Хойд Солонгос Сөүлд агаарын цохилт өгнө гэв

Хуучирсан мэдээ: 2015.03.31-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос Сөүлд агаарын цохилт өгнө гэв

 

Хойд Солонгос Сөүлд агаарын цохилт өгнө хэмээн сүрдүүлжээ. Өмнөд Солонгосын засгийн газар Сөүлд НҮБ-ын оффисыг нээх ажлыг үргэлжлүүлсээр байвал “өршөөлгүйгээр шийтгэнэ” хэмээн Пхеньян мэдэгдсэн байна. НҮБ Хойд Солонгос дахь хүний эрхийн байдлыг ажиглах зорилгоор Сөүлд салбар оффисоо нээх гэж буйг Пхеньян эсэргүүцжээ.

 

Пхеньяний Солонгосыг энх тайвнаар нэгтгэх хорооноос  (CPRK) мэдээлэхдээ  НҮБ-ын оффисыг Сөүлд нээх нь уучилшгүй “өдөөн хатгалга” хэмээгээд энэ нь “агаарын цохилтын эхний бай” болно гэжээ.  Хойд Солонгост хүний эрхийг зөрчигдөж буй талаар комиссын дүгнэлтэнд үндэслэн НҮБ Сөүлд оффисоо нээх саналыг өнгөрсөн оны тавдугаар сард Өмнөд Солонгост тавьжээ. НҮБ-ын салбар оффис Сөүлд энэ оны эхний улиралд үүдээ нээхээр төлөвлөсөн аж.

 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл анх удаа Хойд Солонгосын хүний эрхийн асуудлаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хуралдсан юм. Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, цэрэг армийн заналхийлэл, Пхеньяний эсрэг хоригийн талаар хэлэлцэж байснаас хүний эрхийн асуудлыг хөндөж байгаагүй аж. Өмнө нь НҮБ-ын Ерөнхий ассамблей Хойд Солонгосыг олон улсын эрүүгийн шүүхэд өгөхийг Аюулгүйн зөвлөлөөс шаардсан тогтоолын төслийг баталсан аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence-France Presse
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж