Ерөнхийлөгчийн сонгууль дууссан биз дээ

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгууль дууссан биз дээ

Ерөнхийлөгчийн сонгууль дууссан биз дээ

Тааруухан найруулгатай, хэт нэг талын зорилго нэвт харагдсан нэвтрүүлэг гарахаар би лав зурагтын сувгаа шууд сольдог. Тодорхой тавилттай  нэвтрүүлгээс солонгос сериал үзэх нь илүү сонирхолтой санагддаг юм, миний хувьд.

Тавантолгой гэж үйлтэй нэгэн орд байх. Хүнд өгөөд ашгийг нь хүртэж мэдэхгүй, өөрсдөө ч ашиглаж чадахгүй нүүрсний ганц орд тойрсон Монголын улс төрийн хэрүүл, зодоон хэр удаан үргэлжлэхийг өнөөдөр ч таашгүй.

УИХ-аар 2010 онд баталсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын дагуу Монголын Засгийн газар 5600 километр төмөр зам тавих Шинэ төмөр зам” төсөл боловсруулсан.  Төслийн хүрээнд Тавантолгойн нүүрсний ордоос өмнөд болон зүүн чиглэлд 1800 километр урттай төмөр замын сүлжээ барих асуудал яригдаад есөн жил болж байна. Тавантолгой-Сайншанд /468 км/, Сайншанд-Хөөт /450 км/, Хөөт-Чойбалсан /155 км/, Хөөт-нөмрөг /380 км/, Тавантолгой-Гашуунсухайт /267 км/, Чойбалсан-Эрээнцав /210 км/ гэсэн зургаан чиглэлд төмөр зам шинээр тавихаар төлөвлөсөн бөгөөд улстөрчдийн  хэрүүлийн гол цэг нь  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байсан, байсан хэвээрээ ч байна.

Х.Баттулга Ерөнхийлөгч М.Энхсайханыг “таньдаг” болсон гэнэ.  Өмнө нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа М.Энхсайханыг “таньдаггүй” байсан бөгөөд тэдний маргаан олон жилийн өмнөөс, бүр тодруулбал, өргөн нарийн царигаас эхэлсэн байдаг.

Учир нь 2010 онд Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг УИХ-аар баталсны дараа эрлийз царигийн тухай хэрүүл эхэлсэн. 2012 онд Ардчилсан нам ялсны дараа энэ хэрүүл ид өрнөж, Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Шинэ төмөр зам төслийн хүрээнд тавигдах төмөр замыг өргөн царигтай байхыг дэмждэг байсан бол тухайн үед “Монголын төмөр зам”-ын даргаар хоёрхон сар ажиллаад “халагдсан” М.Энхсайхан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг нарийн царигаар барих ёстой гэсэн байр суурьтай байсан нь тэдний үл ойлголцлын эхлэл болсон байдаг.

Нарийн царигийн сонгох үндэслэл нь өртөг багатай, мөн ОХУ-аас бусад дэлхийн бүх оронд хэрэглэгдэж байгаа орчин үеийн стандарт, дээр нь Монголын нүүрсний ганц худалдан авагч нь Хятад. Хятадын төмөр замын сүлжээгээр дамжуулан гуравдагч оронд нүүрсээ зарахын тулд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын цариг нарийн байх ёстой гэж эдийн засагч голдуу хүмүүс ярьдаг. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд нарийн царигтай төмөр зам барьснаар Хятад танк орж ирэх аюулыг болгоомжлуулсан нэвтрүүлэг хийж телевизээр цацаж байсан билээ.

Гэвч, харамсалтай нь өнөөдөр өргөн царигаар барьсан төмөр зам ч  үгүй, нарийн царигтай төмөр замаа барьж дуусгасан юмгүй, 197 сая ам.долларын өртөгтэй овоолсон шороон далан нь өнөөдөр цас бороо, нар салхинд хийсэж, элэгдээд дуусч буй. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Цогтгэрэл УИХ-ын чуулганы хуралдаан дээр “267 км замд 197 сая ам.доллар зарцуулсан. Энэ санхүүжилт нь “Чингис” бондоор хийгдсэн. Овоолсон шороонд сар бүр нэг сая, 850 мянган доллар хүү болгон төлж байгаа” гэж байв.

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын өргөн барьсан тогтоолын төслийг УИХ-аар батлахдаа хойшоо өргөн, урагшаа нарийн царигтай байхаар шийдвэрлэсэн билээ. Гэтэл өнөөх эрлийз царигийнх нь хэрүүл яг хэвээрээ, дээр нь Ерөнхийлөгчийн сонгууль үргэлжилсээр ч байгаа бололтой. Уг нь 2017 оны долдугаар сарын 7-нд Ерөнхийлөгчийн сонгууль дуусчихаагүй бил үү!

Сү.Батболдын хамтарсан засгийн үед Тавантолгойг эргэлтэд оруулах асуудлыг Тэргүүн Шадар сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг хариуцаж байсан бол, Шинэчлэлийн болоод Шийдлийн Засгийн газрын үед Монгол Улсын сайд М.Энхсайхан, өдгөө Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт хариуцуулжээ.

Тавантолгойн орд газрын дороо долоон тэрбум тонн коксжих нүүрстэй. Долоон тэрбум тонн, хамгийн сайн чанарын нүүрсээ их хэмжээгээр экспортод гаргахын тулд Монгол Улс юуны өмнө нүүрсээ зөөх экспортын төмөр замтай болох ёстой гэдгийг улстөрчид бүгд ярьдаг, сонгууль болгоноор нам бүхэн Тавантолгойг эргэлтэд оруулахыг амалдаг, Ерөнхий сайд болгон төмөр зам барьж түүхэнд үлдэхийг хүсдэг.  Өнөөдөр ч У.Хүрэлсүх Тавантолгойн 30 хувийг олон улсын хөрөнгийн биржээр арилжаалж, олсон мөнгөөрөө төмөр зам барихыг мөрөөдөж яваа. Бүтэх эсэхийг цаг хугацаа харуулах биз.

Ямар ч байсан энэ олон жил өрнөсөн үйл явдлыг харахад Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал хөндөгдөх бүрт, төмөр замын бүтээн байгуулалт ярих тоолонд тодорхой зорилготой, чиглэлтэй нэвтрүүлэг гардаг нь ёс мэт болжээ.

М.Энхсайханы боловсруулсан Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах гэрээ  УИХ-аар ороогүй, Засгийн газар нь төслөө эргүүлсэн татсан.  Тиймээс зөвхөн боловсруулсан төдийхөн, огт үзэглээгүй гэрээний төлөө өнөөдөр улстөржих нь арай л утгагүй биз. Товчхондоо, Монгол Улсад гай ч, гавъяа ч тариагүй цаасан дээр үлдсэн төсөл төдий. Ирсэн хөрөнгө оруулагчид нь үзгээ өвөртлөөд л явсан билээ. Харин Гашуунсухайтын овоолсон шороонд зарцуулсан 197 сая ам.доллар бол бодитоор авсан, өгсөн мөнгө.  Хүүнд нь сар бүр төлж байгаа нэг сая, 850 мянган ам.долларыг 2640 төгрөгөөр үржүүлээд үз. Аль нь илүү хохиролтой байна вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж