Эрсдэлтэй мэс заслыг гаднын эмч нартай хамтран гүйцэтгэж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

Эрсдэлтэй мэс заслыг гаднын эмч нартай хамтран гүйцэтгэж байна

Монгол эмч нарын ур чадварыг дэлхий үнэлж эхэлсний нэг тод жишээ нь Оросууд Монголоос туршлага судалсан явдал байлаа. Иргэд гадаадад өндөр өртгөөр эмчлүүлэхээс илүү эх орондоо хямд зардлаар олон улсын түвшинд хүрсэн эмчилгээг хийлгэх боломж бүрдсэнийг эмч нар зөвлөх болсон. Энэ талаар Хавдар судлалын үндэсний төвийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч Р.Мөнхбаттай ярилцлаа.

-Элэг шилжүүлэн суулгах ес дэх удаагийн мэс засал амжилттай боллоо. Өвчтөний биеийн байдал ямархуу байна вэ. Оросууд Монгол эмч нараас суралцахаар ирсэн явдал олны анхаарлын төвд байлаа?

– Хавдар судлалын төв эмнэлэг 2018 оны нэгдүгээр сараас элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттайгаар эхлүүлсэн. Ингээд нэгдүгээр сарын 23-нд ес дэх удаа мэс заслыг амжилттай хийлээ. Өвчтөний биеийн байдал одоо сайн байна. ОХУ-ын Эрхүү хотын Хавдрын төв эмнэлгийн эмч нар баг бүрэлдэхүүн болох элэг шилжүүлэн суулгах мэс заслын хагалгааг хийх гурван эмч, унтуулгын хоёр эмч, мэс заслын сувилагч хоёр, элэгний эмч, лабораторийн эмч гэх зэрэг 11 хүн манай төвд сургалтад хамрагдаж байна. Сургалтын үеэр манай төв эмнэлэгт хийгдэж буй мэс засал ямархуу түвшинд хийгдэж байна вэ, ямар тоног төхөөрөмж ашиглаж байна гэх мэт туршлага солилцож байгаа юм. Эрхүү хотын Хавдар судлалын төв эмнэлэгт 2019 онд багтан элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийх гэж байгаа. Энэ үеэр Монгол эмч нар Оросуудад зөвлөж, туслах байдлаар ажиллана.

Бид Монгол хүнд тохирсон арга техникийг судалж, тоног төхөөрөмжийг оруулж чадсан учраас элэг солих мэс заслыг амжилттай хийж байгаа. Аливаа нэг зүйл нь дутагдалтай л байвал бид элэг шилжүүлэх суулгах мэс заслыг хийж чадахгүй. Энэ нь магадгүй дэлхийд Монгол Улсын “школа”-ийг таниулж эхэлж байгаа гэж харж болно.

Бидний ур чадвар, заах арга барилыг үнэлсэндээ ОХУ-ын эмч нар ирж суралцаж байна. Бидэнд оросуудад хичээл заах боломж байгаагүй. Тиймээс энэ нь бидний ур чадварыг үнэлсэн хандлага болов уу гэж харж байна. Монгол эмч нар сүүлийн дөрөв, таван удаагийн элэг шилжүүлэн суулгах мэс заслын 80-аас дээш хувьд нь бие даан ажилласан. Бид аюултай гэж үзсэн зарим мэс засалд гаднын эмч нарыг урьж, хамтран ажиллаж байна. Цаашид бид элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголдоо нутагшуулж, өөрсдийн хүчин чадлаараа байнгын үйл ажиллагаатай болохоор зорьж байна.

-Иргэдийн хувьд Өмнөд Солонгос, БНХАУ, Энэтхэг зэрэг гаднын оронд өндөр өртгөөр мэс засал хийлгэхийг илүүд үздэг. Гэтэл энэ хэрээр иргэдийн зарим нь эдийн засаг, сэтгэл санаагаараа хохирч байна. Зуучлагч байгууллагуудад итгэхээс илүү Монголдоо эмчлүүлэх нь илүү хямд зардал тусна. Эмч нарын ур чадвар, эмнэлгийн тоног төхөөрөмж олон улсын түвшинд хүрсэн болов уу?

-Монголд элэг шилжүүлэн суулгах мэс засал болон бусад эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг олон улсын түвшинд хийж байгаа. Монгол эмч нар нэгэн үе Орос эмч нараас суралцаж, тэдний арга барилаар л ажилладаг байлаа. Ардчилал гарснаас хойш олон улстай нээлттэй харилцах болж, гаднын өндөр хөгжилтэй орнуудаас бид туршлага судлах болсон. АНУ, Өмнөд Солонгос, Энэтхэг улсад суралцаж, туршлага судалж байна. Өмнөд Солонгос улсын “Самсунг” эмнэлэгт ашигладаг тоног төхөөрөмжийг Хавдар судлалын үндэсний төв ашигладаг боллоо. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр “Өмнөд Солонгост очсон Монголдоо эмчлүүлсэн хоёр ялгаагүй болсон гэсэн үг. Нөгөө талаас Монголд элэгний хавдрын өвчлөл дийлдэхгүй хэмжээнд хүрсэн. Энэ ачааллыг тодорхой хэмжээгээр нь бууруулдаг нь төрийн бус байгууллагууд юм. Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийгээд жил гаруй хугацаа л өнгөрч байна. Хэдийгээр улсын нэгдүгээр эмнэлэг 2011 оноос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлсэн ч өнөөдрийн байдлаар 65 хүнд л энэ хагалгааг хийгээд байгаа. Гэтэл жил бүр элэг солиулах шаардлагатай 200 хүртэлх хүний тусламж үйлчилгээнд төрийн болон төрийн бус байгууллага хувь нэмрээ оруулж, ачааллаас нимгэлж байна. Тиймээс эдгээр байгууллагыг буруутгаж бас болохгүй. Иргэдийн хувьд Өмнөд Солонгос, Энэтхэгт эмчлүүлэхээр их явж байна. Магадгүй тэд мэс засалд орохын тулд  2-3 жил хүлээхгүй, хурдан л эмчлүүлэхийг бодож байгаа. Тэр хүмүүсийн амь нас аврагдсанд баяртай байна. Мэдээж элэг шилжүүлэн суулгах мэс засал нь өөрөө эрсдэлтэй, цаашид гарах хүндрэл их учраас зарим нэг харамсалтай тохиолдол гарч байсныг үгүйсгэхгүй.

-Монголд элэг шилжүүлэн суулгах мэс засалд орлоо гэхэд хэчнээн сая шаардлагатай вэ?

-Улсын төсвөөс энэ жил 10 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслын мөнгийг хязгаарлагдмал хэмжээтэй өгч байгаа. Бидэнд тооны хувьд боломжит хязгаар гэж бий. Өөрөөр хэлбэл, 10 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг тодорхой хөнгөлөлттэй үнээр хийдэг гэсэн үг. Улсаас тухайн хүний мэс заслын зардлын 3/2-ыг нь төлж байгаа юм. Элэгний мэс заслын дараах хэрэглэж байгаа эм тарианы өртөг нь маш өндөр. Эмч ажилчдын хөлс өртөг тооцохгүйгээр бодоход дор хаяж 130 сая төгрөг болдог учраас 10-аас дээш тооны хүмүүст элэг шилжүүлэн суулгах хагалгааг мөнгөөр хийхээс өөр аргагүй болно. Гадаадад бол эмчилгээний зардлаа 100 хувь төлнө. Санхүүгийн хувьд эрс ялгаатай. Хоёрдугаарт, өвдсөн хүн гаднын эмчид өвчнийхөө оношийг зөв ойлгуулах, эмчийн зөвлөгөөг авч 100 хувь ойлгох гэдэг хэцүү. Гуравдугаарт хүнд хагалгаанд орсон хүн долоо хоног бүр цаашид сар бүр хоёр жилийн хугацаанд тогтмол эмнэлгийн хяналтад байх шаардлагатай. Гэтэл хяналтад орох бүртээ Өмнөд Солонгос, Энэтхэг явна гэдэг бол зардал мөнгөнөөс авхуулан бие махбод олон зүйлд маш хүндрэлтэй асуудал үүсэх юм.

-Элэг солиулснаар тухайн хүн мэс заслын дараа хэчнээн жил амьд явах боломжтой вэ. Мэс заслын дараах нас баралт буурсан уу?

-Өвчтөн мэс заслаас хойш нэг жилийн дараа амьд байх боломж 95 хувиас дээш байх магадлалтай. Гурван жилийн дараа амьд байх магадлал нь 75 хувь ба түүнээс дээш байдаг. Энэ бол манай төвийн үзүүлэлт биш. Дэлхийн дундаж үзүүлэлт юм. Жилд 400-аас дээш тооны хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг олонх төвүүдийн нэг болох Өмнөд Солонгосын “Самсунг” эмнэлгийн үзүүлэлтийг би сая хэллээ. Монголд энэ үзүүлэлтийг доош татаж буй шалтгаан нь элэгний хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байгаа учраас хавдар дахихаас урьдчилан сэргийлэх, сайн хяналт явуулах гэдэг асуудал тулгарч байна. Энэ бол маш чухал асуудал болсон. Тиймээс мэс засалд орсон хүмүүс бидний зөвлөсөн цаг хугацаанд буюу мэс заслын дараах өдрүүдэд буюу долоо хоногт нэг удаа, сард нэг удаа үзүүлж, хяналтын шинжилгээнд хамрагдах ёстой. Тодорхой тооны эмүүдийг нэмж хэрэглэхээс өөр аргагүй. Нас баралтын тухайд жилд 1500-2000 хүн хавдраар оношлогдож байхад, ийм оноштой 1500-1800 хүн жилд нас бардаг. Энэ тоог бид багасгаж чадна. Одоохондоо элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийгээд жил өнгөрч байна. Бид нийт 10 хүнд л элэг сольсон байна. Энэ хүмүүсийн амь насыг аварч чадсан.

-Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон л бол өөрийгөө эрүүл боллоо гэж бодож болохгүй байх. Мэс заслын дараах хяналтад иргэд хэр идэвхтэй ордог вэ. Магадгүй эдийн засгийн нөхцөл байдлаасаа шалтгаалан тогтмол хяналтад орж чаддаггүй байхыг үгүйсгэхгүй?

-Иргэд “би ямар хавдраар өвдөх эрсдэлтэй вэ” гэдгээ тодорхойлуулах ёстой. Үүнийг тодорхойлдог байгууллага нь Хавдар судлалын үндэсний төв болон Эрүүл мэндийн салбар. Хэрэв та элэгний В, С, Д вирустэй бол элэгний хавдраар өвдөх магадлалтай гэсэн үг. Хатуурлын зэрэг архаг өвчлөл нь ямар шатанд байхаас шалтгаалан таны хяналтад байх цаг хугацаа гурван сар, зургаан сар эсвэл жил байх уу гэдэг нь тодорхой болно. Таны аливаа нэг хавдраар өвдөх эрсдэлийг тодорхойлох боломж амархан. Үүнээс шалтгаалан та 45-50 наслах уу, 50-аас дээш наслах уу гэдэг нь тодорхой болно. Гэвч гурван сар тутамд эмнэлэгт үзүүлэх бололцоо нь хэр байгаа юм, үүнийг хэр их ухамсарлаж байна гэдэгт л асуудал оршдог. Жишээ нь тухайн хүн гурван сар тутамд Хавдар судлалын үндэсний төв дээр шинжилгээ өгөхөөс илүү хүүхдийнхээ сургалтын зардлыг яаж төлөх вэ, хоногийн хоолны мөнгө, гэр ахуйн хэрэглээ, өр зээл,  ажил гэдэг асуудал нь нэн тэргүүнд байгаа учраас л өвчнөө хүндрүүлдэг. Өнөөдөр хавдар гэсэн оноштой нийт хүмүүсийн 80 хувь нь хожуу шатандаа оношлогдсон байдаг. Харамсалтай нь, энэ бол Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал хүн амын эрүүл мэндийн боловсрол дутмаг байдлаас шалтгаалж байна. Манайхан биед нь ямар нэгэн зовуурь илрээгүй л бол эмнэлэгт ханддаггүй. Монголчуудын нэн чухал асуудал нь эрүүл мэнд гэдгийг л ухамсарлах нь чухал байна.

-Хавдар судлалын үндэсний төвд жилд хэчнээн хүн элэг тайруулах мэс засалд орж байна. Мөн элэгний хатуурал нь хүнд шатандаа орсон, хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг болсон тухайд хэр найдвартай вэ?

-Хавдар судлалын үндэсний төвд 2000 оноос элэгний мэс засал хөгжиж эхэлсэн. Жилд 2500 хүн элэгний хатуурал, хорт хавдраар оношлогдож, 300-400 хүнд элэг тайрах мэс заслыг хийж байна. Улсын хэмжээнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг жилд 40 хүнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон манай төвийн эмч нар хийж байна. Бид дээд хүчин чадлаараа ажиллаа гэхэд л ийм тооны хүнд мэс засал хийж байхад цаана нь элэг солиулах шаардлагатай 100 орчим хүн хүлээж байдаг. Гэтэл энэ хүмүүсийн дийлэнх буюу 90-ээс дээш хувь нь донор олдохгүй байгаа шалтгаанаар хүлээж байна. Доноргүй бол бидэнд ямар ч арга байхгүй. Монгол Улсын хэмжээнд донор байхгүй хүнд тархи нь үхсэн донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийх нэн шаардлагатай байна. Хууль зүйн хувьд энэ хагалгааг хийх боломж бүрдсэн. Элэг нь өөрөө өөрийнхөө чадамжаар ажиллаж чадахаа больсон, тэр хүнийг амьдруулж чадахгүй болсон нөхцөлд элэг сольдог. Бид хавдартай өвчтөнийг сонгож мэс засал хийдэг. Цаашид элэгний хатууралтай хүнд элэг солих мэс заслыг хийнэ. Энэ бүхнийг зөвхөн эмч хүн асуудлыг шийдэхгүй. Урьдчилан сэргийлэх асуудал яригдана. Монголчууд архины хэрэглээгээ багасгаж, вирусээс урьдчилан сэргийлж, жингээ багасгаж чадна. Үүнд эрүүл мэндийн боловсрол шаардлагатай. Эмчийн үүрэг их бага. Дараа нь эрт илрүүлэгт хамрагдах нь чухал.

-Элэгний өвчлөл буурахгүй байгаа шалтгаан нь амьдралын буруу хэв маяг, хэт таргалалттай салшгүй холбоотой байх. Элэгний өвчлөлийг үүсгэж буй гол шалтгаан нь юу вэ?

-Элэгний өвчлөлийг үүсгэдэг шалтгаануудын дотроос 80-90 хувь нь вирустэй холбоотой. Бид 1992 онд В вирусийн вакцин хийж эхэлсэн. Үүнээс өмнөх онд төрсөн хүмүүст В, Д вирусийн эсрэг дархлаа байхгүй. Шууд өвдөх магадлалтай. Өнөөдрийн байдлаар В, С вирусийг бүрэн эмчилж байна. Хэдийгээр эмчлэгдэж байгаа ч өмнө нь нийгэмд олон хүнийг хамарсан халдварын асуудал хэдхэн хүнийг эмчилснээр шууд шийдэгдэхгүй. Үүнд дахин 20 жил шаардлагатай. Магадгүй 20 жилийн дараа В,С вирусийн шалтгаант элэгний өвчлөл устаж алга болох бүрэн боломжтой. Гэтэл В, С вирустэй атлаа жин ихтэй, архины хэрэглээ өндөр бол элэгний өвчлөлөөс зайлсхийх боломж монголчуудад үнэхээр бага байдаг боловч гол үндсэн шалтгаанаа бид эмчилж эхэллээ.

-Шивээсний зүү болон хувийн шүдний эмнэлгүүд ариун цэврийг сахиагүйгээс элэгний В,С вирус тархах өндөр магадлалтай гэдэг. Гоо сайхны болон хувийн шүдний эмнэлгүүдээс зарим нь эрүүл ахуйн шаардлага хангадаггүй байх?

-Охид, залуусыг шивээс битгий хийлгэ гэж хэлэхгүй. Хамгийн гол хаана, аюулгүй, зөв мэргэжлийн байгууллагуудад хандаж энэ үйлчилгээг авч байх ёстой. Шүдний эмнэлэг, гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаар дамжин элэгний В,С вирус дамжих боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй. Танд хэрэглэж байгаа зүү, ямарваа нэгэн шивээс, шүдний эмнэлгийн багажууд бүгд нэг удаагийн байх, В,С вирусийг устгах  хэмжээний ариутгалын багажтай байх ёстой. Үүнд мэргэжлийн хяналтын байгууллагууд маш сайн анхаарлаа хандуулж ажиллах цаг нь болсон. Өнгөц харахад болж байгаа мэт боловч, ерөнхийдөө бол асуудалтай. Бэлгийн замаар элэгний В, С вирус халддаг нь 100 хувь батлагдаагүй байна. Вирусийн халдвар тархаж байгаа хоёр л зам байдаг. Нэгдүгээрт, хувийн болон улсын эмнэлгүүд. Вирусээ зөв устгаж чадаж байна уу гэдэг асуудал юм. Энэ бол байж болох нэг хувилбар юм. Хоёрдугаарт, эхээс төрөхдөө В,С вирустэй төрөх. Ялангуяа D вирустэй өвчтөн. Вакцин нь байгаа ч тухайн ээж нь D вирусийн хүнд хэлбэрийн халдвартай байгаа тохиолдолд хүүхэд төрөхдөө эл вирустэй байх боломжтой. Ийм учраас манай эх барих эмэгтэйчүүдийн мэс заслын эмч нар анхаарлаа хандуулах, мэргэжлийн хяналтын байгууллага анхаарлаа хандуулах ёстой. Үүнээс өөр ямар ч гарц байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж