Умардын дүрвэгчдэд зориулсан орчуулгын аппликейшн

Хуучирсан мэдээ: 2015.03.31-нд нийтлэгдсэн

Умардын дүрвэгчдэд зориулсан орчуулгын аппликейшн

Солонгосын хойгийн нэг үндэстэн хоёр хуваагдсанаас хойш өдгөө 70 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд Хойд болон Өмнөд Солонгос хоёр орны хөгжил дэвшлийн ялгааг дагаад хэл зүйд өөрчлөлт оржээ. Өмнөд Солонгосын хэл зүйд англи хэлнээс шууд хэрэглэсэн үг олон байдгаас гадна зарим эд зүйлийг Хойдынхоос өөрөөр нэрлэдэг байна.

Хоёр Солонгос 15-р зууны үед зохиосон “хангыль” цагаан толгойг өдгөөг хүртэл хэрэглэдэг. Гэхдээ Хойд Солонгосын иргэд Өмнөдийн зарим үгийг уншиж чадах ч утгыг нь ойлгоход хүндрэл учирдаг байна. Хамгийн энгийн жишээ татахад өмнөд солонгосоор "ice cream" /а-э-сир-кэр-рим/ гэдгийг Хойд Солонгосын дүрвэгчид галиглаад уншиж чадах ч утгыг ойлгохгүй аж. Учир нь Хойд Солонгост зайрмагийг /о-рым-босын-и/ гэж нэрлэдэг байна.

Иймд Сөүлийн идэвхитнүүд санаачлан Хойд Солонгосын дүрвэгчдийг Өмнөдөөр ярьж, ойлгоход туслах зорилгоор гар утасны орчуулга, хөрвүүлгийн аппликейшн гаргажээ. Гар утасны  “Univoca”  аппликейшн нь Өмнөд Солонгосын ахлах сургуулийн сурах бичгээс түүсэн 3600 хар ярианы хэллэгийг багтаасан байна. Уг гар утасны аппликейшныг гуравдугаар сарын дунд үед гаргасны дараа 1500 гаруй удаа татагдсан аж. Уг орчуулга, хөрвүүлгийн аппликейшныг бүтээхэд Хойд Солонгосоос дүрвэж ирсэн дунд сургуулийн сурагч, багш нар хамтарч ажилласан байна.

Сөүлийн албаныхны мэдээлснээр Хойд Солонгосоос дүрвэж ирсэн бага, дунд, ахлах сургуулийн сурагчдын тоо 2008 онд 966 байсан бол өнгөрсөн жил 2183 болж нэмэгдсэн аж.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence-France Presse

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж