ тавьсан. Одоо ч шалгаж байна. Цаашдаа би энэ асуудлыг ургийн модоо зурж, хэн, хаана, ямар албан тушаалд томилогдож байсныгаа ил тод ярих нь зүйтэй гэж бодож байгаа. Энэ шаардлагыг би ил тод ярьж, хэлсээр байх болно. Эдгээр миний нэрээр нэрлэгдэж, удирдагч нь би болж явсан асуудлуудтай холбогдуулан зарим нэг хүмүүсийг нэр төр гутаасан хэргээр шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргаж, өгсөн. Хууль, шүүхийн байгууллага үнэн зөвийг удахгүй хэлэх цаг болох байх гэж бодож байна.

Энэ танхимд сууж байгаа 64 хүнийг би өөрөө гарын үсэг зурж, Улсын Их Хуралд нэрийг нь дэвшүүлж байсан. 64 хүн гэдэг энэ Улсын Их Хурлын дийлэнх олонх юм. Тийм учраас би энэ Улсын Их Хурлын цаашдын үйл ажиллагаанд санаа зовниж, хэдэн үг хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт, Та бидний байгуулсан Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацааг ном ёсоороо дуусгаасай гэж хүсэж байна. Хоёрдугаарт, энэ Улсын Их Хурал хууль зөрчсөн, хуульд үл нийцсэн ямар нэгэн асуудлыг авч хэлэлцдэггүй байгаасай гэж хүсэж байна. Гуравдугаарт, хүчин төгөлдөр болсон хуулийг өдөрт нь ашиглаж, шуурхай ажиллаж байгаа шиг ард түмний өмнө тулгараад байгаа, нийгмийн өмнө шийдлээ хүлээж байгаа асуудлуудад манай Улсын Их Хурал шуурхай хандаасай. Асуудлыг зөв зүйтэй шийдээсэй гэж бодож байна. Дөрөвдүгээрт, парламентат ёс, парламентын энэ тогтолцоогоо улам бүр боловсронгуй болгосон, батжуулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үлдсэн хугацаандаа амжиж хийгээсэй гэж хүсэж байгаа. Энэ бол 2016 онд бидэнд ард түмэн итгэл найдвар хүлээлгэсэн хүлээлтийн нэг том хүлээлт нь шүү.  Мөн энэ Улсын Их Хурал Улстөрийн намын тухай хууль, Улстөрийн намын санхүүжилтийн тухай хууль, Сонгуулийн тухай хуулиудыг өөрчилж, шинэчилж, өнөө цагийн шаардлагыг хангасан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэгтэй. Энэ Улсын Их Хурал Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн, бид эхлүүлсэн. Энэ хуулиа эцэслэн баталж, дэмжлэг, санхүүжилт нь жинхэнэ эзэндээ очдог, гаргасан алдааг цаашид дахин гаргахгүй байх нөхцөл бололцоог бүрдүүлээсэй гэж хүсэж байна. Тавдугаарт, парламентат ёсны алтан зарчим бол ухаанаа уралдуулж, мэтгэлцэж асуудлыг шийдэх явдал юм. Энэ танхимд тулгалт, шахалт биш парламентын энэхүү алтан зарчимд тулгуурласан, ард түмнээс мандат авсан Улсын Их Хурлын гишүүд төрийнхөө эрх барих төлөөллийн энэ эрхээ шахалт дарамтгүйгээр хэрэгжүүлдэг, цөөнхөө хүндэтгэдэг, олонхийн гаргасан санал шийдвэрийг дагаж мөрдөн хэрэгжүүлдэг байгаасай гэж хүсэж байна. Энэ үгийг би зөвхөн парламент ч биш өөрийнхөө нам болон намынхаа бүлгийн хүрээнд хамруулж хэллээ. Зургаадугаарт, болоод өнгөрсөн сонгуулийн эрх мэдлийг булаацалдаж, талцаж хуваагдаж хэрэлдэх биш, харин болох гэж байгаа сонгуулийнхаа амжилтыг бодож, амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, биелүүлэхийн төлөө эвлэж, нийлж, эвсэж ажиллаасай гэж хүсэж байна.

Өнгөрсөн хугацаанд намайг дэмжиж, надтай хамт байсан Улсын Их Хурлын олон гишүүн бий. Надад бас утсаар, мэссэжээр дэмжиж байгаагаа илэрхийлсэн иргэд, олон түмний төлөөлөл ч байгаа.  Улсын Их Хурлын хэмжээнд болж байгаа үйл явдлыг үнэ бодитоор нь олон түмэнд хүргэж байсан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид ч бас байгаа. Намайг Улсын Их Хурлын даргаар ажиллах хугацаанд энэ Улсын Их Хурлын ар тал болж ажилласан Тамгын газрын хамт олон ч бас байна. Та бүгдэд би чинь сэтгэлээсээ талархал илэрхийлж, цаашдынх нь ажилд нь сайн сайхныг хүсэн ерөөе. Төгсгөлд нь “Төр их бат, ёс их хүнд” гэж буурлуудын захиасаар үгээ өндөрлөе. Ёс их хүнд гэдэг нь хүнд суртлыг хэлээгүй юм. Ёсоо дагаж, ёс жаягаа дагаж төр улсын ажлыг хийж, гүйцэлдүүлж яваарай гэсэн буурлуудын маань захиас үг юм шүү.

Ийнхүү үг хэлснийхээ дараа нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд Монгол Улсын Их Хурлын тамгыг Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгаланд гардуулж өгөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж