Луис ван Гаал Антон Гесингийн шагналын эзэн болжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.31-нд нийтлэгдсэн

Луис ван Гаал Антон Гесингийн шагналын эзэн болжээ

Жүдо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, 1964 онд Токиод болсон Олимпийн наадмын алтан медалийн эзэн Нидерландын тамирчин Антон Гесингийн нэрэмжит шагналыг "Манчестер Юнайтед" клубын менежер Луис ван Гаалд Нидерландын жүдо бөхийн холбоо олгосон байна.

"Барселон", "Бавари Мюнхен", "Аяакс" зэрэг клубт ажиллаж байсан  Луис ван Гаалыг Нидерландын хөлбөмбөгийн клубүүдийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь ийнхүү үнэлжээ.  Тус улсын хөлбөмбөгийн шигшээ баг Бразилд болсон дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медаль хүртсэн  явдалд  ван Гаалын хүчин зүтгэл, сэтгэл шингэсэн гэж Нидерландын жүдо бөхийн холбоо үзсэн байна. Өдгөө 63 настай тэрээр “Энэ шагнал миний хувьд тун онцгой шагнал болж байна. Антонтой олон жилийн туршид нөхөрлөсөн. Хэдийгээр бид 2 спортын өөр өөр төрөлд хүчин зүтгэж байсан боловч бид нэг адил зан төлөвтэй, 2-лаа амжилтын төлөө зүтгэж байсан” гэж уг шагналыг гардан авах үедээ өгүүлжээ. Нидерландын жүдо бөхийн холбоо 1964 оны Токиогийн Олимпийн наадмаас үнэмлэхгүй жинд анхны алтан медалийг эх орондоо авчирч байсан домогт тамирчин Антон Гесингийг 2010 онд таалал төгссөний дараагаар түүний нэрэмжит шагналыг спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтэнд олгохоор санаачилсан түүхтэй юм. Тухайн үед Японоос гаралтай энэ спортын төрлөөр өөр орны тамирчин амжилт гаргаж болдог гэдгийг дэлхий нийтэд тэрээр таниулж байсан юм. Тухайлбал, 1964 оны Токиогийн олимпийн наадмын жүдо бөхийн төрлөөр  Япон улсын жүдочид  жин тус бүрт аваргалж байсан түүхтэй. Үүнээс гадна Европ тивийн 21 удаагийн аваргын алтан медалийн эзэн тэрээр 1961 онд  анх дэлхийн аваргаар шалгарч, анхны Япон биш дэлхийн аварга болж түүхэн нэрээ мөнхөлсөн байдаг юм. Антон Гесинг 1967 онд их спортоос зодог тайлж Нидерландын Олимпийн хорооны зөвлөлийн гишүүн улмаар Олон улсын Олимпийн хорооны гишүүнээр ажиллаж байсан юм.  Ван Гаалаас өмнө энэ хүндтэй шагналыг Олон улсын Олимпийн хорооны тэргүүн асан Жак Рогге,  Нидерландын олимпийн хорооны зөвлөлийн тэргүүн асан Эрика Терпстра нар хүртэж байсан юм байна.

Эх сурвалж: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж