ТББХ: УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлаар санал тэнцлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

LiveТББХ: УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлаар санал тэнцлээ

ТББХ: УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлаар санал тэнцлээ
10 : 40
2019-1-29

ТББХ: УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлаар санал тэнцлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуулийн дагуу цаасаар нууц санал хураалт явуулж, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Б.Жавхлан нарын бүрэлдэхүүнтэй тооллогын комисс байгуулсан юм. 

Тооллогын комиссын даргаар Д.Хаянхярваа томилогдож, санал хураалтыг зохион байгуулсан юм. Ингээд нууц санал хураалт явуулж, тооллогын комисс дүнгээ танилцуулсан юм.

Тооллогын комиссын дарга, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Санал хураалтад 17 гишүүн оролцсоноос

 Дэмжинэ-8

 Дэмжихгүй- 8

 Хүчингүй- 1 санал гарлаа.

Ингээд санал хураалт тэнцэж, байнгын хорооны хуралдаанаар тооллогын комиссын саналыг дэмжих боломжгүй гэсэн саналын томъёоллоор чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дашрамд, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Ж.Батзандан, С.Бямбацогт, Б.Жавхлан, Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Б.Наранхүү, Л.Оюун-Эрдэнэ, О.Содбилэг, Д.Сумъяабазар, Д.Тогтохсүрэн, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Н.Энхболд, М.Энхболд, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нарын 19 гишүүн оролцсон юм.

Үүгээр байнгын хорооны хуралдаан түр завсарлалаа, дараагийн асуудлуудаа үдээс хойш хэлэлцэхээр боллоо.

10 : 17
2019-1-29

ТББХ: УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлаар нууц санал хураана

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Тус хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. Тогтоолын төсөлд УИХ-ын 39 гишүүн гарын үсэг зурсан юм. Тухайлбал,

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцээд, бусдыг нь дараа хэлэлцүүлвэл ямар вэ. МАНАН бүлгийнхэн хуйвалдаанд болчихлоо гээд гүтгүүлэхэд бэлэн байна. Шаардаж байгаа таван гишүүн өлсгөлөн зарлана гэж байна. Бид гишүүдийнхээ амь насыг хамгаалъя" хэмээн горимын санал гаргалаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан: 

-Эхлээд эхний асуудлаа хэлэлцээд 10.00 цагт чуулганы хуралдаан эхэлнэ. Дараагаар нь 15.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ. Хуралдаандаа идэвхтэй оролцоорой хэмээн анхааруулав. 

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Би “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг маш сайн мэдэж байгаа. Та энэ хувьчлалтай холбоотой юу.

УИХ-ын дарга М.Энхболд:

