-Улс байна даа. Дэлхийд өрсөлдөхүйц бүтээл үйлдвэрлэгч ганц том студи байхад олон улсын зах зээлд гарсан ганц кино хийх зорилго тавьж болмоор-
Монголчууд өөрсдийнхөө IQ /оюуны чадвар/-г өндөр гэж, сэтгэлгээний хувьд хэнийг ч дагуулахгүй, түүх соёлын хувьд бахархах зүйл ихтэй, байгаль, газар нутгийн хувьд гайхалтай сайхан гэж хэлүүлэх дуртай. Гэвч үүнийгээ баталж, дэлхий дахинаа гаргаж ирсэн зүйл сүүлийн үед бий болоогүй нь харамсалтай.
Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд ямар бизнесүүд хамгийн их татвар төлснийг Монголын татварын албанаас гаргажээ. Эхний арвыг нь л харахад ес нь уул уурхайн компани, нэг нь архины компани байх аж. Дараагийн арвыг нь нэмээд харвал ерөнхийдөө монгол хүний дүр төрх яг харагдана. Ер нь бол үүнээс уул уурхай ярьж, архи ууж, тамхи татангаа утсаар ярьсан нэг монгол хүн л төсөөлөгдөнө. Ингээд цааш хараад байвал ухааны, оюуны бүтээл гээд байх зүйлээр бид ер нь орлого олж чаддаггүй улс бололтой.
Уул уурхай ярин хэрэлдэж, уралцаж байх хооронд урд хөрш улс ганц киногоор бидний хэрэлдээд буйг давах хэмжээний мөнгийг олчихож болохыг харуулав. “Чонон сүлд” гэх уг киног одоогоор Монгол, Франц, Хятад гэсэн гурван улсын зах зээлд танилцуулж буй бөгөөд зөвхөн Хятадын зах зээлээс 80 орчим сая ам.долларын орлого олоод байна. Үзэл санааны хувьд яахын аргагүй геополитикийн бодлого шингээсэн бүтээл ч ур хийц, ухааны хувьд урд хөрш маань юу хийж болохыг харуулав. Гэтэл бид эгдүүцэн шүүмжилж, хөөрцөглөхөөс гавьсангүй. Ядаж илүү бүтээл хийж давах тухай яриа даанч гарсангүй.
“Бөгжний эзэн” киноны зураг авалт Шинэ Зеландын эдийн засагт 200 гаруй сая ам.долларын орлого оруулж байв. Тухайн үед Шинэ Зеландын Засгийн газар кино зураг авалттай холбоотой эдийн засгийн асуудлыг түргэн шуурхай шийдэж байх үүрэгтэй “Бөгжний эзэн”-ий асуудал эрхэлсэн сайдыг хүртэл томилон ажиллуулж байжээ.
Кино бол ур чадварын өрсөлдөөн. Кино оюуны өрсөлдөөн. Кино үзэл суртлын зэвсэг. Дээрээс нь кино бол мөнгө олох боломж. Тэгвэл дэлхий нийтээр кино зохиолыг нэгдүгээрт тавих ёстойгоо ойлгож буй энэ цаг үед улсаараа нийлж байгаад ганцхан кино хийж, дэлхийд өрсөлдөж яагаад болохгүй гэж. Зөвхөн киноны хүчээр мөнгө босгосон, улс орноо сурталчилсан жишээнүүд олон бий. Тухайлбал, “Бөгжний эзэн” киноны зураг авалт Шинэ Зеландын эдийн засагт 200 гаруй сая ам.долларын орлого оруулж байв. Тухайн үед Шинэ Зеландын Засгийн газар кино зураг авалттай холбоотой эдийн засгийн асуудлыг түргэн шуурхай шийдэж байх үүрэгтэй “Бөгжний эзэн”-ий асуудал эрхэлсэн сайдыг хүртэл томилон ажиллуулж байжээ.
“Индиан Жонс” уран сайхны кинонд сүмд нуусан эрдэнийн ариун тагшны тухай гардаг. Энэ кино олон нийтэд хүрснээс хойш Петра хотыг зорих жуулчдын тоо хэдэн мянгаас хэдэн сая болж огцом өсчээ.
Филадельфи хот Оскарын шагналт “Рокки” олон ангит уран сайхны кино гарснаас хойш жуулчдын заавал очих ёстой газар болсон. Филадельфийн Урлагийн музейн өмнөх шатаар киноны гол дүр Роки Бальбоа “Gonna Fly Now” дууг дуулан дээш өгсдөг. Энэхүү 72 гишгүүрт чулуун шат нь “Рокигийн шат” хэмээн алдаршаад зогсохгүй Рокигийн хөшөө хүртэл тэнд баригджээ.
Бага зэргийн компьютер график ашигласан ч байгаа төрхөөрөө шидтэнгүүдийн Хогвартс сургуулийг гайхалтай илэрхийлж чадсан нэгэн цайз 1096 онд баригджээ. “Харри Поттер” цуврал кино гарснаас хойш тус цайзад жил бүр 800 мянган жуулчин ирдэг болсон байна.
Энэ мэтчилэнгээр зөвхөн киног ашиглан, кинонд ач холбогдол өгсний үр дүнг гаргасан түүхийг үргэлжлүүлбэл багагүй зай талбай зарцуулагдах бололтой.
Уг нь улс байна даа. Дэлхийд өрсөлдөхүйц бүтээл үйлдвэрлэгч ганц том студи байхад олон улсын зах зээлд гарсан ганц кино хийх зорилго тавьж болмоор.
Б.МАНДАХ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин
Холбоотой мэдээ