АНУ ОХУ-ын гурван компанид тавьсан хоригоо яагаад цуцлав

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

АНУ ОХУ-ын гурван компанид тавьсан хоригоо яагаад цуцлав

АНУ ОХУ-ын гурван компанид тавьсан хоригоо яагаад цуцлав

АНУ-ын Сангийн яам ОХУ-ын тэрбумтан Олег Дерипаскатай холбоотой хойд хөршийн “Русал”, “En+”, "Евросибэнерго" компаниудад авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцлав. Гэвч тэрбумтанд авсан хориг арга хэмжээ хэвээр үлдсэнийг мэдэгдээд буй юм.

Тус яам мэдэгдэлдээ “Хөнгөн цагааны “Русал”, түүний эцэг компани “En+”, эрчим хүчний “EuroSibEnergo” компаниуд өөрсдийн эзэмшил дэх Олег Дерипаскагийн шууд болон шууд бус оролцоог бууруулж, удирдлагад үзүүлэх нөлөөг нь багасгасан тул ийм шийдвэрт хүрсэн” хэмээн дурджээ. Дээрх компаниуд тэдний тавьсан нөхцөлүүдийг биелүүлж, аудит хийлгэхийг зөвшөөрсөн байна.

Хэрэв "хар жагсаалт"-аас гарах болзлоо зөрчвөл Дерипаскатай холбоотой компаниудад дахин хориг арга хэмжээ авч болзошгүй аж. Америкийн Конгрессийн олон гишүүн Трампын сонгуулийн кампанит ажилд "Оросын ул мөр" байгаа эсэхийг мөрдөн шалгаж буй энэ үед ямар нэгэн байдлаар Дерипаскатай холбоотой компаниудад шийтгэл оноох нь зохисгүй юм гэж үзжээ.

Гэсэн хэдий ч ВВС-гийн сэтгүүлч Ким Гитлесоны хэлснээр, янз бүрийн бизнесийн бүлэглэлүүд Дональд Трампын засаг захиргаанд дарамт шахалт үзүүлж, дээрх гурван компанид хориг арга хэмжээ авахыг эрмэлзэж байгаа аж.

Дэлхийн хөнгөн цагаан нийлүүлэгч хамгийн том компаниудын нэг "Русал"-д хориг арга хэмжээ авсны дараа дэлхийн хөнгөн цагааны үнэ огцом өсчээ. Хонконг, Москвагийн Хөрөнгийн бирж дээр "En+", "Русал" компаниудын хувьцааны ханш өссөн байна.

“En+” групп нь Захирлуудын зөвлөлөө бараг бүрэн шинэчилсэнээ зарласан байна. Хуучин бүрэлдэхүүнээс зөвхөн дээрх гурван компанийг “хар жагсаалт”-аас гаргах төлөвлөгөөг зохиогч Грегори Бэйкер л үлджээ. "Видимости"-д мэдээлснээр, Кристофер Бэнкрофт Берн, Карл Хьюс, Жоан Макнафтон, Николас Йордан, Игорь Ложевский, Александр Чмель болон Андрей Шаронов нарыг компаниудын зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх талаар АНУ-ын Сангийн яамтай зөвшилцжээ.

АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд, дээрх компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлд Дерипаскатай бизнесийн болон гэр бүлийн хэлхээ холбоогүй АНУ, Европын иргэд хараат бус гишүүдээр томилогдож, олонхи болж чадсаныг дурсан байна.

АНУ-ын Сангийн яам 2018 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр ОХУ-ын долоон олигархи, 17 дээд албан тушаалтан, 12 компанид хориг тавьсны дотор Олег Дерипаскийн гурван компани багтжээ. Зарим хэвлэлд түүний найман үл хөдлөх хөрөнгийг “хар жагсаалт”-д оруулсан гэж мэдээлсэн байна.

АНУ-ын Сангийн яамнаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр бизнесмен Дерипаскатай холбоо бүхий компаниуд дахь түүний эзэмшлийн хувийг бууруулсны дүнд дээрх гурван компанийг "хар жагсаалт"-аас гаргахаар шийдвэрлэсэн байна.

АНУ-ын Сангийн яамны дэргэдэх Гадаад хөрөнгийг хянах газрын тайланд дурдсанаар, хориг арга хэмжээг 30 хоногийн дотор цуцлахад бэлэн байгаа тухай мэдэгдсэн ч нэгдүгээр сарын эхээр Ардчилсан сенатчид энэ асуудалд хөндлөнгөөс оролцож эхэлжээ. Тэд "En+" компанийн Захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөх, Дерипаскаг компаний хувь эзэмшлээ 70%-44.95% болгон бууруулж, хувьцааныхаа зарим хэсгийг буяны санд шилжүүлж, ВТБ банкин дахь хувь эзэмшлээсээ татгалзахыг шаарджээ. Оросын бизнесмен эдгээр нөхцлийг хүлээн зөвшөөрсөн байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж