Монгол Улсын улс төрийн хоёр гол намын нэг болсон МАН нэг иргэнээс сая ам.доллар зээлж, түүнээсээ болоод орон байраа алдахад хүрээд байгаа юм гэнэ ээ. Төсвийн мөнгөөр баригдсан барилгыг төрд буцааж авах асуудал хөндөгдсөний дараа ийм яриа гарсан нь бүр ч сонирхолтой.
Иргэн Г.Алтан Лениний музейг барьцаалж сая ам.доллар олгосон нь үнэн бол мөнгөө эргүүлж авч л таарна. Гэхдээ шүүх заавал Г.Алтангийн хүссэнээр барьцааг өөрчилж, Лениний музейг Тусгаар тогтнолын ордныг барьцаалах шаардлагагүй. МАН-ыг зээлээ нэн даруй төл гэсэн шийдвэр гаргаж болно.
Аль 2012 онд байгуулсан зээлийн гэрээ нь олон нийтэд ил болчихсон. Түүнд МАН зээлийг найман сарын хугацаатай авсан гэж тодорхой бичсэн байгаа. Нэгэнт зээл төлөх хугацаа хэтрээд олон жил өнгөрч байгаа учраас Г.Алтан барьцаагаа солих биш, МАН-аас мөнгөө гаргуулж авья гэж шүүхэд хандах нь зохилтой.
Гэвч МАН-аас мөнгөө авахыг яарахгүй харж үзэн, зөвхөн барьцаагаа солихыг хүсч байна гэдэг нь Г.Алтанд ямар нэг ашиг сонирхол байгаа гэсэн үг. Тэрбээр 2010 онд МАН-ын Бага хурлын гишүүн болсон. Энэ байгууллага бол дарга дагаж гүйсэн, амбийцаар дүүрэн хүмүүсийн цугларалт шүү дээ.
Тэгэхээр Г.Алтан намдаа мөнгө зээлэхдээ улс төрийн ашиг хонжоо харсныг үгүйсгэх аргагүй. МАН бол намдаа мөнгө хаясан сэтгэлтэй хүмүүст хэзээнээсээ ээлтэй хандаж ирсэн. Тусгаар тогтнолын ордныг барихад мөнгө хандивласан, барьж гүйцэтгэсэн хүмүүс өнөөдөр УИХ, Засгийн газарт орчихсон “гялалзаж” явна. Тиймээс Г.Алтан “Мөнгө зээлье” гэхэд нь үгүй гэж чадаагүй байх л даа.
Гэхдээ Г.Алтанд нэг юм хэлэхэд, МАН энд, тэндээс мөнгө зээлээд эргүүлж төлсөн гэсэн яриа гарч байсныг мэдэхгүй юм. Харин тэрнээс, энэнээс тэдэн төгрөгийн хандив авлаа гэж л сонсогддог. Тэр нь хэзээ хойно сонсогдохыг яана. Их хэмжээний мөнгө хандивласан хүмүүс нь гэрлийн хурдаар дэвшдэг, ийм л тогтолцоо явж байгаа шүү дээ.
МАН Г.Алтанд яг мөнгийг нь өгч харагдаач.
Тойрог тойрсон бизнест хичнээн сая ам.доллар эргэлдэж байгааг хэн ч таашгүй. Улс төрд орох амбийц тээж яваа хүний хувьд тойрог бол капитал мөн. Тийм ч учраас МАН Г.Алтанг хохиролгүй болгохын тулд тойрог өгч тун магадгүй.
Зээлсэн, зээлүүлсэн хоёр хоорондоо ингээд тохирчихож болох асуудалд шүүх оролцож, асуудлыг сунжруулаад байх шаардлага байхгүй биз дээ.
Х.БАТСАЙХАН
Эх сурвалж: www.mminfo.mn