ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ойрын өдрүүдэд нэлээд эрэлттэй байна. УИХ-ын даргад нэр дэвшигчдийн жагсаалтыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар тэргүүлж байсан бол тус тусын салбарт тохиолдсон таагүй явдлаас болж тохиролцоо өөрчлөгдөж эхэлсэн гэлцэх болов. Шинэ тохироогоор ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар, харин түүний оронд ЗГХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг томилох таамаглал дэвшүүлэх боллоо. Ингэснээр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн бодлого, зорилтыг хэлбэрэлтгүй дэмжиж, УИХ-аар дэмжүүлэх төгс баг бүрдэх гэнэ.
Г.Занданшатарын хувьд УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй улс төрийн болон намын ажлын туршлагаар ёстой л “үе нь ирсэн” гэгдэх бөгөөд хамгийн гол нь намын даргатай нуур нугас мэт хамтарч ажиллах шаардлага шалгуурыг бүрэн хангаж буй гэж үзэж байгаа юмсанж. Тухайлбал, шинэ оны босгон дээр Салхитын ордод тусгай ажиллагаа явуулж, улмаар тус ордын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, улсын мэдэлд авах ажлыг гардан гүйцэтгүүлсэн “гавьяа”, ойрын үед татвар нуусан зэрэг гэм зэмтэй компаниудтай тэмцэхээ амласан, Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлэх үүрэг даалгавар өгсөн зэргээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай “гар, сэтгэл” нийлж ажиллах шалгуураа хангасныг харж болно. Мөн эдийн засгаа төрөлжүүлэх, экспорт, ялангуяа ноос, ноолуур, мах, махан бүтээгдэхүүн гээд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаагаа Дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй ярилцаж амжсан зэргээс харахад Намын дарга “хүчилж” чадвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд “угтах нөхцөл” бүрдсэн гэж хэлж болно.
Түүнчлэн нөлөө бүхий улстөрчийн “ширээний нүд”, “ширэн цүнхэнд” байнга нууцлагдаж яваа зургаар бол Л.Оюун-Эрдэнэ гишүүн бүл нэмэхээс эхлээд өнөөгийн Засгийн газарт нэлээд хөдөлгөөн орохоор сонирхолтой төлөвлөгөө бий гэнэ.