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан талаар тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдэж байсан. Тухайн үед би МАН-ын даргын хувьд энэ асуудлыг шалгуулна гэж мэдэгдэж байсан. Түүний дараа УИХ-ын тогтоол гаргаж, ажлын хэсэг байгуулсан. Хэн нэгнийг буруутгахын тулд юу ч хамаагүй ярьж болохгүй гэж бодож байна. Тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр хоёр ч Засгийн газар ажиллаж байгаа ч хэрэгжүүлэхгүй байгаа учраас дахин ажлын хэсэг байгуулж, шалгах үүрэг чиглэл өгсөн. Ажлын хэсэг одоо ч ажиллаж байна. Засгийн газар асуудлуудаа шийдвэрлэж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь Захиргааны хэргийн шүүх дээр унаж байгаа гэдгийг тайлбарлаж байгаа ч Засгийн газар өөрсдийнхөө байр суурийг хамгаалахгүй байгаа талаар дэд сайд хэлж байсан. Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Сингапурын компанид зарсан гэх асуудлыг надтай холбож, гүтгэж, гүжирдэх явдлыг би туйлын зарчимгүй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Би энэ тогтоолын төслийг хуулийн дагуу шийдэх ёстой гэдэг байр суурин дээр одоо ч байгаа. УИХ Үндсэн хуулиараа төрийн эрх дээд байгууллага бөгөөд хамгийн тогтвортой ажиллах том байгууллага. Тогтоолын төсөл дээрх агуулга нь ойлгомжгүй байна. Хувь хүнийг огцруулж байгаа бол тодорхой, үндэслэл, учир шалтгаан байх ёстой гэдгийг байнга хэлж байгаа. Дараагийн УИХ-ын дарга томилогдоход олонход таалагдаагүй бол гарын үсэг зурахад л шууд чөлөөлөгдөнө. Энэ бол маш буруу жишиг. Дараагийн УИХ даргад хэрхэн нөлөөлөх вэ. Энэ бол маш буруу жишиг. Чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавьж гэж тодотгожээ. Энэ юу гэсэн үг вэ. Парламентынхаа түүхэнд хар толбо үлдээж байгаагийнхаа хариуцлагыг МАН-ын та нар үүрнэ шүү.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Одоо ямар толбо үлдэхийг би мэдэхгүй байна. Гишүүд хуулийн дагуу тогтоолын төсөл оруулж ирсэн байна. Ер нь бол энэ асуудлын дараа УИХ-ын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг спикер, парламентын дархлааг тээгч чиглэл рүү явах зайлшгүй шаардлага байгаа юм. Тиймээс шинэ УИХ-ын дарга, намын бүлэг ярилцах байлгүй дээ. Бид цаг хугацаа, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж, энэ хуулийг аргагүй эрхэнд батлахаас өөр аргагүй болсон. Гэхдээ Монголын төр, парламент дархлаатай байх чиглэлээр ажлын хэсэг байгуулж, ажиллаж, хийх байлгүй дээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Ерөнхийлөгчөөс өргөн барьж, баталсан хуульд УИХ-д албан ёсоор тавьж гэдэг үг, үсэг орсон. Тиймээс 39 гишүүн үндэслэлээ гаргаж, гарын үсгээ зурж, өргөн барьсан. Хамгийн зөв гарц нь УИХ-ын дарга өөрөө өргөдлөө өгөх байсан. Одоо ч тэр боломж нь байгаа. 2018 оны нэгдүгээр сараас эхлэн УИХ-ын даргыг Ёс зүйн хариуцлага хүлээгээч гэдэг хүсэлтийг тавьж ирсэн. Түүний дараа бид хоёр ч удаа жагсаал зохион байгуулж, бойкот хийжсэн.

УИХ-ын гишүүд асуултаа хариулт авч дууссаны дараа УИХ-ын гишүүд саналаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Гишүүдийн яриад байгаа парламентын дархлаа гэдэгтэй санал нэг байна. МАН-ын хувьд ичиж үхмээр зүйл болж байна. Шударга бусын хонгил, 60 тэрбум гэсэн хоёр асуудлыг ярьсаар УИХ-ын даргыг огцруулна гэнэ. Шүүх, хууль хяналтын байгууллагаар энэ хүнийг буруутай гэдгийг тогтоогоогүй байхад ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гээд байх юм. Үнэхээр шударга байя гэвэл нийгэмд маш олон зүйл бий шүү дээ, залуучуудаа. Шударга ёс ярина гэвэл төмөр зам, ЖДҮ гэх мэт асуудлыг яагаад ярихгүй, үүний араас хөөцөлдөхгүй байна вэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх бид ард түмнийхээ итгэлийг алдахаас айдаг гэж байсан. Бид алдсан, тэр итгэлийг. Монголын төрд ноён нуруутай, тулхтай, буруу, зөвийг хар цагаанаар нь ялгаж чадах төрийн зүтгэлтэн үгүйлэгдэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-60 тэрбумын яриаг дотор нь байсныг мэдээд огцруулах гэж байна гэх юм. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр та нар өмөөрөөд л явж байсан шүү дээ. Болиоч та нар. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг та бүхэн кнопоороо олонхоороо шийдээд авсан. Тэгээд авсан бол юундаа айгаад байгаа юм бэ. Та нар алдаа гаргасан учраас шүүх, Цэц шийдвэр гаргасан. Энэ үйлдвэрийг дампууруулах сонирхол та нарт бий. Та нар сэтгэл хөдлөлөөр ажиллаж байхад нөгөө тал нь хуулийн дагуу ажиллаж байна. Монголын төрөөр чи хоёр удаа тоглож байна шүү. Залуу хүн байж битгий бусдын гар хөл бол.

Ингээд УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа санал хураалаа. Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын даргыг чөлөөлөх эсэх асуудлыг нууцаар санал хураах саналтай. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү ил тод санал хураах санал гаргасан ч хуульд нууцаар санал хураах ёстой учраас нууцаар санал хураасан юм.

УИХ-ын даргыг чөлөөлөх эсэх асуудлаар хуулийн дагуу цахимаар санал хураах, цаасаар хураах эсэх асуудлаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, цаасаар нууц санал хураалт явуулахаар болж, тооллогын комисс байгууллаа. 

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж