УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

LiveУИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөллөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2019.01.29/

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2019.01.29/ шууд

Posted by MNB Монголын Мэдээ on Monday, January 28, 2019

13 : 22
2019-1-29

УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөллөө

УИХ-ын даргыг чөлөөлөх эсэх саналыг нууцаар цахимаар авлаа. 

Санал хураалтад 65 гишүүн оролцсоноос 66.2 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөхийг дэмжлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

УИХ-ыг даргыг чөлөөлөхийг дэмжиж 39 гишүүн гарын үсгээ зурлаа. Гадаа хүйтэнд 30-40 мянган хүн жагсаж, өлсгөлөн суулт хүртэл зарлаж байна. Энэ нь их өөрчлөлтийг хүсч байгаагийн илэрхийлэл. УИХ-ын даргын хувь чанараас илүүтэй 28 жил Монгол төрийг удирдсан, авч явсан хүмүүсийн эсрэг тэмцэл болж байна. Түүний нэг төлөөлөл нь М.Энхболд даргыг гэж олон нийт үзэж байна. М.Энхболд даргатай адил олон жил Монгол төрийн толгойд бодлого шийдвэр гаргаж ажилласан хүмүүс энэ танхимд ч, гадна талд ч байгаа. Гадна байгаа зарим хүн нь ял шийтгэлээ сонсож, шалгагдаад явж байна. Өөрчлөлт  шинэчлэл хийх зайлшгүй цаг нь болсон. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Монгол Улс 28 тэрбум ам.долларын өрөнд орсон. Байгалийн баялгийн тэгш бус хуваарилалт бий болчихлоо. Хууль шүүхийн хараат бус байдал алдагдсан нь үнэн.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Өнөөдөр УИХ-ын даргын асуудал шийдэгдээд явах байх. Цагаан сарын өмнө бодвол УИХ-ын шинэ дарга томилогдож, үйл ажиллагаа хэвийн горимдоо орно гэдэгт найдаж байна. Хамгийн гол нь цаашдаа УИХ-ын гишүүд нь ч хариуцлагатай, УИХ-ын дарга нь УИХ-ын үйл ажиллагааг сайтар нарийн зохион байгуулж, жигд хэвийн үргэлжлүүлэх тал дээр хаана хаанаа анхаарч хариуцлагатай ажиллаасай гэж хүсч байна. Цаашид ажлаа л хиймээр байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

Монголын парламент өнөөдөр нэгэн шинэ нөхцөл байдлаар хуралдаж байна. Нэг хүнд хариуцлага тооцно гэхээсээ илүүтэй парламентын төлөвшлийг яаж авч явах вэ гэдэгт өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудал сургамж болох байх гэж харж байна. Парламент бол өөрөө улс орныг хөгжүүлэх мэтгэлцээний талбар байх ёстой. Ард түмнийхээ өдөр тутмын амьдралыг сайн сайхан болгох талаар ярилцаж хэлэлцэж байх ёстой танхим. Харамсалтай нь бид сүүлийн хоёр сар гаруй хугацаанд улс орны бүх асуудлыг орхигдуулж, УИХ-ын даргыг огцруулах асуудлыг тойрч цаг хугацаагаа алдлаа. Гишүүдийн хэлж байгаачлан УИХ-ын даргыг огцруулчихвал маргааш нь ард түмний амьдрал сайн сайхан болох мэт ярьж байна. УИХ-ын гишүүн парламентын танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүйд би шүүмжлэлтэй ханддаг. УИХ-ын гишүүд энэ танхимд орж ирэхээрээ бүхнийг мэддэг болчих юм. Мөн дээрээс нь хувийнхаа эрх ашгийг хамгаалсан байдлаар зөрүүтэй үйлдлийг хийх ёсгүй. Гишүүд нь эхлээд ёс зүйтэй байх ёстой.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Бид УИХ-ын дарга М.Энхболд гэдэг хүнийг л огцруулах гэж төрийн дээд байгууллагын үйл ажиллагааг хоёр сар гаруйн хугацаанд гацаалаа. Иргэдэд хэрэгтэй хуулиуд хойшлогдлоо. Иргэдэд нэн түрүүнд шаардлагатай байгаа зүйл нь ажилтай, орлоготой болохыг мөн эрүүл мэндийн  болон боловсролын байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээг чирэгдэл, хүндрэл сурталгүй авдаг болохыг хүсч байна. Энэ оны нэгдүгээр сараас Төрийн албан хаагчдын цалинг багахан хувиар ч гэсэн нэмсэн нь талархууштай. Гэхдээ хөдөлмөр эрхлэх насны нийт хүний 80 гаруй хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна.

 

 

12 : 48
2019-1-29

С.Жавхлан: УИХ-ын дарга гэдэг бол нэвтрүүлэгч юм билээ

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх эсэх асуудлаар гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Эрүүл мэндийн салбарыг улс төрд гутгаж байгаад үнэнхүү дургүйцэж байна. ЖДҮ-гийн зээл 950 сая төгрөг, нас барсан хүүхдийн тоо 950 гэдэг мэдээлэл сүүлийн үед сошл орчинд хүчтэй явж байгаа. Ё.Баатарбилэг гишүүн энэ мэдээллийг явуулсан байх нь. Хэрэв томуу томуу төст өвчлөлөөр хүүхэд нас барсан бол эрүүл мэндийн салбар нуухгүй, ийм эрх ч байхгүй. 2017-2018 онд хатгааны эсрэг вакцин хийсэн учраас хүүхдүүд томуугийн хүндрэлээр эндэх эрсдэлээс хамгаалж чадаж байгаа гэж мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Өнөөдөр 20-30 жил УИХ-д сууж байгаагаа гайхуулдаг хүмүүст хандаж хэлэхэд, өнөөдрийг хүртэл нэг шахмал түлшний үйлдвэр, хүүхдүүдэд хүрэлцээтэй ортой эмнэлэг барьчихгүй яав даа. 500 тэрбум төгрөгийн хэмжээний ийм хөрөнгийг агаарын бохирдолд зориулсан юм гэнэ лээ. Ганц үйлдвэр, хүүхдүүдэд хүрэлцээтэй ортой эмнэлэг барьсныхаа дараа улс төр хийж болж байна. Томуу томуу төст өвчлөлийн дэгдэлтийг эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа олон мянган эмч мэргэжилтнүүд, асрагч сувилагч нар бүгдээрээ 24 цаг хөл дээрээ зогсож байж цурамд оруулсан юм шүү. Гэтэл энэ хүмүүсийн хөдөлмөр, сэтгэлийг үгүйсгэж хүүхдүүд олноороо эндэж байгаа мэт  мэдэгдэл хийсэндээ Ё.Баатарбилэг гишүүн уучлалт гуйх хэрэгтэй.

Я.Санжмятав: Хоёр сар гацсан парламентын гацаа өнөөдөр тайлагдах байх гэж найдаж  байна. Түгжигдсэн энэ цаг хугацаанд би орон нутгаар хоёр ч удаа явж ажиллаа. Ард иргэдийнхээ санал бодлыг ч сонслоо. Зуд турхан гайгүй, өнтэй сайхан өвөлжиж байна. Гагцхүү бидэнд санаа зовж танай төрийн ордонд зуд нүүрлэжээ гэдгийг хэлж байна. М.Энхболд даргыг чөлөөлөхийг би дэмжиж байгаа. М.Энхболд гэдэг хүнд ганцхан хариуцлага тооцох асуудал биш. Бүхэлдээ МАНАН бүлэглэлтэй тэмцэх тэмцлийг эхлүүлэхгүй бол улс орон буруу тийш явах гээд байгаа гэдэгт санаа зовниж огцруулах гарын үсгээ зурсан. Асуудлыг энд хүргэхгүйгээр шийдэх боломж байсан. МАН-ын бүлгийн гишүүдийг хоорондоо учраа ол гэж их хэлж байгаа. Албан тушаалаа буцаалдаж аль нь их идэх үү гэж Монголын ард түмнийг сөхрүүллээ. Монгол төрийн дархлааг бууруулах бүх зүйлийг ханатлаа хийлээ. Энэ хуулийн төсөл парламентын түүхэнд хараар бичигдэх хуулийн төсөл болсон. Дархлаанд маш сөргөөр нөлөөлнө. Цаашид 60 тэрбумын асуудлыг цэгцлэх, ордуудаас хулгай хийсэн нөхдүүдээс буцааж өгөх, концесс нэрээр төсөвт мөнгө суулгаж том томоор нь иддэг хүмүүст хариуцлага тооцох шаардлагатай.

Тиймээс АН дараагийн удаад У.Хүрэлсүхийг дээрх асуудлуудаа цэгцлэх асуудалд   хариуцлага тооцно. Ганцхан хүн чөлөөлөгдсөнөөр бүх асуудал шийдэгдэхгүй шүү.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Ганцхан хүн Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авч чадахгүй. Цагаан суваргыг мөн нэг хүн авч чадахгүй. Төрийн банкнаас 20 тэрбум төгрөг гаргуулсан, Сүхбаатарын талбайн урд хэсгийн зарим газрыг хувийн хэвшилд өгчихсөн. Хөгжлийн банкнаас 1 тэрбум гаруй төгрөгийг хэдхэн компани хувааж авсан. Энэ бүхнийг МАНАН мафи хийсэн. Гэтэл үүнийг улс төрийн нөлөөгүй, шударга үйл явц гэх хүмүүс бий. МАНАН сандарч, М.Энхболд даргыг л унагаах гэж байна гэх мэдээлэл тарааж байна. Талбай дээр 11 хүн өлсгөлөн зарлаж байна. Хуулийн байгууллагад итгэдэг хүн байна уу. Судалгаа үгүй гэдгийг харуулж байна. МАНАН-гийн генералууд биднийг шоронд хорих гэж нойргүй хонож байгааг би мэднэ. Монгол ялна гэдэгт би итгэж байна.  

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

Хэрүүл тэмцэл өнөөдөр дуусах болов уу гэж бодож байна. Эрх барьж байгаа улс төрийн нам ард түмнийхээ өмнө амласан амлалтаа яах вэ. Төрийн ажлаа хиймээр байна. 2016 оны сонгуулиар ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлэх цаг нь ирсэн. Хэл ам, хэрүүл зодооноо одоо зогсооё. 60 тэрбумын асуудлыг ярьж, ярьж М.Энхболд гэдэг хүнийг УИХ-ын даргаас нь огцруулж байна л даа. Яг үнэндээ энэ схемийн төлөвлөгөөг ярьсан, танилцсан гэвэл олон хүн байгаа байх. Өнөөдөр эрх барьж буй МАН үнэхээр 60 тэрбумын хэрэг юм бол тэр схемээрээ төр барьж байгаа болж хувирна  шүү. Цаашид 60 тэрбумын гэх яриагаа манай намын гишүүд бодож ярих хэрэгтэй. Хэрэв 60 тэрбум үнэхээр үнэн бол энд сууж байгаа 64 хүн ч мөн төрийн албанд ажиллаж байгаа бүх хүн 60 тэрбумын хам хэрэгтэн болно. Дараагийн УИХ-ын даргаар МАНАН дотор яваагүй хүнийг сонгох ёстой.

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хууль анх удаа хэрэгжиж байна. Ерөнхийлөгчид баяр хүргэе. УИХ анх удаа Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжиж байна, бас баяр хүргэе. Энэ хүнийг огцруулснаар Монгол сайхан болно гэдгийн нь харж л сууя. Энэ байдал хэвээр үргэлжлэх юм бол дараагийн УИХ-ын дарга нь хэн бэ. Нэгээр цадаж, хоёроор бүү хуураарай. Дараагийн хүнд маш их ач холбогдол өгнө. Яасан ч ховхорч болдоггүй суудал бэ. Сандал суудлын төлөө УИХ нь бүтэн гурван сар ийм байдалтай байна. Миний харж байгаагаар, УИХ-ын дарга гэдэг бол нэвтрүүлэгч юм билээ. Хүмүүсийн бэлдэж өгсөн зүйлийг уншдаг л хүн юм билээ ш дээ. Энэ хүн Монголын ард түмнээс уучлалт гуйх хэрэгтэй.

11 : 59
2019-1-29

С.Эрдэнэ: МАНАН-гийн гол зохион байгуулагч Ц.Нямдорж огцрооч

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Нэгдүгээр сарын 25-ны чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ноцтой мэдээлэл хэлсэн. Хуулийн байгууллага намайг ямар нэгэн эрүүгийн хэргээр шалгах гээд байна гэж мэдээлсэн. Хэн таныг онц гэмт хэрэгт холбож захиалга өгсөн юм бэ гэдгийг нотолгоотой яримаар байна. Нэг талаасаа ихэд айдастай. Хэн гэдэг хүн таныг захиалга өгсөн юм бэ. Мөн М.Энхболд даргаас асууя. Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт бүхний ард таныг байна гэж танай намынхан хэлэх боллоо. Та яаж ард нь байгаад байгаа юм бэ. 60 тэрбумыг асуудлыг ярьж байхад үгүй ээ гээд үгүйсгэж Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байсан нөхөд өнөөдөр 40-үүлээ яагаад таныг огцруулъя гээд явж байгаа юм бэ?

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

Дан ганц УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг бид хөндөөгүй. Сүүлийн 28 жил тогтсон системийг бид нураахын төлөөх үйл явцыг хийж байна. Орд газруудыг эзэмших, Эрдэнэтийг авах зэрэг системийг бий болгосон байна. Урд нь явж байгаа хэсэг нөхдийг харлуулж гүтгэхийг оролдож хуулийн байгууллагад шургуулсан гар хөлдөө хэрэг тох гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Миний гэрт хүртэл чагнах төхөөрөмж байршуулсан. Энэ асуудал шийдэгдсэний дараа бид комисс ажиллуулна. Хүсвэл та тэр комисст нь орж ажиллаж болно. Бүх хууль бус үйлдлийг илчилнэ. Хуулийн байгууллага машин машинаар нь нотлох баримтуудыг жалганд аваачиж шатаасан баримт ч байна. Хуулийн байгууллага улс төрийн нөлөөнд автдаггүй байдлыг таслан зогсооно. Хариуцлагыг нь  тооцох ёстой.

УИХ-ын дарга М.Энхболд:

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд энэ ордыг гаднын хөрөнгө оруулагчдад эзэмшүүлэх гэж байсныг Засгийн газар үүнийг дангаараа шийдэх гэж байсныг би тухайн үед УИХ-ын дарга байсан З.Энхболд даргатай ярилцан, санал оруулж, УИХ энэ ордод хөрөнгө оруулах асуудлыг ярилцан, зогсоосон түүхтэй. Өнөөдрийн Засгийн газар мөн шинэ санал оруулсан. Ордын нийт хувьцааны 30 хувийг олон улсын хөрөнгийн биржид худалдаалах саналыг би дэмжсэн, хэрэгжүүлэх нь зөв гэж үздэг. Оюутолгойн хувьд 2007 онд Монголд хамгийн ашигтай гэрээг боловсруулан, УИХ-д өргөн барьсан ч хэлэлцэлгүй хойшлуулсан. Нийт 2.8 тэрбум ам.долларт хөрөнгө оруулалтыг багтаахаар, монголын тал илүү их хувь хүртэхээр, 97 хувь нь монгол ажилчид байх, хот суурин барих гэх мэт санаа туссан гэрээний төсөл байсан.

Эрдэнэтийн хувьд 2016 оны зургаадугаар сарын 28-нд би намын дарга байхдаа үүрэг өгч, мэдэгдэл хийлгэж байсан. Дараа нь 49 хувийн худалдан авалтыг шалгах ажлын хэсэг байгуулан, УИХ-ын тогтоолыг дэмжсэн. Гэвч хоёр Засгийн газар дамжсан ч 49 хувийн маргаан гацчихлаа. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой намайг гүжирдэж,гүтгэж байгаа нь хэрээс хэтэрч байгаа үйлдлийн нэг юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 Машин машин бичиг баримт шатаасан гэлээ. Энэ бүхнээ нэр устай нь зарла.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

Энэ асуудлыг УИХ-аас байгуулагдах шалгалтын комиссоор ил болгоно. Өнөөдөр дэлгэхэд цаг үе нь биш. Би амьдралаа өөрийн гараараа бүтээсэн. Тийм учраас хэнээс айхгүй зоригтой байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Ойрд барааг нь хараагүй олон гишүүд ирснийг нь хараад баярлаж байна. Ер нь бол хувь хүмүүсийн, намын удирдлагуудын үл ойлголцол төр засгийн үйл ажиллагааг гацааж нийгэмд хүндрэлтэй байдал бий болгосонд харамсч байна. Олон чухал асуудал УИХ-ын даргыг огцруулах дүйвээн дор дарагдаж өнгөрлөө. Нийгэмд тулгамдсан байдал их байна. Ханиад томуу, хүүхдүүд өвдөж нийгэмд асар их бухимдал бий болсон.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 60 тэрбумын талаар тодруулж, УИХ-ын 2016 оны сонгуулиар нэр дэвшигчдээ яаж тодруулсан талаар М.Энхболд даргаас асуув. Тэрбээр  “60 тэрбумын асуудлыг та нар ганцхан хүндээ үүрүүлээд өөрсдөө гэмгүй үлдэх гэж байна уу. Танай нам хууль бус. Та нар огцрох ёстой. Шударга үнэний дуу хоолой болсон Ц.Нямдорж сайд өөрөө огцрооч. МАНАН-гийн гол зохион байгуулагч нь Ц.Нямдорж шүү дээ.

Уг асуултад УИХ-ын дарга М.Энхболд хариулт өгөхдөө  “60 тэрбумын хэргийг хууль хяналтын байгууллага хэд хэдэн удаа шалгасан. Одоо ч гэсэн шалгалтын ажил үргэлжилж байгаа. Үнэн мөнийг нь тогтоож, олон нийтэд ил тод мэдээлээсэй гэж хүсч байна. Энэ танхимд сууж байгаа 64 хүнийг сонгуульд нэр дэвших эсэхэд нь би гарын үсгээ зурж, сонгуулийн байгууллагад хүргүүлж, энэ танхимд сууж байгаа хүмүүс. Нэр дэвшигчдийн туршлагыг ч судалсан. Хэн нэгнээс төлбөр тооцоо авч нэр дэвшүүлсэн асуудал байхгүй. Тийм учраас асуудлыг ялгаж салгах ойлгох хэрэгтэй.

11 : 13
2019-1-29

УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөө өглөө хуралдаж,  УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн. Хуулийн дагуу цаасаар нууц санал хураалт явуулахад, санал хураалтад нийт 17 гишүүн оролцсоноос найман гишүүн дэмжиж, найм нь дэмжихгүй гэсэн бол, хүчингүй хуудас нэг гарсан юм. Тиймээс УИХ-ын даргыг чөлөөлөх боломжгүй гэсэн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганаар яг одоо хэлэлцэх гэж байна.

Байнгын хорооны санал дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж