Оршил
Германы сэтгэлзүйч, социологич, философич Эрих Фроммын бичсэн “Хайрлах урлаг” ном анхлан түмний хүртээл болсон нь тэртээх 1956 он байлаа. Номын агуулгыг товчхон эмхэтгэвэл, “The Art of Loving” гэж нэрлэсэнчилэн, энэ бол “Хайрлах арга технологийн” тухай бичсэн ном юм. Гэхдээ тэр нь, хаашаа болзоонд дагуулж яваад, юу яриад, ямар хэв маяг үзүүлбэл эсрэг хүйстэндээ таалагдах вэ мэтийн юм бичсэн “Дурлалын гарын авлага” биш юм.
Хэдий адилхан хайрлах арга технологи гээд, уг номонд гарах “арга технологи” бол бусад гарын авлага, заавар зөвлөгөөнөөс тэс ондоо гэхэд болно. Ерөөс номын дэлгүүрт ярайн эгнэх олонхи хайрын номнууд “хүнд хайрлагдах арга техник” гэсэн сэдвээр бичигдсэн байдаг бол, энэ ном бол эсрэгээр нь “хүнийг хайрлах арга технологи” хэмээх сэдвийг цөмөө болгосон юм. “Хайрлагдах”-аас илүүтэй “хайрлах” явдал нь хамаагүй чухал юм шүү, гэдгийг бичигч тэмдэглэсэн бий.
Мөн, хүний сэтгэлзүйд суурилан “Жинхэнэ хайр” гэж юу болох талаар дурьдаад өнгөрөх төдий бус, “Хайр хүнээс алсран одсон шалтгаан нь, өнөөгийн нийгмийн тогтолцоонд буй” гэсэн байр суурьнаас “хайр” ба “нийгэм” хоёрыг холбон авч үзэж, “хайр” гээчийн тухай ул суурьтай задлан шинжилж буй нь ч бас уг номны чухам онцлог билээ.
Энэ өнцөгөөс харах юм бол, уг ном нь ердийн нэг “Хайрын онол” бус, нийгмийн төрх байдал болон хүний сэтгэлзүйгээс гараалан хайрын мөн чанарыг задлан шинжилсэн философийн ном, цаашлаад нийгмийн үзэл санааны ном гэж үзсэн ч болох биз ээ.
“Хайрлах урлаг” ном бичигдсэнээс хойш 60-аад жил өнгөрсөн хэдий ч, одоо уншсан ч агуулганд огтоос хуучирсан зүйл үгүй. Харин ч өнөө үед хүчирхийлэл, үл итгэлцэл, стресс депресс зэрэг нийгмийн шинжтэй олон том асуудал бий болж, биднээс хайр улам бүр алрсан одсоор буй мэт өнөөгийн Монголд харин ч “одоо л унших үнэ цэнэтэй ном” гэж санагдана. Тэгээд ч үүнтэй эн зэрэгцэх төстэй ном өнөөдөр хараахан Монголд алга л байна.
“Амьдрал хайр дээр тогтдог” гэж ярьвал магад өнөөгийн зарим хүмүүс “хуучин цагийн цэцэрхэл”, “агуулгагүй хоосон уриа”, “надад лав падгүй” гэх зэргээр үл тоомсорлож мэдэх юм. “Амьдралд хайраас чухал юм бас байнаа байна” гэж ам гарах хүн ч олон бий болов уу. Гэтэл аягүй бол чухам хайр байгаагийн ачаар л хүн төрөлхитөн өнөөдрийг хүртэл амьдран үргэлжилж ирсэн ч байж мэднэ. Өвчин, өлсгөлөн, ядуурал, хүчирхийлэл, дайн, байгалийн гамшиг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхал, хүйсийн тэгш бус харьцаа, бид бүхэнтэй нүүр тулах асуудлууд бүгд хайр үгүйгээр шийдэгдэх боломжгүй, үгүй ээ тэр ч бүү хэл шийдэе ч гэж бодохгүй байсан бус уу?
Энэ номыг уншлаа гээд эсрэг хүйстэндээ од болчихгүй, хайр дурлалын баатар ч болохгүй. Гэвч уншихын өмнө ба хойно, таны доторхи хайрын тухай бодол төсөөлөл чинь үндсээрээ өөрчлөгдсөн байх вий. Өнөөг хүртэл бид бүгдийн “хайр” гэж бодож байсан зүйлс үнэндээ хайр биш байж. Жинхэнэ “хайр” гэдэг туйлаас гүн гүнзгий гайхамшигтай зүйл байжээ, гэдгийг лавтайяа анзаарах болов уу гэж найдна.
1. Хайр бол технологи юм
- Өнөө цагийн хүмүүс хайрыг эндүү ойлгодог
Эрих Фроммын “Хайрлах урлаг” ном Америкт анх хэвлэгдсэн нь 1958 он байлаа. Хэвлэгдэн гарав уу үгүй юу BEST SELLER болж, түүнээс хойш 17 хэлээр орчуулагдан, 60 гаруй жилийн дараах өнөөдөр ч бас дэлхийн хүмүүст уншигдсаар байна. Гарчигийг нь хараад “хайрын талаарх гарын авлага юм байна” гэж андуураад авах хүн ч цөөнгүй байдаг бололтой (Үнэхээр ч Америкт анх зарагдаж эхлэхэд олон хүн сексийн гарын авлага гэж андуурсан гэдэг). Гэвч үнэндээ уг номонд хайрын тухай тодорхой арга техникууд гардаггүй. Өмнөтгөл үгэн дотроо ч доорхи анхааруулгыг бичсэн байдаг.
үргэлжлэл: tomyo-bodyo.blogspot.com