"Хоёрдугаар сарын сүүлээр цасан болон шороон шуурга шуурна"

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

"Хоёрдугаар сарын сүүлээр цасан болон шороон шуурга шуурна"

Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийнмэргэжилтэн Х.Ахмет-Алигаас тодрууллаа.


Х.Ахмет-Али

-Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв хэрхэн гарч байгаа талаар яриагаа эхлэе?

-Хоёрдугаар сард Увс, Зaвхaн, Бaянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн зүүн хэсгээр 23-28 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговийн нутгaaр 6-13 градус, бусaд нутгaaр 14-20 градус хүйтэн байх төлөвтэй байна. Төвийн нутгаар агаарын температурын дундаж нь Дархадын хотгороор 23-28 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу Архангай, Булганы өмнөд хэсгээр, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна.

Зүүн зүгийн нутаг болох Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу Хэнтий, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дундаж, бусад нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна. Говийн нутгийн Дундговийн зүүн хойд хэсэг, Дорноговийн хойд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн буюу бүх нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр  сарын 28-ны өдөр гэхэд баруун аймгуудын нутгаар цаг агаар хүйтэрч эхэлсэн. Маргааш төвийн нутгаар цаашлаад нийт нутгаар хүйтрээд хоёрдугаар сар гараад ихэнх нутгаар хүйтэн байх төлөвтэй. Ерөнхийдөө салхи шуургатай байхаар байна. Ер нь хоёрдугаар сард бүх нутгаар уур амьсгалын дунджаас бага хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа.

Хур тунадас хэр их орох төлөвтэй байна вэ?

-Уур амьсгалын дундаж байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговийн ихэнх нутаг, Ховд, Архангайн хойд, Увс, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Хөвсгөлийн зүүн, Булганы баруун, Төв аймгийн зүүн өмнөд, Өмнөговийн баруун өмнөд болон зүүн, Сүхбаатарын баруун  өмнөд хэсгээр 0.2-1.3мм, бусад нутгаар 1.5-3.4 мм цас орж Увс, Завхан, Хөвсгөлийн хойд хэсгээр 10–18см, бусад нутгаар 3–8 см зузаан цасан бүрхүүл тогтдог боловч жил бүр харилцан адилгүй.

Тухайлбал,  1988, 1991, 1993, 2003, 2005, 2010 онд ихэнх нутгаар, 2004, 2009 онд нутгийн төв болон зүүн хэсгээр, 2006, 2011 онд нутгийн баруун хагаст, 2015 онд нутгийн зүүн хагаст уур амьсгалын дунджаас 3-6 дахин их цас орж, цасан бүрхүүлийн дундаж зузаан 20-30 см-т хүрч мал өвөлжилтийн байдал хүндэрч байв.

Харин хоёрдугаар сард Увс нуур, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Хэнтий, Халх гол орчмоор 2.5-3.4 мм, бусад нутгаар 0.2-1.5 мм цас ордог. Хоёрдугаар сард Говийн бүсийн ихэнх нутгаар мөн Баянхонгорын зүүн өмнөд, Өвөрхангайн төв хэсэг, Хэнтийн өмнөд тал, Сүхбаатарын баруун хэсгээр олон жилийн  дунджаас бага цас орох төлөвтэй байна. Харин Баян-өлгийн ихэнх нутаг Ховд, Дорнодын зүүн хэсгээр  олон жилийн дунджаас их хур тунадас  орно.

-Орон нутгуудаар хур тунадас хэр хэмжээтэй орсон бэ?  Ялангуяа энэ жил  хур тунадас багатай байх шиг байна.

-Өнгөрсөн онд энэ жилийнхтэй харьцуулахад цас их орсон. Энэ жил цас бага орлоо. Гэхдээ өнгөрсөн долоо хоног буюу нэгдүгээр сарын 25-27-ны хооронд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орсон.

Хамгийн их нь Говь-Алтайн Бугатад 1.4 мм, Цээл 1.2 мм, Увсын Өндөрхангай 1.3 мм, цас орсон байна.

Өчигдөр /2019.01.28/ өглөөний 08.00 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Говь-Алтай, Булганы хойд, Хэнтийн зүүн хойд, Дорнодын зүүн, Сэлэнгэ, Төв аймгийн баруун, Архангай, Өвөрхангайн зарим газраар 1-20 см зузаан цасан бүрхүүлтэй байгаагаас хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 20 см, Малчинд 18 см зузаан цастай байна.

-Дээр дурдсан аймгуудаас бусад аймгуудын хаваржилт хүндэрч болзошгүй нөхцөл   байдалд орсон гэж ойлгож болох  уу?

-Ер нь бол тийм. Өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад маш бага хур тунадас орж байна. Ялангуяа Говийн аймгуудаар цас багатай байх төлөв ажиглагдаж байна. Цасгүй байгаа аймгуудын мал ундны усаар дутагдаж турж эцэх асуудал эрсдэл үүснэ.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж