Японы цэргүүдийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэй нас барлаа

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

Японы цэргүүдийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэй нас барлаа

Дэлхийн II дайны үед Японы Эзэн хааны армийн цэргүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүд буюу “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн тоо 23 болон цөөрлөө. Японы эзэнт гүрний дарангуйллын үед солонгос эмэгтэйчүүдийн биеэрээ амссан зовлонг олон нийтэд дэлгэн ярьж, хүний эрх, энх тайвны төлөө идэвхтэй тэмцдэг байсан Ким Бок Дон гэх эмэгтэй 93 насандаа өөд болжээ.

Тэрээр өчигдөр /2019.01.28/  Сөүл хотын Ионсей эмнэлэгт амьсгал хураасан тухай “Солонгосын шударга ёс, түүхэн дуртгалын зөвлөл”-өөс мэдээллээ. Талийгаач Ким Бок Дон нь олон жилийн турш хорт хавдартай тэмцэж байсан юм. Түүнчлэн Японы цэргүүдийн бэлгийн боолчлолд өртөж байсан бас нэгэн эмэгтэй түүнтэй нэг өдөр нас барсан байна.

Ким Бок Дон нь Японы эзэнт гүрний цэргүүдийн хүчирхийлэлд өртсөн “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн дундаас тухайн үеийн үнэн бодит түүх, эмэгтэйчүүдийн эрх, бэлгийн боолчлолын эсрэг олон ажлыг хамгийн идэвхтэйгээр хийж, орчин үеийн залууст энэ сэдвийн тухай мэдэх бололцоо олгосон хүн юм.

Тэрээр нас барах хүртлээ тухайн үеийн аймшигт хэрэг явдалд уучлалт гуйхгүй байгаа Японы Засгийн газарт гомдож явсан. Дэлхийн хоёрдугаар дайны үед “зугаацуулагч эмэгтэй” байсан тэрээр гутамшигт хэрэг явдлын тухай олон нийтэд дэлгэн ярихаар санаа зовж явсаар 1992 онд л ам нээжээ. Тэрээр Өмнөд Солонгос, Японоос гадна АНУ болон европын улс орнуудаар явж өөрийн зүрх зүсэм түүхээс бусадтай хуваалцаж, энэ сэдвийг дэлхий нийтэд түгээж эхэлсэн байна.

Талийгаач бээр амьдралынхаа сүүлийн гучаад жилийг залуудаа “зугаацуулагч эмэгтэй” болж, бие сэтгэлийн асар их зовлон амссан хүмүүсийн, мөн бэлгийн боолчлолд өртсөн нийт эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж өнгөрүүлсэн юм. Түүнчлэн тэрээр хэдэн арван сая воныг солонгосын дайны хохирогч болсон хүмүүст болон боловсрол эзэмшиж чадаагүй эмэгтэйчүүдэд зориулан хандивласан байна.

Тэрээр Солонгосын Кёнсан аймагт зургаан охинтой айлын дөрөв дэх хүүхэд болон мэндэлсэн бөгөөд 1940 онд буюу 14 настайд нь Япон цэргүүд түүнийг хүчээр авч явснаар “цэргийн бааз дахь эмсийн хүрээлэн”-д очсон аж. Тухайн үед ээжид нь түүнийг үйлдвэрт ажиллуулна гэж хэлээд авч явсан гэдэг. Япончууд түүнтэй хамт олон охидыг Солонгосоос авч яваад, Хятад, Тайван, Малайз, Хонг-Конг, Индонез, Сингапурт байрлаж байсан Японы цэргийн баазуудад “ажиллуулсан” байна. “Бямба гаригт 12-17 цаг хүртэл, Ням гаригт өглөөний наймаас оройн таван цаг хүртэл ажилладаг байсан. Үе үе тухайн үеийн аймшигт явдлыг бодож хар дардаг” хэмээн тэрээр 2016 онд өгсөн ярилцлагадаа дурдаж байв.

Эх сурвалж: koreatimes.co.kr

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж