Чанарын гудамжаар зугаалахуй

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

Чанарын гудамжаар зугаалахуй

Чанарын гудамжаар зугаалахуй

30-аад жилийн өмнөөс ISO 9000 нь менежментийн тогтолцооны стандартын хувьсгалыг эхлүүлж аюулгүй байдал, хамгаалал, эрүүл мэнд, эмчилгээ, эрчим хүч, мэдээллийн технологи, байгаль орчин гээд бүх үндсэн салбаруудыг хамарсан сайн менежментэд зориулсан 60 гаруй ISO стандартыг төрүүлэн гаргасан юм. Менежментийн тогтолцооны стандартуудаар аялж, “Хэрэглэгч байгууллагуудад ямар үр нөлөө гарсан бэ?” гэдгийг бид энэ нийтлэлээрээ асуун тодруулахыг зорилоо.

ISO 14001 нь бидэнд байгаль орчинд нөлөөлөх байдлыг үлэмж сайжруулахад тусалсан юм. 2014 онд гэхэд л дангаараа бид нүүрстөрөгчийн ялгарлыг 23 гаруй тонноор бууруулж, хог хаягдлаа 20 тонноор багасгаж, 116 м3 усыг дахин ашигласан. /Испани улсын барилгын компани/

ISO 9001 нь бидэнд зүүд зэрэглээ мэт л үйлчилж чадсан билээ. Хэн үнэхээр хүргэлт хийж, ямар ажлууд хийгдэж, үүсч болзошгүй ямар асуудлууд байгааг сэргийлэхийг зааж хэвшүүлсэн. /Финланд улсын сонингийн хэвлэлийн үйлдвэр/

1987 он бол нэгэн том үйл хэргийн эхлэл байлаа. 30 жилийн өмнө ISO 9001 нь дэлхийд анхны менежментийн тогтолцооны стандарт болж гарсан билээ. Энэ стандарт хамгийн амжилттай төдийгүй ISO-ын менежментийн тогтолцооны бүх стандартууд өргөнөөр хэрэглэгдэх болж, дэлхий даяар ISO-ын 60 гаруй тооны менежментийн стандартууд нь үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийн байгууллагуудад менежментийн практик, ашиг орлого, үр нөлөөнийн төвшинг нэмэгдүүлэх замыг гаргасан юм.

Өнөөдөр дэлхийн хаана ч байх аливаа байгууллагыг өндөр төвшинд бүрэн нэвтэрч чадах олон стандартуудын нэгдмэл менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх онцгой сайхан боломжийг байгууллагад олгодог ISO-ын менежментийн тогтолцооны стандартуудын хүрээнд сонирхолтой аяллыг энэ өгүүлэлд тодотгон үзүүлнэ. Энэ бол дан ганц чанарын менежментийн тогтолцоог зөвхөн үйлдвэрлэгч компанид зориулан “зохион бүтээж угсарсан” гэж байнга төсөөлж ойлгосон  байснаас хамаагүй өөр болсон!

Өнөөдрийг хүртэл дэлхийн 170 гаруй оронд 1.5 сая ISO-ын менежментийн тогтолцооны стандартаар гэрчилгээ олгогдсон бөгөөд түүнээс ч олон хэдэн сая байгууллагууд ажиллагааны сайжруулалтанд хүрэх, хууль эрх зүйн шаардлагад нийцэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор ISO-ын менежментийн стандартуудыг хэрэглэж байна. Хэрэгжиж эхэлсэн хугацааг харгалзан үзвэл чанарын менежментийн ISO 9001-ийн гэрчилгээ дангаараа нэг саяаас давсан нь гайхах явдалгүй бөгөөд удаад нь байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001-ийн  320 мянган гэрчилгээ олгогдсон байна.

“Манай үйлдвэрийн нийлүүлэгчид ISO 9000-д суурилсан тогтолцоог хэрэгжүүлснээр 5 жилд 85%-ийн чанарын ахиц гарсныг үзэж мэдэрлээ.” /АНУ-ын “Big Three” автомашин үйлдвэрлэгч/

ISO 9000-аас бид ямар үр ашиг олсон бэ гэж үү? Шууд нэмэлт зардлыг 27%-иар, хувьсах зардлыг 15-иар хэмнэж, түүхий эдийн зардлыг 4 %-иар бууруулсан. /Шинэ-Зеланд улсын Гурилын үйлдвэр/

“Бидний дэлхий даяарх ISO 9000 гэрчилгээ дэлхийн зах зээл дэх өрсөлдөөнд давуу талыг бидэнд олгодог. Ялангуяа ISO стандартуудыг үндэсний болгон батлан хэрэглэж буй орнуудад бүр илүү ажил амжилттай байна.” /АНУ-ын Major express хүргэлт/ тээврийн үйлчилгээ/

“ISO 9002-ын гэрчилгээ нь зах зээлд биднийг байр сууриа эзлэхэд маань гэрчилгээжээгүй компаниудтай харьцуулахад үнэхээр их боломжийг өгдөг.” /АНУ-ын Pharmaceuticals multinational компани/

ISO 9000, БҮХНИЙ ЭХЛЭЛ

ISO 9001 бол чанарын менежментийн тогтолцоо (QMS-ЧМТ)-ны бүхнийг эхлэл болсон стандарт болж, бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэглэгчээс тавих шаардлагуудад тогтмол нийцсэн байх зах зээлээс ирэх шахалтаас дэмжлэг авч чадсан билээ. Энэ 30 жилийн хугацаанд анхны энэ менежментийн стандарт үндсэн салбаруудад сайн менежментийг бүрдүүлэхэд зориулсан 60 ISO стандартыг болон гарч өргөжсөн юм.

Гэхдээ энэ аялал шулуун дардан байгаагүй. ЧМТ-ны ISO 9000 багц стандартууд анх хэвлэгдэн гарахад олон талын сэтгэгдлийг хүлээн авсан юм. Зарим хүмүүс үүнийг зөвхөн үйлдвэрлэлийн ертөнцөд тохирно гэж үзэж байад зарим нь хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоог хэрэгжүүлэхэээр чармайж буй компаниудын бүтээлч, шинэ санаа гаргах урмыг хаан боогдуулж, хамгийн түрүүн хөшүүн, хүнд сурталтай тогтолцоо болно гэж айж байв.

Гэсэн хэдий ч 1980-аад оны сүүлээр Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тетчер Английн үйлдвэрлэлийг Японы зохион бүтээлт, чанарт хүргэх зорилт эрмэлзлийг дэвшүүлэн тавьсныг ISO/TC 176/SC 2 Чанарын тогтолцоо техникийн дэд хорооны нарийн бичгийн дарга ISO 9001-ийг боловсруулахад оролцогч ноён Чарльз Корри дурсан ярьж байна: “Хатагтай Тетчер компаниудыг ISO 9001-ийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үндэсний чанарын хөтөлбөрийг бий болгох санхүүжилтийг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэх чиглэлд түлхэц үзүүлсэн билээ. Чанарын менежментийн үнэ цэнийн тухай ойлголт эрчтэй дээшилж, Их Британид өмнөх ISO 9001-ийн гэрчилгээний 80 хувь оногдож байв. Энэ он жилүүдээс улбаалан ISO 9001-ын бага гэхээргүй нөлөөний ачаар Их Британийн аж үйлдвэр Японы хоорондын чанарын зөрүү илэрхий арилсан.”

