Сүүлийн хэдэн жил мартагдсан, устгасан өвчний нэгд тооцоод байсан улаанбурхан өвчин мэр сэр гарах болжээ. Бүр хүүхэд улаанбурханаар амь үрэгдсэн гэх мэдээлэл ч цацагдаад амжив. Гэвч улаанбурхан дэлгэрч байгаа нь үнэн боловч хүүхдийн амь насанд хүрсэн гэдэг нь худал мэдээлэл гэж Эрүүл мэнд, спортын яамнаас мэдээлж байна.
Улаанбаатар хот, Өмнөговь аймагт Улаанбурхан өвчин бүртгэгдэж байгаатай холбогдуулан өнөөдөр Эрүүл мэнд стпортын дэд сайд Д.Атармаа Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, ХӨСҮТ болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдийг оролцуулан шуурхай хурал зохион байгууллаа. Хамгийн сүүлд буюу өчигдөр авсан мэдээллээр Улаанбаатар хотын таван дүүрэг, Өмнөговь аймагт Улаанбурхан өвчний 299 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 93 тохиолдол (31.1 хувь) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Тиймээс өнөөдрийн хурлаар улаанбурхан өвчний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болох өвчний тандалт, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, орны зохицуулалтын талаар мэргэжлийн байгууллагуудад нарийвчилсан үүрэг, даалгаврыг өгсөн байна. Хүүхэд бүрт уг өвчний эсрэг вакцин тарих болсноор улаанбурхан сүүлийн жилүүдэд огт гараагүй байсан ажээ. Энэ жил олон хүүхэд өвдсөн нарийн учрыг тодруулахаар ажиллаж буй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Д.ЦЭЭНЭ