Санхүүгийн зохицуулах хорооноос улирал тутам хийдэг үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны зах зээлийн 2018 оны жилийн эцсийн үзүүлэлтийг өнөөдөр /2019.01.29/ сэтгүүлчдэд танилцууллаа.
Өнгөрөгч оны жилийн эцсийн байдлаар даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж зээлийн хоршооны салбарын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 33.5 хувиар өсч, 1.8 их наяд төгрөгт хүрсэн үзүүлэлт гарсан тухай албаныхан онцоллоо.
Харин үнэт цаасны зах зээлийн хэмжээг илэрхийлэгч гол үзүүлэлт болох зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар буюу 2.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна.
ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ӨНДӨР ДҮНТЭЙ АРИЛЖААГ 2018 ОНД ХИЙЖЭЭ
Өнгөрөгч 2018 оны жилийн эцсийн байдлаар Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаасны арилжаа эрхлэх хоёр, төлбөр тооцооны нэг, төвлөрсөн хадгаламжийн нэг байгууллага, хөрөнгө оруулалтын менежментийн 17 компани, 12 хувийн хөрөнгө оруулалтын сан, гурван кастодиан банк, 54 үнэт цаасны компани үйл ажиллагаа явуулж байна.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар “Монголын хөрөнгийн бирж” компани болон “Монголын үнэт цаасны бирж” компаниар дамжуулан нийт 245.4 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь түүхэн дэх хамгийн өндөр дүн бүхий арилжаа болсон гэдгийг мэргэжидтнүүд хэлж байв.
Нийт арилжааг задлавал, Монголын хөрөнгийн биржийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 31.4 тэрбум төгрөгийн хувьцаа, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 178.6 тэрбум төгрөгийн хувьцаа, 33.5 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас, 631.6 сая төгрөгийн компанийн бонд, Монголын үнэт цаасны биржийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт нэг тэрбум төгрөгийн компанийн бонд, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 292.1 сая төгрөгийн хувьцааг тус тус арилжаалжээ.
ГАДААДЫН ДАВХАР ДААТГАЛЫН КОМПАНИД 56 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХУРААМЖ ШИЛЖҮҮЛСЭН
Даатгалын зах зээлийн гол үзүүлэлтүүдийн нэг болох нийт хөрөнгийн хэмжээ 2018 онд өмнөх оноосоо 39.4 хувиар өсч, 341.3 тэрбум төгрөгт хүрчээ. Тус салбарт давхар даатгалын нэг компани нэмэгдсэнтэй холбоотойгоор даатгалын салбарын хөрөнгийн бүтцэд өөрчлөлт гарсан байна. Салбарын нийт хөрөнгийн 76.9 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 2.6 хувийг урт хугацааны даатгалын компанийн хөрөнгө эзэлж байна. Харин нийт хураамжийн орлого өмнөх оноос 24.3 хувиар өсч, 179.4 тэрбум төгрөг болжээ.
Даатгалын компаниуд өөрийн хүлээж авсан эрсдэлээ шилжүүлэх зорилгоор өөр нэгэн даатгалын компаниас давхар даатгалын үйлчилгээ авдаг. Манай орны хувьд дийлэнх даатгалын компаниуд гаднын давхар даатгалын компанид эрсдлээ даатгадаг. Өнгөрсөн онд л гэхэд жилд нийт 56 тэрбум төгрөгийн давхар даатгалын хураамжийг шилжүүлээд байна. Энэ үзүүлэлт нь өмнөх оноосоо 20.2 хувиар өссөн үзүүлэлт гэнэ.
ББСБ-ААС МӨНГӨ ЗЭЭЛДЭГЧИЙН ТОО 2.1 ДАХИН НЭМЭГДЖЭЭ
Санхүүгийн зах зээлд 2018 оны эцсийн байдлаар нийт 539 банк бус, санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулжээ. Эдгээр байгууллагын дийлэнх нь буюу 91.1. хувь нь зээлийн үйл ажиллагааг дагнан болон хавсран эрхэлж байгаа бол 8.9 хувь нь зөвхөн гадаад валют арилжааны үйлчилгээг дагнан эрхэлж байна.
Мөн өнгөрсөн оны эцсийн байдлаар банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оноос 36.1 хувиар өсч, 868.5 тэрбум төгрөгт хүрснийг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Нийт зээлийн үлдэгдлийн 96.5 хувийг төгрөгийн, 3.5 хувийг валютын зээл эзэлж байгаа бол 9.6 хувийг чанаргүй зээл эзэлж байгаа ажээ. Чанаргүй зээлийн хэмжээ нь өмнөх онд 12.7 байсан бол 2018 онд 3.1 нэгжээр буурсан талаар Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн тайлбарлав.
Тэрбээр үргэлжлүүлэн “Салбарын зээлдэгчийн тоо өмнөх оноос 2.1 дахин нэмэгдэж, 233.8 мянгад, харин харилцагчдын тоо 1.6 саяд хүрсэн. Энэ өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтэрсэнтэй холбоотой” гэв.
ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООД АШИГГҮЙ АЖИЛЛАЖЭЭ
Хадгаламж зээлийн хоршооны салбарын нийт цэвэр ашиг 2018 онд 5.4 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн онтой харьцуулахад 0.1 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Нийт орлого нь 41.2 тэрбум төгрөг буюу өнгөрсөн оны мөн үеэс 9.4 хувиар өссөн гэнэ. Харин зарлага нь 35.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн улирлаас 9.5 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Салбарын хувьд 3.6 тэрбум төгрөгийн зээлийн эрсдэлийн сан байгуулж, нийт 130.2 тэрбум төгрөгийн цэвэр зээлтэй байна. Нийт зээл өнгөрсөн оны мөн үеэс 27.1 хувиар өсч, 133.7 тэрбум төгрөгт хүрчээ. Харин чанаргүй зээлийн эзлэх хувь нь 4.5 хувь буюу зургаан тэрбум төгрөг хүрчээ.
“МОНГОЛБАНКНЫ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАНД ХЯНАЛТ ТАВИХ БОЛОМЖГҮЙ”
Хэвлэлийн бага хуралд Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга М.Өлзийбат, Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн, Хадгаламж, зээлийн хоршооны газрын дарга Ц.Алтантуул, Хяналт шалгалт зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн нар оролцож, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Нийт 539 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаа гэлээ. Банк бус байгууллагуудад ямар хяналт шалгалтыг хийдэг вэ. Хүмүүсийн дунд мөнгө хүүлэх явдал байна гэж шүүмжлэлтэй ханддаг шүү дээ?
-Санхүүгийн зохицуулах хорооноос 2016 оны аравдугаар сард банк бус байгууллагуудын дүрмийн санг нэмэх шийдвэрийг гаргасан. Шинээр байгуулагдаж буй банк бус санхүүгийн байгууллагуудын дүрмийн сан 2.5 тэрбум төгрөгөөр байгуулагдаж байгаа. Хуучин үйл ажиллагаагаа явуулж буй ББСБ-ууд 2021 он хүртэл дүрмийн санг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Сүүлийн байдлаар 2018 онд дүрмийн санг нэг тэрбумд хүргэсэн одоо 1.4 тэрбум төгрөгт хүргэх шаардлагатай байгаа. Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүү харьцангуй багассан. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад бараг 1 пунктээр буюу 3.3 хувьтай болж буурсан байгаа. Нөгөө талаасаа нэг зээлдэгчид ногдох зээлийн хэмжээ 2016 оны жилийн эцсийн байдлаар гэхэд долоо орчим сая төгрөгийг ББСБ-аас зээлдэг байсан бол 2018 онд 3.7 орчим сая төгрөгийг хэрэглэгч авдаг болсон. Хэрэгцээ шаардлагатай байгаа зээлийг хямд, бага хүүтэйгээр зээлж байгаа.
-Монголбанкны нэр бүхий таван ажилтан банк бус санхүүгийн байгууллагад хувь эзэмшиж байгаа нь ашиг сонирхлын зөрчил биш үү?
–Банк бус санхүүгийн байгууллагуудын тоо нэлээд тогтворжиж байгаа. Өнгөрсөн онд 534 ББСБ байсан бол энэ онд 539 болж таваар нэмэгдсэн байна. Сошиалаар банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигчид нь төрийн байгууллагын ажилтан байна гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ мэдээллийг нягталж үзэхэд 80 гаруй хувьцаа эзэмшигчтэй холбоотой мэдээлэл байсан. Хөрөнгө орлогын мэдүүлэг буюу Авлигатай тэмцэх газрын сайт дээр нийтлэгдсэн мэдээлэл юм билээ. Эдгээр мэдээлэлд бас учир дутагдалтай, ташаа мэдээлэл байсан. Жишээлбэл, “Ялгуулагч” ХХК-ийг банк бус санхүүгийн байгууллага гэж бичсэн байсан. Мөн төрийн албан хаагчид банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшдэг мэт ойлголтыг өгсөн. Гэтэл төрийн албан хаагчдын эхнэр нь ч юм уу, нөхөр нь хувьцаа эзэмшиж байдаг. Үүнийг төрийн албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ мэдээлэх үүрэгтэй байдаг. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооноос ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзэж байгаа. Нөгөө талаасаа Монголбанкны эрх бүхий албан тушаалтанд Санхүүгийн зохицуулах хорооны хяналтад байгаа ББСБ-ыг шууд хянах тавих боломж байхгүй.
-Сангийн сайд асан С.Баянцогт нарын “Оюу толгой” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт шалгалт хийж байгаа юу?
-Манай байгууллага өөрийн зохицуулалтын салбарын хүрээнд хяналт шалгалтыг хийнэ. Тэрнээс бус бусад санхүүгийн салбар чиг үүргийн хувьд манайхаас тусдаа байдаг. Сангийн сайд асан С.Баярцогтын асуудлыг хуулийн байгууллагууд шалгаж байна. Үнэт цаас, банк бус байгууллага, даатгалтай холбоотой бол Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт шалгалтыг хийнэ.
Холбоотой мэдээ