“Шүтэлцээ уялдаатай төлөвлөгөөний дагуу бүх байгууллагаараа эко үр ашигтай ажиллагааг хуритмлуулж чадсан нь ISO 14001-ийн гол ашиг тус нь юм.” /Европ, Агаарын хөлгийн үйлдвэрлэгч/

“2014 оны туршид бид дэлхийн төвшинд эрчим хүчний хэрэглээний хэмнэлтийг 6.7%-тай тэнцүү болгов” (дэлхийн ISO 14001 БОМТ-д хийсэн тайлбар) /АНУ, business machine үндэстэн дамнасан корпораци/

БЭНЧМАРКИЙН ЖИЛ

1987 оноос хойш ISO 9001 стандартад чухал өөрчлөлтүүдийг 1994, 2000, 2008, хамгийн сүүлд 2015 онд хийсэн юм. Сүүлийн шинэчлэлт нь 2000 оны өөрчлөлтөөс хойшхи сүүлийн 15 жилд гарсан технологийн шинэчлэл, бизнесийн төрлийн олширол, дэлхийн арилжаанд гарсан өөрчлөлтөд нийцүүлсэн хариу үр дүн байсан төдийгүй үйлчилгээний салбарын эзлэх байр суурь нэмэгдсэний нөлөө орсон юм.  2015 он бол бэнчмаркийн жил байлаа. ISO 9001 ба ISO 14001-ийг шинэ өндөр-төвшний бүтцэд (HLS) оруулан эдгээр стандартуудын 2015 оны хувилбарын хэвлэлийн шилжилтийг хийсэн. Олон улсын стандартчиллын байгууллагын (ISO) боловсруулсан энэ HLS-ийн дагуу цаашид гарах бүх ISO менежментийн тогтолцооны стандартуудад ижил бүтэц, бичвэр, нийтлэг нэр томьёо, тодорхойлолттой байх юм. Одоо ингэснээр нэг байгууллагын дотор бүх ISO-ын менежментийн тогтолцооны стандартуудыг зэрэгцүүлэн нэг менежментийн тогтолцоон дотор хэд хэдэн стандартуудыг бүрэн нэгдмэл болгоход түлхэц болж байна.

Дик Нортенсус хэлэхдээ “Бизнесийн дотоод, гадаад орчинг (төлөв байдлыг) ойлгоход анхааран, манлайллыг байгууллагынхаа стратеги чиглэлтэй холбон эрсдэлд суурилсан үзэл санаа нь ISO 9001:2015 болон бусад HLS-д суурилсан менежментийн тогтолцооны стандартуудыг “жинхэнэ” менежментийн тогтолцоо болгодог бөгөөд энэ нь удирдамж, хяналт, стратеги сэтгэлгээ, ажиллагааны төгс байдлын аль алинд нь чиглэгдсэн” гэжээ. Тэрээр Нидерландын стандартчиллын институтэд Менежментийн тогтолцооны ахлах зөвлөх бөгөөд ISO-ын чанарын болон байгаль орчны стандартуудыг боловсруулахад хувь нэмэр оруулсан хүн билээ.

“БАЙГАЛЬ ОРЧИН ГЭНЭ ҮҮ, ТЭНЭГ ЮМ УУ!”

1990-ээд оны эхээр байгаль орчны мэдлэг эрч хүчээ авч дэлхий ертөнцөө хамгаалах үйлс тэргүүн чиглэл болсон юм. 1992 оны ерөнхийлөгчийн сонгуулиарх Билл Клинтоны “Эдийн засаг гэнэ үү, тэнэг юм уу!” гэсэн лоозонг хувиргасан нь тэр жил байгаль орчны оновчтой уриа болж, 1992 оны Бразилийн Риогийн Дэлхийн дээд хэмжээний уулзалт дээр анх удаа дэлхийн байгаль орчны менежментийн тогтолцооны (EMS) стандартыг танилцуулсан юм. Ингэснээр улс төрийн мөрийн хөтөлбөрт тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг тууштай тодорхойлсон явдал болж, ISO 14001-ийн хөгжилд түлхэц болсон.

ISO 14001 нь анх 1996 онд хэвлэгдэн гарснаар том жижиг байгууллагуудыг бизнесийн болон байгаль орчны сайжруулалалтанд хүрэх, зардлыг бууруулах, нийцлийн менежментийг сайжруулахад нь тусалж, дэлхийн хамгийн амжилттай байгаль орчны менежментийн тогтолцооны стандарт гэж тунхагдлагдсан юм. Энэ стандартын 2004 оны өөрчлөлт, ялангуяа 2015 онд менежментийн тогтолцооны стандартуудыг HLS-тэй нэгтгэснийг “амьдралын мөчлөгийн үзэл санаа”-ны зарчимтай холбосон нь  уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгамдсан асуудлаар байгаль орчны мэдлэг ойлголтыг илэрхий нэмэгдүүлэхэд ISO-ын байгаль орчны менежментийн стандартууд байр сууриа зохих ёсоорр эзэлж чадсан.

“Манай бүх үйлдвэрүүд ISO 9001, ISO 14001, ISO/TS 29001, ISO/IEC 17025 стандартуудаар гэрчилгээжиж итгэмжлэгдсэн нь бидний бахархал билээ.” /Энэтхэг улс, шугам хоолойн үйлдвэрлэгч/

“Бид 2004 онд нэг литр ундаа үйлдвэрлэхэд 3.21 л ус ашиглаж байсан бол 2011 он гэхэд усны хэрэглээг 2.2 л хүртэл нь багасгаж, энэ хугацаанд нийтдээ 31 %-ийн сайжруулалт гарсан” (нийт 28 улс дахь 75 савлах үйлдвэрт ISO 14001 БОМТ хэрэгжүүлснээр гарсан үр дүн) /Грек улс, Ундаа савлах үйлдвэр/

БҮХ СТАНДАРТУУДЫН ЭХ

Дэлхий ертөнцийг сайхан, илүү аюулгүй, тогтвортой болгож, хог хаягдлаар дүүрсэн газрыг цөөрүүлэх ажил үйлсэд  стандартуудын хэрэгцээ байгаа нь тодорхой болж, бизнес, үйлвэрлэл, засгийн гарын төлөөллөөс бүрдсэн экспертийн багууд боловсруулан гарсгасан ISO 9000 ба ISO 14000 стандартууд нь менежментийн тогтолцооны бүлэг стандартуудыг хамгийн иж бүрнээр гаргах хурдасгуур болсон.

Эдгээр “анхдагч” менежментийн стандартууд нь холбогдох бүхэл бүлэг стандартыг төдийгүй салбарын онцлог хувилбаруудыг төрүүлэн гаргасан юм. Жишээлбэл, ISO 9001-ийн нисэх хүчний хувилбар болох AS 9100, харилцаа холбооны салбарт TL 9000, автомашины үйлдвэрлэлд QS 9000 зэргийг нэрлэж болно. Дэлхийд олгогдсон гэрчилгээний тоогоор амжилтыг тооцож болно гэвэл, байгууллагуудын бодит тоотой харьцуулбал ISO-ын менежментийн тогтолцооны стандартууд ялгарч харагдана. ISO 9000, ISO 14000-гийн гэрчилгээний тоо тэргүүлж байгаагийн дээр дараах менежментийн тогтолцооны зарим стандартууд  өргөн хэрэглэгдэж байна.

ISO 50001 (эрчим хүчний менежмент). 2011 онд гарснаас хойш ISO 50001-аар 12000 байгууллага гэрчилгээжиж, өдөр тутмын ажиллагаанд эрчим хүчний үр ашгийг хүртэж, мөнгөө хэмнэх, нөөцийг хадгалан хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг давахад нь тусалж байна.

ISO/IEC 27001 (мэдээллийн хамгаалалал). Дэлхийн улс орнууд дахь 28 000 гэрчилгээжсэн байгууллагууд ISO/IEC 27001 стандартыг өнөөдөр бизнест тулгараад буй кибер дайралт зэрэг өсөн нэмэгдсээр буй аюулын эрсдэлээс хамгаалж мэдээллийн өмчөө хадгалах зорилгоор хэрэглэж байна.

ISO 22000 (хүнсний аюулгүй байдлын менежмент). 32 000 гаруй байгууллагууд хүнсний хэлхээндээ ISO 22000-гэрчилгээжсэн тогтолцоог нэвтрүүлж, хүнсний үйлдвэрлэлийн хэлхээн дэх болзошгүй аюулыг илрүүлэн хянах замаар дэлхийн хүнс нийлүүлэлтийн хэлхээний аюулгүй байдалд хувь нэмрээ оруулж байна.

ISO 13485 (эмнэлгийн тоног төхөөрөмж). Өнөөдрийг хүртэл эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд 26 000 гаруй байгууллагууд ISO 13485-ыг хэрэглэж хэрэглэгчийн болон хууль эрхийн шаардлагад эмнэлгийн тоног төхөөрөмж, үйлчилгээгээ нийцүүлэн ажиллаж байна.

“Хамгаалалтанд төвлөрөхийн тулд  ISO/IEC 27001-ээс гадна үйлчилгээндээ төвлөрөх зорилгоор ISO/IEC 20000-ыг хэрэгжүүлснээр маргаашт чиглэсэн өнөөдрийн суурьтай менежментийн тогтолцоогоо өргөжүүлэх боломжийг олгосон юм.” /АНУ-ын Мэдээллийн системийн провайдер/

“ISO 50001-ийг хэрэгжүүлснээс хойш багийн хамт олны маань идэвхи санаачилга илүү нэмэгдэж эрчим хүчийг бууруулах санаануудыг гаргадаг болсон. Жишээ болгоход шинэ чийдэнгээр тоноглосноор хамгийн багадаа 180 кВаттыг хэмнэж, жилдээ 1 532 768 кВаттыг хэмнэсэн тооцоо гарсан.” /АНУ, Дугуйны үйлдвэр/

“ISO 22000:2015-ыг хэрэгжүүлснээр хүнсний чанар аюулгүй байдлыг дээшлүүлээд зогсхгүй үйлдвэрлэлийн болон хог хаягдалд зарцуулах зардлыг бууруулсаар байна.” /Энэтхэг, өдөрт сая шахам хүүхдийг хоолоор хангадаг хүмүүнлэгийн сан/

“ISO/IEC 27001:2005-ын хэрэгжүүлсэн нь банк дахь эрсдэлийг танин илрүүлж, анализ хийн түүнийг үүсэхээс сэргийлэх боломжтой юм бүхнийг хийх нөхцлийг бүрдүүлдэг.” /Оросын банк/

“Экспортын худалдааны өсөлт хамгийн багадаа 400 %-иар тэмдэглэхүйц хэмжээнд хүрсний учир нь бид одоо ISO 9000-аар гэрчилгээжсэн бүртгэлтэй компанийн хувьд гэрээ байгуулах тендерт амжилттай оролцох боломж бүрдсэн юм.” /Энэтхэг, Цахилгаан барааны үйлдвэрлэгч/

“Бид давтан засварлах ажил 15 % байсныг 1  % – 2 % хүртэл бууруулсан, эргэлзээгүйгээр, ISO 9001-ийн бүртгэлжүүлэлтийг бид зах зээлээ нээх хэрэгсэл болгон ашиглаж байна.” /Венесуэл, Химийн бодисын үйлдвэрлэгч

ГЭНЭТИЙН БЭЛЭГ

Бүрхэг байдал, хүнд суртлаас холуур тойрч, ISO менежментийн тогтолцооны олон стандартууд практик амьдралд гэнэтийн зам учралаар инновацийн төвшинд нэгдсэн юм. Жишээ болж, ISO 20121 стандарт нь 2012 онд Лондонгийн Олимпын тоглолтонд арга хэмжээний тогтвортой менежментийг авчирсан бол дараагийн ээлжинд үүнийг Шведийн Малм-д болсон 2013 оны Евровишн дууны наадмын тогтвортой арга хэмжээнд хэрэглэсэн.

