Монголын үндэсний музейд нүүдэлчдийн ёс заншлыг харуулсан олон төрлийн тоглоом хадгалагдаж байна. Тус музейн сан хөмрөгт хамгийн эртний үед тооцогдох Сяньби, Уйгарын хаант улсын үед холбогдох тоглоомууд болох шавар, шаазан хасаа, богийн шагай, тоосгоор хийсэн хонин жиргээ зэрэг археологийн олдвороос өнөө хүртэл уламжилсан хорол, үйчүүр, бажий, буган жиргээ гэх мэт тоглоом буй.
Ардын уламжлалт тоглоом наадгайг хүүхэд залууст таниулан мэдүүлэх зорилгоор Монгол үндэсний музей ирэх хоёрдугаар сарын 1-нд “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” тусгай үзэсгэлэнг үзэгчдэд дэлгэн үзүүлэх аж. Сар шинийн баярыг угтан олны хүртээл болж буй эл үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй нэн ховор археологийн олдвор, үндэстэн ястны онцлогийг харуулсан 100 гаруй тоглоомыг сорчлон дэлгэх юм байна. Үзэсгэлэнгийн үеэр хүүхэд багачууд уламжлалт тоглоомоор тоглож музейн боловсролын хөтөлбөрт хамрагдаж болох аж.
Шинийн нэгний өдөр өлзий дэмбэрэл бүрдсэн тоглоом тогловол гэрийн жавар үргэдэг төдийгүй тоглоомд хожсон хүн тэр жилийг эрүүл саруул, аз хийморьтой сайн давах, онд мэнд орох юм байна хэмээн бэлгэшээдэг. Тоглоомд тэнцэх буюу “хайнцвал”, “хавантай” буюу барцад саадтай байна гэж үзэж, улмаар “хавангаа хагалах”, буюу барцад саадыг арилгах дом засал болгож заавал дахин тоглох зэрэг өвөрмөц зан заншил буй.
Өвөг дээдсээс эдүгээ хүртэл уламжлан ирсэн тоглоом наадгай нь ард түмний байгаль дэлхийтэй харилцах шүтэлцээ, зан үйл, аж ахуйн онцлог, ёс суртахуун, оюуны сэтгэлгээний тод томруун тусгал болсоор ирсэн билээ. Монгол түмэн үндэсний бахархал болсон цагаан сарын баяраар битүүний орой шагайгаар “Алаг мэлхий” өрдөг бол шинийн нэгэнд золголтоор ирсэн зочид гийчид нь “Дөрвөн бэрх” орхиж, жилийн нуруу, аз хийморио шинжихээс гадна үйчүүр, алаг мэлхий, дөрвөн бэрх, хорол зэрэг тоглоом тоглодог уламжлалтай.
Дашрамд дурдахад, “Хорол” тоглоом нь ирэх жилийн нуруу үзсэн мэргэ төлөг, заслын шинжтэй байдгаараа онцлогтой юм.
Холбоотой мэдээ