АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн Засгийн газрын “шатдаун” буюу түр зогсолт нь 11 тэрбум ам.долларын өртөгтэй байсан тухай Конгрессын төсвийн хорооноос өчигдөр /2019.01.28/ мэдээлжээ.
Түр зогсолт нь таван долоо хоногийн турш үргэлжлэхдээ 2018 оны дөрөвдүгээр улирлын бодит ДНБ-ийг гурван тэрбум ам.доллар буюу 0.1 хувиар багасгасан бол 2019 оны эхний улиралтай харьцуулахад найман тэрбум ам.доллар буюу 0.2 хувиар бууруулах төлөвтэй байгаа аж.
Өнгөрөгч Баасан гаригт /2019.01.25/ Д.Трамп Конгрессын гишүүдтэйгээ тохиролцоонд хүрч, 35 хоног зогссон Засгийн газрын үйл ажиллагааг 21 хоногийн хугацаанд “түр” дахин сэргээж, сар гаруй хугацаанд цалингүй ажилласан төрийн албан хаагчдын цалинг нөхөн олгохоор болсон байна. Гэхдээ 21 хоногийн хугацаанд Д.Трамп Ардчилсан намынхантай Мексикийн хил дээр хана бариулах хэлэлцээнд хүрч чадахгүй бол хоёрдугаар сарын 15-аас хойш Засгийн газрын үйл ажиллагааг дахин зогсоох юм.
Харин 35 хоногийн хугацаанд Засгийн газрын үйл ажиллагаа зогсоож, төрийн байгууллагууд ажиллахгүй болсноос үүдэн нийт 11 тэрбум ам.долларын зардал холбооны төсвөөс гарах бөгөөд үүнээс гурван тэрбумыг нь буюу 2019 оны зорилтот ДНБ-ийн 0.02 хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгө нь эргэн нөхөгдөшгүй гэдгийг Конгрессын төсвийн хорооноос анхааруулсан байна.
Ийм хэмжээний мөнгөний алдагдал хүлээхээр болсон нь “шатдаун”-ын шууд үр дагавар бөгөөд цаашдаа ямар сөрөг нөлөө үзүүлэхийг таашгүй. Тухайлбал, Засгийн газраас мөнгөний зарцуулалт бүтэн сарын хугацаанд хийгээгүй нь хувийн секторуудын үйл ажиллагаанд ч нөлөөлж эхэлсэн аж.
АНУ-ын Засгийн гарын үйл ажиллагаа зогсох болсон нь Д.Трампын санаачилсан Мексикийн хил дээр хана бариулах ажлын таван тэрбум ам.долларын төсвийг Конгресс дахь Ардчилсан намын гишүүд нь эсэргүүцэн, батлаагүйгээс үүдэлтэй.
Эх сурвалж: Синьхуа
Холбоотой мэдээ