Сүүлийн нэг жилийн дотор л гэхэд дэлхийн анхны авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцооны олон улсын стандарт болох ISO 37001:2016-г батлан гаргасныг үзэж танилцахаас гадна одоо ISO 9001-ийн хэрэглээг өргөжүүлэн засгийн газрын бүх төвшний сонгуулийн байгууллагад болон орон нутгийн засаг захиргаанд ашиглахуйцаар бловсруулан ISO 17582 болон ISO 18091 стандартуудыг боловсруулж байна. Түүнчлэн ихээхэн хүлээлт үүсгээд буй ISO 45001 нь ирэх оны эхээр ISO-ын анхны хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн  стандарт болж гарна.

“ISO 9001, ISO 14001, ISO 22000,  ISO/IEC 27001-ийн дагуу бид чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдал, мэдээллийн хамгаалалтын менежментийн тогтолцоогоо ажиллуулж, тус бүрээс нь ихээхэн ашиг тус олж авдаг.” /Испани, вино үйлдвэрлэгч/

ЭНЭ ЧАНСААТАЙ БОЛСОН УУ?

ISO-ын хэдэн арван техникийн хороодын стандарт боловсруулагч экспертүүдийн 30 гаруй жилийн энэ бүх шургуу хөдөлмөр үнэ цэнийг авчирсан уу? ISO 9001-ийг анх гарснаас хойш дэлхийн ихэнхи орны том жижиг, хувийн төрийн, үйлдвэрлэлийн болон үйлчилгээний байгууллагуудын зуу зуун жишээ түүхийг Олон улсын стандартчиллын байгууллагаас эмхэтгэн хэвлэж, тэдний ISO-ын менежментийн тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлсэн туршлагаас дүгнэн хариулт өгвөл үлэмжийн эерэг үнэ цэнийг дагуулжээ. Cisco Systems болон Nestlé-ийн дараах хамгийн сүүлийн үеийн санаа бодлыг танилцуулъя.

“TL  9000-ын гэрчилгээтэй дэд бүтцийн утасгүй төхөөрөмжийн бүтээгдэхүүнийг нийлүүлэгчдийн талаар хийсэн судалгаагаар 2008-аас 2016  оны хооронд худалдан авалтын дараа аливаа шалтгаанаар (доголдол ба хэрэглэгчийн найдлагад нийцээгүй байдал) буцаагдсан барааны тоо буурч, энэ шалтгаанаар жилд 1 биллион америк долларын зардлыг хэмнэсэн  үр дүнд хүрсэн.” хэмээн теле харилцаа холбооны  нийгэмлэгийн дэлхийн чанарын байгууллага болох QuEST Forum-ын төлөөлдөг  Cisco Systems -ийн Sheronda Jeffries хэлжээ.

Nestlé -ийн Корпорацийн Зохицуулалт, Шинжлэх Ухааны Албаны Dr Ludovica Verzegnassi өгүүлэхдээ “Nestlé нь дэлхийн хүнсний компанийн хувьд шинжлэх ухааны үндэслэлтэй олон улсын стандартыг тогтоох үйл ажиллагаанд маш их оролцдог билээ. Бид үйлдвэрүүддээ ISO 22000 зэрэг олон төрлийн ISO стандартуудыг хэрэглэн мөрдөж, эдгээр олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартууд нь чухал үүрэг гүйцэтгэж, хүнсний аюулгүй байдлын үр дагаврыг сайжруулахдаа эдгээрийг хэрэглэж чадаж байгаа гэдэгт бид итгэдэг” гэв.

ISOFOCUS СЭТГҮҮЛЭЭС ОРЧУУЛАВ
Эх сурвалж: СТАНДАРТ, ХЭМЖИЛЗҮЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж