ОХУ-ын нэрт теннисчин Мария Шарапова Австралийн нээлттэй тэмцээнийг дөрөвдүгээр тойргоос өндөрлүүлсэн. Тэгвэл дэлхийн тэргүүн теннисчин болж явсан Шарапоав Санкт-Петербург хотод өчигдөр/2019.01.28/ эхэлсэн Олон улсын эмэгтэй теннисчдийн холбооны цувралд багтсан “St, Petersburg Ladies’ Trophy” тэмцээнд оролцож байна.
823 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээн ганцаарчилсан болон хосын төрөлд болж байгаа бөгөөд ирэх хоёрдугаар сарын 3-д өндөрлөх юм.
М.Шарапова эхний тоглолтоо Австралийн теннисчин Гавриловатай хийж, 6:0, 6:4-оор хожин шөвгийн 16-д үлдлээ. Түүний дараагийн учраа нь нутгийн теннисчин Д.Касаткина юм.
"Их дуулга" тэмцээний таван удаагийн аварга, "Лондон 2012" олимпийн наадмын мөнгөн медальт Шараповаг Петербургт ирсэнд олон фэнүүд нь баярлаж, тоглолтын үеэр “Баярлалаа Маша” хэмээн лоозонтой үзэгчид олон байжээ.
Энэ тэмцээнд 2019 оны Австралийн нээлттэй тэмцээний дэд аварга Чехийн П.Квитова болон 2012 онд дэлхийн чансааг тэргүүлж явсан Беларусын В.Азаренка нарын шилдэг теннисчид оролцож байна.
Тэмцээний эхний торгийн тоглолтууд өнөөдөр өндөрлөж, хоёрдугаар тойрогт өрсөлдөх 16 теннисчний нэр бүрэн тодорно.