Өмнөд Солонгосын "чэбол" буюу элит гэр бүлүүд

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын "чэбол" буюу элит гэр бүлүүд

Өмнөд Солонгосын "чэбол" буюу элит гэр бүлүүд

Өмнөд солонгос нь ядуу, буурай улсаас хэдхэн жилийн дотор дэлхийн тав дахь том эдийн засаг болж хөгжихөд өнөөгийн томоохон корпорациудыг бий болгосон гэр бүлийн бизнесүүд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Бидний сайн мэдэх “LG”, “SK групп”, “Lotte”, “Korean air”, “Samsung”, “Хьюндай” зэрэг Өмнөд Солонгосын томоохон бизнесийн компаниуд нь бүгд “чэбол” хэмээн нэрлэгддэг бизнесийн элит гэр бүлүүдийн захиргаанд байдаг аж.

Өмнөд Солонгосын эдийн засагт нөлөөтэй том группүүд гэр бүлийн бизнесийн суурин дээр боссон тул тэдэнтэй холбоотой авлига хээл хахууль, ёс суртахууны зөрчил зэрэг олны шүүмжлэлд өртөхүйц хэргүүд байнга гардаг. Тухайлбал, 24 жилийн хорих ял сонссон тус улсын экс ерөнхийлөгч Пак Гын Хэгийн хэрэгт хэд хэдэн “чэбол” оролцсон нь батлагдсан байна.

ЧЭБОЛЫН ҮҮСЭЛ

Чэбол буюу “баян бүлэглэл” нь Японы зайбацутай тун төстэй. Зайбацу  ч бас гэр бүл, хэсэг бүлэг хүмүүсээс бүрэлдсэн бизнесийн монополь бүлэглэл гэсэн утгатай юм. Зайбацу нь Мэйжийн хувьсгалаас хойш Японы улс төр, эдийн засагт нөлөөтэй байсаар ирсэн боловч дэлхийн хоёрдугаар дайны дараа устаж үгүй болсон аж.

Японы эзэнт гүрний дарлалд байсан солонгосчуудын хувьд дэлхийн хоёрдугаар дайн, солонгосын дайны дараа өлсгөлөнгөөс ангижирч, эдийн засгаа түргэн хугацаанд хөгжүүлэх нь нэн тэргүүний асуудал болоод байв. Тиймээс Японы Зайбацутай адилаар эдийн засгаа хөгжүүлэх хамгийн дөт зам нь чэбол буюу элит гэр бүлүүдийг бий болгох болж хувирсан юм. Тиймдээ ч 1963 онд Пак Чун Хи генерал төрийн эргэлт хийснийхээ дараа экспортод чиглэсэн эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ элит гэр бүлүүдийг бий болгож эхэлсэн байна.

АНУ тэргүүтэй барууны орнуудаас Өмнөд Солонгосын Засгийн газарт орж ирсэн санхүү мөнгийг томоохон төсөл хөтөлбөрүүдэд хуваарилан, тендерүүдээ голдуу “сонгогдсон” хэдхэн компаниуддаа өгч эхэлснээр эдийн засгийн асар их нөөц баялагтай өнөөгийн чэболууд үүсч эхэлсэн аж. Тэднийг 1960-аад оноос хойш дэмжсэнээр улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон “Самсунг” Хьюндай тэргүүтэй корпорациудыг бий болгосон. Тэр дундаа “Самсунг” нь 1953 онд солонгосын дайн дууссаны дараа тус компани нь Өмнөд Солонгосын сэргэн мандсаны бэлгэдэл болсоор ирсэн билээ.

“Солонгосын шударга худалдааны комисс” байгууллагын мэдээлснээр одоогоор Өмнөд Солонгост 45 чэбол буюу бизнесийн элит гэр бүл байдаг аж.

ТОП ТАВАН ЧЭБОЛ

Чэболууд зөвхөн нэг салбарт, нэг улсад үйл ажиллагаагаа явуулдаггүй. Тухайлбал, “Самсунг” корпораци гэхэд л цахилгаан бараанаас гадна усан онгоц үйлдвэрлэл, зочид буудал их сургууль зэрэг оролцоогүй салбар байдаггүй аж. Түүнчлэн тус компани нь дэлхий даяар маш олон салбартай бөгөөд нийт 300 мянга гаруй ажилчинтай байгаа нь Apple, Google-ийг нийлүүлснээс ч их байгаа юм. Ингээд чэболын эрхэлдэг Өмнөд Солонгосын топ таван компанийн тухай мэдээллийг хүргэе.

Samsung

Өмнөд Солонгосын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн бэлгэ тэмдэг болсон “Самсунг” корпораци нь 1938 онд байгуулагдсан. Анх хятад руу жимс, хатаасан загас, гоймон экспортолдог жижиг компани байсан. Өнгөрсөн 80 жилийн турш тус компани нь үйл ажиллагаагаа цахилгаан бараа, даатгал, хөлөг онгоц, тансаг зэрэглэлийн зочид буудал, эмнэлэг, парк, их сургууль зэргээр тэлсэн бөгөөд өдгөө хамгийн том салбар байгууллага нь “Самсунг электроникс” юм.  “Самсунг” корпорацийг өнөөдөр гурав дахь үеийнх нь чэбол залгамжлан удирдаж байна. Форбес сэтгүүлд бичсэнээр тус корпорацийн эзэд нь Азийн хоёр дахь баян гэр бүл юм. “Самсунг” корпораци нь Өмнөд Солонгосын ДНБ-ийн 14 орчим хувийг дангаараа эзэлдэг.

"Самсунг"-ийг үүсгэн байгуулагчийн ургийн мод

Хьюндай

Үйл ажиллагаагаа 1947 онд жижиг барилгын компаниас эхэлсэн бол яваандаа усан онгоц үйлдвэрлэл, санхүү, даатгал, цахилгаан барааны зах зээл рүү тэлсэн. Харин 2003 онд Азийн санхүүгийн хямрал болсны дээр үүсгэн байгуулагч нь нас барсны дараа таван тусдаа компани болж салсан. Тэдгээрээс хамгийн том нь дэлхийд машин үйлдвэрлэлээрээ гуравт ордог “Хьюндай мотор групп” юм. Түүнчлэн “Хьюндай хүнд үйлдвэр” компани нь усан онгоцны дэлхийн хамгийн том үйлдвэр.

SК групп

Тус компани нь 1950-аад онд байгуулагдсан бөгөөд өдгөө 80 гаруй салбар байгууллагатай. Голдуу эрчим хүч, эм тариа, хөрөнгө даатгал, усан онгоцны үйлдвэрлэл, болон барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. Хамгийн алдартай салбар байгууллага нь Өмнөд Солонгосын хамгийн том утасгүй сүлжээний үйлчилгээний компани болох “SK telecom” юм. Түүнчлэн “SK Hynix” салбар компани нь санах ой буюу мемори карт үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрт ордог.

LG корпорац

LG гэдэг нь Lucky goldstar гэсэн үгийн товчлол юм. Тус компани нь үйл ажиллагаагаа  1947 онд химийн бүтээгдэхүүн, хуванцрын салбараас эхэлсэн бөгөөд 1960-аад оноос цахилгаан бараа, харилцаа холбоо болон эрчим хүчний салбарт ихээр хөрөнгө оруулах болсон. Харин 2005 онд компани дотор хагарал явагдаж GS гэх компани нь тусдаа гарсан. GS нь эрчим хүч, спорт, барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг.

Lotte

Үүсгэн байгуулагч Шин Кюк У нь 1948 онд Токиод үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үйл ажиллагаагаа анх бохь үйлдвэрлэн эхэлж байсан бөгөөд өдгөө ч бохины үйлдвэрлэлээрээ дэлхийд гуравт ордог. Гол үйл ажиллагаагаа явуулдаг салбар нь хүнсний бүтээгдэхүүн, их дэлгүүрүүд, зочид буудал, санхүү, даатгал, барилга, эрчим хүч, цахилгаан бараа болон энтертайнмент буюу кино театр, продакшнууд юм.

Пак генерал бууж, 1980-аад оноос Өмнөд Солонгос ардчилсан тогтолцоонд шилжих үеэр үеэр чэболын эрх мэдэл бага зэрэг хязгаарлагдсан. Гэхдээ томоохон бизнес болон Засгийн газрын хэлхээ холбоо нь хэвээр үлдсэн аж. Түүнчлэн 1997 оны азийн санхүүгийн хямралаар топ 30 чэболын 15 нь дампуурсан байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ТЭГШ БУС БАЙДЛЫГ БИЙ БОЛГОЖ БАЙНА

Хөгжиж буй орнуудын хөрөнгөтнүүд ихэвчлэн өөрийн хүчээр буюу хувийн бизнесээ өргөжүүлэх замаар баяжсан байдаг бол Өмнөд Солонгосын баячуудын ихэнх нь хөрөнгөө өв залгамжилж авсан байдаг аж. Тус улсын хамгийн баян 100 хүний 84 нь хөрөнгөө өв залгамжилж авсан байгаа нь солонгосын өв залгамжлах соёл бизнесийн салбарт гүнзгий шингэсэн байгааг харуулж байна.

Цөөн хэдэн гэр бүл удам дамжин бүхэл бүтэн улсын эдийн засгийн талаас илүү хувийг удирдаж байгаа нь том корпорациуд болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн ялгааг улам нэмэгдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, шударга өрсөлдөөний зарчим үгүй болж байна. Тухайлбал “чэбол”-ын эзэмшдэг компаниуд нь Өмнөд Солонгосын нийт компанийн 0.2 хувийг л эзэлдэг боловч үйл ажиллагааны ашиг нь 41 хувийг эзэлдэг байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд шинээр бий болгосон ажлын байрны орон тоо ч “чэбол”-ын компаниудад буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Чэболийг жижиг дунд бизнес, старт-апын хөгжилд саад хийх замаар эдийн засгийн өсөлтийг зогсоож байна хэмээн хүмүүс ихээр шүүмжлэх болсон.

ХУУЛЬ БУС ЯВДЛУУД ГАЗАР АВСААР

“Чэбол”-ын хувьд 2017 он хүндхэн жил байсан. Тухайлбал, Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дуулиант хэрэгт холбогдсон “Samsung” корпорацийн тэргүүн Ли Чэ Ён таван жилийн ял авсан билээ. Мөн энэ хэрэгт “Lotte” группийн ерөнхийлөгч Шин Дон Би ч бас татагдан, хэрэгтний сандал дээр сууж байв.

Ли Чэ Ёны эцэг болон олон магнатууд өмнө нь авлига, мөнгө шамшигдуулсан, татвараа төлөөгүй зэргээр буруутгагдаж байсан боловч шийтгэлээс яаж ийгээд мултарчихдаг байлаа. Учир нь тус улсын төр засгаас бизнес рүүгээ дайралт хийвэл эдийн засагт хор хохиролтой гэж болгоомжилдог аж.

Чэболууд авлигын хэрэгт холбогдож, баривчлагдах нь түгээмэл боловч тэднийг шудрагаар шүүж, хорих ял оноох нь бараг л үгүй аж. Тэд ялаа үүрэхийн оронд их хэмжээний мөнгөн торгууль төлөх, ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдах, эсвэл шүүхээс тэдний ялыг нь хойшлуулах, түдгэлзүүлэх зэргээр үйл явц өрнөдөг байна.

БНСУ-ын “чебол” буюу гэр бүлийн томоохон компанийн удирдлагууд шоронд орсон ч хуульчид болон нарийн бичгээрээ дамжуулан албан ажлаа хийдэг жишиг байдаг ажээ.

Холбоотой мэдээ

“Korean air”-ийн онгоцны үйлчлэгчид 18 мянган ам.долларын нөхөн төлбөр олгожээ

“Korean air”-ийн онгоцны үйлчлэгчид 18 мянган ам.долларын нөхөн төлбөр олгожээ

Ли Чэ Ёны хувьд шүүхэд давж заалдсаны дараа удалгүй суллагдсан бөгөөд түүнийг ялыг түдгэлзүүлсэн байна. Хэрэгт “Lotte” группийн ерөнхийлөгч Шин Дон Би ч бас Пак Гын Хэтэй холбоотой авлигын хэргээр 30 сарын хорих ял сонссон ч найман сарын дараа суллагдан, мөн л ялыг нь түдгэлзүүлсэн.

УЛС ТӨР- ЧЭБОЛ

Зарим улстөрчид сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлэхийн тулд чэболуудаас тусламж авдаг. Харин эргээд тэднийг сонгогдсоны дараа лобби хийх маягаар улс төр, чэбол хоёрын тасралтгүй гинжин холбоо үүсдэг байна. Түүнчлэн чэболууд авлига өгөх, татвараас зайлсхийх зэрэг нь ноцтой асуудал биш болоод удаж байгаа аж.

Дэлхийн хоёрдугаар дайн, японы эзэрхийллээс хойш Өмнөд Солонгосын эдийн засгийг сэргээн хөгжүүлэхэд чэболууд чухал үүрэг гүйцэтгэсэн боловч тус улсын эдийн засаг сүүлийн 10, 20 жилд эдийн засгийн өсөлт нь хоёр оронтой тооноос гурван хувь хүртэл буурсны гол шалтгаан эдийн засагт өрсөлдөөний зарчмыг үгүй хийж байгаа чэболуудтай холбоотой юм.

Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлт удааширч, бизнес-Засгийн газрын хэлхээ холбооноос үүдэлтэй хууль бус хэргүүд газар авснаас үүдэн чэболуудыг задлахыг дэмжих болсон. Түүнчлэн экс ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дуулиант хэрэг гарснаас хойш ард иргэд нь чэболуудыг эсэргүүцэх, үзэн ядах хандлага нэмэгдсэн. Түүнд авлига өгсөн хүмүүс нь цөм томоохон чэболууд байсан аж. Дашрамд дурдахад экс ерөнхийлөгч И Мюн бак ч бас өнгөрсөн онд чэболуудтай холбоотой авлигын хэрэгт холбогдож, баривчлагдсан.

ИРЭЭДҮЙ

Чэбол нь Өмнөд Солонгосын эдийн засгийг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн ч маш олон улстөрч болон хөрөнгө оруулагчид үүнийг XXI зууны эдийн засгийн хэв маягт тохирохгүй хэмээн шүүмжилдэг. Тус улсын жирийн ард иргэд ч бас хөрөнгийн ихэнх хэсгийг хэдхэн баян гэр бүлүүд эзэмшиж байгаад, мөн тэдний хэрээс хэтэрсэн ааш авир гарган, гэмт хэрэгт холбогдоход төр засаг нүдээ аниад өнгөрүүлж байгааг эсэргүүцэх болсон.

Тус улсын эдийн засаг цаашид тогтвортой хөгжихийн тулд бизнесийн салбар, инновацийг “хэт төвлөрсөн том чеболь” буюу угсаа дамжсан конгломерат бүлийнхний хүрээнээс гаргах хэрэгтэй болоод байна. Өөрөөр хэлбэл, Японы зайбацутай адилаар тэднийг задлах цаг нь болсон хэмээн ард иргэд төдийгүй улстөрчид нь үзэх болов.

Одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэн Ин ч бас сонгуулийнхаа кампанит ажлын үеэр чэболь гэж нэрлэдэг үе залгамжилсан асар том бизнес гүрнүүдийг задлах амлалтыг өгч байсан.

Өдгөө Өмнөд Солонгост тулгамдаад буй чухал асуудлын нэг бол орлогын тэгш бус байдал, жирийн ажилчдын карьераа өсгөх хязгаарлагдмал боломж болон залуучуудын дундах ажилгүйдэл зэрэг юм.

Эх сурвалж: HanKyoreh, Bloomberg

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж