Дархан-Уул аймгийн Прокурорын газраас санаачлан тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газартай хамтран 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр “Тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан хүн, ялтанд хяналт тавих зарим асуудал” сэдэвт ажил хэргийн уулзалтыг зохион байгууллалаа. Энэ удаагийн хамтарсан уулзалтаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Улаанаа “Тэнсэгдсэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд тавих хяналтыг хэрэгжүүлэхэд хууль сахиулах байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах эрх зүйн зохицуулалтын талаар”, Шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Отгончимэг “Тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан хүн, ялтанд хяналт тавих эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар”, Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, дэд хурандаа Н.Батхишиг “Тэнссэн, хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоогдсон ялтанд тавих талаар” тус тус мэдээлэл хийж, шийдвэр гүйцэтгэгч, сум, багийн Засаг даргын дэргэд ажиллаж буй цагдаагийн хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нарын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах талаар харилцан асуулт тавьж, хариулт авч, 2019 онд Улсын ерөнхий прокурорын газраас дэвшүүлсэн зорилт, үүрэг чиглэлийг ханган ажиллах, Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулийг нэг мөр ойлгон хэрэгжүүлэх талаар зохих үүрэг чиглэл өгч, үр дүнг дараагийн уулзалтаар дүгнэхээр шийдвэрлэлээ. Дархан-Уул аймгийн прокурорын газраас мэдээлэв.