Гахайн мялзан өвчний тохиолдол Бельгид бүртгэгдсэнээс үүдэн Дани улс өмнөд хил дээрээ 70 км урт төмөр хашаа барьж, бодон гахайн нүүдлээс сэргийлэх ажлыг эхлүүлжээ.
Данийн гахайн махны зах зээл нь маш том бөгөөд хэрвээ мялзан өвчин гарвал тус улс 1.7 тэрбум ам.долларын хохирол амсах тооцоог гаргасан байна. Гэхдээ өмнөд хил дээр төмөр хашаа барих ажилд нийт 12 сая ам.долларыг зарцуулах төлөвтэй байгааг шүүмжлэх хүмүүс цөөнгүй байгаа юм.
Африкийн гахайн мялзан өвчин нь хүнд ямар нэгэн гэм хоргүй ч тэжээвэр болон бодон гахайгаар дамжин халдварласнаар эдийн засагт асар их хор хохиролтой. Тус өвчний эсрэг эмчилгээ, вакцин байдаггүй бөгөөд мялзангаар өвчилсөн гахай нь хэдхэн өдрийн дотор үхдэг байна. Одоогоор мялзан өвчин илэрсэн гахайн аж ахуйг бүрэн устгаж, ариутгал хийхээс өөр арга байдаггүй. Тухайлбал, 2014 онд Литва улсын 20 мянга гаруй гахайтай аж ахуйд мялзан илэрснээр бүгдийг нь устгасан аж.
Дани улс нь жилд 28 сая орчим гахай нядалж, мах бэлтгэдэг байна.
Бодон гахайн нүүдлээс сэргийлсэн 1.5 метрийн өндөртэй тус хашаа нь энэ оны эцсээр баригдаж дуусах юм. Хашаа нь бодон гахайг хилээр оруулахаас хамгаалах ч бусад зэрлэг амьтад сөрөг нөлөө үзүүлж болохыг байгаль хамгаалагчид анхааруулж байна.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