Сургалтын төвүүдэд орогносон гэмт хэрэгтнүүд

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

Сургалтын төвүүдэд орогносон гэмт хэрэгтнүүд

Нигер улсын иргэн, 31 настай Шон гэгч өчигдөр /2019.01.28/ Тайланд улсаас Монгол Улс руу шуудангийн илгээмжээр их хэмжээний хар тамхи оруулж ирэх явцад нь цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн, түүнийг баривчиллаа. Цагдаагийн алба хаагчид Шоны шуудан илгээмжээс 300 сая төгрөгийн үнэ бүхий ICE буюу мөс гэх хар тамхийг хураан авчээ. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хэрвээ Шон шуудан илгээмжийг ашиглан хар тамхи оруулж ирэхээр завдсан болох нь тогтоогдвол түүнд Монгол Улсын хуулийн дагуу ял, шийтгэл оноох юм.

Нигер улсын иргэн Шон нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Upline” сургалтын төвд англи хэлний цагийн багшаар ажилладаг бөгөөд ийнхүү хар тамхи оруулж ирэхийг завдсан хэрэгт холбогдоод байна.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг сургалтын төвд англи хэл заах нэрийдлээр гэмт хэрэг үйлдэхийг завдсан нь ганц Шон биш ээ. Сүүлийн жилүүдэд сургалтын төвөөр дамжин гаднын этгээдүүд орж ирэх хандлага их болжээ.

Тодруулбал, 2017 оны арванхоёрдугаар сарын сүүлээс 2018 оны хоёрдугаар сарыг хүртэл Сантис сургалтын төвд IELTS бэлтгэх курст багшилж байгаад хожим нь "Рояал" академид хэдхэн сар багшилж байсан Майкл Дэвисийн талаар дэлхийн томоохон хэвлэлүүд шуугиж байсан удаатай. Тэрбээр Лондоны хойд хэсэгт оршдог Highbury Fields сургуульд түүхийн хичээл заадаг байсан нэгэн. Түүхийн хичээл заахдаа хүмүүсийн бэлгийн чиг хандлагыг товойлгон ярьдаг байсан тухай сурагчид нь илчилжээ. Үүнээс гадна, Майкл Дэвис нь насанд хүрээгүй сурагчдаар эссэ бичүүлэхдээ ч гэсэн бэлгийн чиг хандлагын тухай сэдэв өгдөг байсан гэнэ. Улмаар сургуулийн захирал нь түүнийг хуулийнханд мэдэгдснээр Майкл Лондонд багшлах эрхгүй болж, сургуулиасаа хөөгдөв. Дараа нь тэрбээр БНХАУ-д хүртэл англи хэл зааж байгаад хөөгдөж байсан тухай Хятадын хэвлэлүүд ч мэдээлэв.

Гэхдээ Майкл Дэвис нь 2018 оны дөрөвдүгээр сарын сүүлээр Монгол Улсаас явсан ажээ.

Майкл Дэвис гэх хүний талаарх мэдээллийг доорх линкнээс унших боломжтой.

Энэ мэтчилэн гаднын улсын “гэмт хэрэгтнүүд” сургалтын төвийн нэрээр халхавчлан манай улсын хилийг давсаар байх уу? Гадаад улсаас орж ирж буй иргэдэд ямар хяналт тавьдаг талаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнгөөс тодруулсан юм.

Тэрбээр хэлэхдээ "Одоогийн мөрдөгдөж буй хуулиар Монгол Улсын иргэнтэй гэр бүл болох гэж буй гаднын иргэн эвсэл Монгол Улсын харьяат болох гэж буй иргэнээс бид ял шийтгэл эдэлж байсан эсэх талаарх бичиг баримтыг шаардаж авдаг. Гэхдээ сүүлийн үед сургалтын төвөөр дамжин янз бүрийн хүмүүс орж ирэх хандлага их байгаа. 60, 70 настай хүн Монгол хэл сурна гээд ирэхэд бид харддаг. Сургалтын төвд 60, 70 настай  хүн хэл сурах нь хамаа байхгүй, төлбөрөө авч байвал болдог. Өөрөөр хэлбэл, сургалтын төвүүд бизнесийн ашгаа л хардаг. Иймээс хэд хэдэн сургалтын төв дээр бид виз олголтын асуудалд хяналт тавьж байгаа. Англи хэлтэй гэхээр л манайхан урьж залдаг байдлаа болих хэрэгтэй байна. Иймэрхүү мэдээлэл байгаа тохиолдолд бидэнд мэдээлж байх хэрэгтэй. Бид мэдээллийн дагуу шалгана" гэв.

Үүнээс гадна, хилийн чанадаас Монгол Улсыг зорин ирж буй иргэдийн мэдээллийг нислэгийнх нь бүртгэл эхэлмэгц хүлээн авдаг байх APP системийг  манай улс нэвтрүүлэхээр болсон гэв. Өнөөдөр ашиглаж байгаа систем нь нислэг хөөрснөөс хойш 10-15 минутын дараа тухайн онгоцонд зорчиж буй иргэний мэдээллийг манай улс хүлээн авдаг юм байна. Энэ нь заримдаа мэдээлэл нь ирэхгүй байх тохиолдолд ч гардаг гэнэ.

Мөн Гадаадын иргэдийн бүхий л мэдээллийг хадгалдаг системээ Интерполын системтэй холбох ажлыг энэ 2019 оноос хийж эхэлнэ гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж