2018 онд мал сүргийнхээ тоогоор улсдаа гуравдугаарт бичигдсэн Өвөрхангай аймгаас энэ жил найман Аварга малчин, Улсын аварга саальчин нэг, Улсын аварга тариаланч нэг, “Алтан унаганы эзэн” тодорчээ. Улсын аваргуудыг тодруулахдаа холбогдох журмын дагуу 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг юм.
Тухайлбал, Улсын аварга малчнаар Хайрхандулаан сумын тавдугаар багийн малчин Баасандоржийн Гомбожав, Тарагт сумын нэгдүгээр багийн малчин Гончигдоржийн Тогоотөмөр, “Алтан унаганы эзэн”-ээр Тарагт сумын нэгдүгээр багийн малчин Жанчивын Бат-Очир, Улсын аварга тариаланчаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын есдүгээр багийн иргэн Загдсүрэнгийн Угтахбаяр нар тодорсон юм. Шагналыг Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Батлан хамгаалахын яамны дэд сайд Т.Дуламдорж, ХХААХҮ-ийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар болон Өвөрхангай аймгийн удирдлагууд гардууллаа.
43 НАСАНДАА “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-ААР ШАГНУУЛАВ
Өвөрхангай аймгаас энэ жил “Улсын аварга малчин” найм төрсний нэг нь болох Хайрхандулаан сумын тавдугаар багийн малчин Баасандоржийн Гомбожавынд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн болон албаны бусад хүмүүс зочилж, аваргын өргөмжлөл, шагнал, улаан халзтай өргөө цагаан гэрийг гардуулж баяр хүргэлээ. Шагнал гардуулах үед Хайрхандулаан сумын удирдлагууд, малчид, ах, дүү, төрөл төрөгсөд, нутгийн зон олон хуран цугласан байлаа. Б.Гомбожав нь мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд анхаардаг гэдгээ онцлон ярьж байлаа.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Эргэх дөрвөн цагийн туршид мал сүргээ өсгөж ирсэн хөдөлмөр зүтгэлийг Монголын төр, засаг цаг ямагт өндөр үнэлж ирсний баталгаа энэхүү улсын аварга хэмээх цол шагнал юм. Ирж байгаа гахай жилдээ улам их амжилт олохыг хүсэн ерөөж шагналыг гардуулъя” гэв. Малчин Б.Гомбожав 43 настай, энэ жил 2527 гаруй мал тоолуулснаас 1503 хонь, 759 ямаа тоолуулж сумандаа малынхаа тоогоор тэргүүлжээ.
“Малын буян барагдахгүй гэдэг. Дөрвөн цагийн эргэлтэд хэдэн малаа дагаж, буян хишгийг нь хүртээд сайхан аж төрж явна” гэх Б.Гомбожав наймдугаар ангиасаа өнөөдрийг хүртэл 30 гаруй жил мал дагаж, мал маллах өөрийн өвөрмөц арга барилыг эзэмшсэн нэгэн. Эхнэрийнхээ хамтын тус хөдөлмөрөөр өнөөдрийн амжилтад хүрлээ хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцах тэрбээр хоёр туслах малчинтай аж. Энэ жил Хайрхандулаан суманд өвөлжилт өнтэй сайхан байгааг нутгийн иргэд хуучиллаа. Хэдийгээр цас бага орж, шороон шуурга ихтэй ч одоогоор өвөлжилт яадгаа алдаж хүндэрсэн юмгүй, сумынхан ч малчид ч өөдрөг сэтгэлтэй байна” гэв. Хайрхандулаан сумын хувьд бог мал маллахад илүүтэй тохиромжтой газар нутагтай бөгөөд тус сум 2018 онд ажил үйлсээрээ тэргүүлэн аймгийн тэргүүний шилдэг сумдын нэгээр шалгарчээ.
51 ЖИЛ МАЛ МАЛЛАЖ, ТӨРДӨӨ ҮНЭЛҮҮЛСЭН НАСТАН
Дараа нь ажлын хэсэг тэндээс хөдөлж, Тарагт сумын нутагт өвөлжиж буй тус сумын нэгдүгээр багийн малчин Гончигдоржийн Тогоотөмөрийн зочилж, Монгол Улсын Засгийн газрын шагнал “Улсын аварга малчин”-ны өргөмжлөл шагналыг өргөө цагаан гэрийн хамт гардуулав. “Малын буян ч ээ дээ мөн их шүү” гэж ярих энэ буурай 51жил мал маллажээ. Амьдралынхаа талаас илүүг мал маллаж өнгөрөөсөн Г.Тогоотөмөр гуай төрсөн газрын нутаг ус, тэнгэр хангайн буянаар өдий зэрэгтэй явна гэж ярив. Энэ жил 1200 гаруй бог мал тоолуулж, сумандаа сүүлийн гурван жил үхрийн тоо толгойгоор тэргүүлжээ.
“Буянт малын хишиг, төр түмний хайр ивээлийг хүртэж, “Улсын аварга малчин”-аар шагнуулсандаа баяртай байна” хэмээн баяр дүүрэн ярих Г.Тогоонтөмөр гуай нас сүүдэр 70 шүргэж яваа ч ануухан хэвээрээ. Тэрбээр залуу малчдад хандан малаа эрүүлжүүлж, үүлдэр угсааг нь байнга сайжруулахыг зөвлөсөн юм. Г.Тогоонтөмөр гуайн хүүхдүүд ч аавыгаа залгамжлан мал маллаж байна. Таван хүүхэд нь аавынхаа мал маллах эрдмийг өвлөснөөс хоёр хүү нь мянгат малчин болоход тун дөхөж байгаа бол хоёр дүү нь аймгийн аварга малчин болсон тухай малч буурай ярилаа. Г.Тогоонтөмөр гуай малынхаа үр шимээс сум орон нутгийнхныгаа дэмжиж, сумандаа эмнэлгийн тэрэг, сургууль, цэцэрлэгийг цагаан идээгээр хангадаг аж.
Түүнчлэн малгүй өрхийг малжуулж нийтдээ 700 гаруй мал өгчээ. Түүний хүү Т.Шийрэв гуравдугаар ангиасаа хойш өдийг хүртэл мал маллаж байна. Насаараа мал дагасан ааваасаа мал маллах ухааныг сурч, энэ жил 800 гаруй бог мал тоолуулжээ.
ТӨЛИЙН ДУУ ЦАНГИНАСАН “АЛТАН УНАГА”-НЫ ХОТ
Жаврын үзүүр уярч, хаврын урь орон малчны хот “өнгө” засчээ. Цэвэр цэмцгэр хашаа хороонд төл малын дуу цангинаж, уяан дээр үүрсэх адуу. Энэ бол Өвөрхангай аймгийн Тарагт сумын нэгдүгээр багийн малчин Жанчивын Бат-Очир гуайн хот. Тэдний гадаа тэмээнээс бусад дөрвөн хошуу мал тааваараа идээшилж харагдана. Тэртээ гуравдугаар ангиасаа хойш мал дагасан Ж.Бат-Очир энэ жил “Алтан унаганы эзэн”-ээр шалгарсан юм. Тэрбээр энэ жил аймгийнхаа хэмжээнд 700 гаруй адуу тоолуулж, мөн 2500 гаруй бог мал, 70 гаруй тэмээ тоолуулжээ. Жилд 650-700 тоо толгойгоор малаа өсгөж байгаагаа ярилаа. Өнгөрсөн жил 200 гүү унагалжээ. Өдгөө 30 гаруй жил маллаж байна. Ж.Бат-Очир туслах адуучингүй, цаг үеийн шаардлага гарвал туслах малчин авдаг гэлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Өвөрхангайн хувьд энэ жил найман Улсын аварга малчин тодорлоо. Манай аймаг сүүлийн жилүүдэд малын тоогоороо улсдаа дээгүүрт шалгарч, малчин түмэн маань өвлийг өнтэй сайхан давлаа. Бод мал өсгөж үржүүлэх амаргүй ажил. Социалист нийгмийн үед манай улсын нийт мал сүргийн 21 хувийг бод мал байлгана гэж бодлогоор барьж байсан. Өдгөө Монгол Улсын хэмжээнд нийт мал сүргийн 12 хувь нь бод мал. Бод мал маллах ямар хэцүү болох нь энэхүү тоон дүнгээс харагдах болов уу. Сүүлийн жилүүдэд малын чанар, үйлдвэр угсааг сайжруулах асуудал чухлаар тавигдаж байна. Өнгөрсөн 2018 онд УИХ-аас малын үйлдвэр угсааг сайжруулах чиглэлээр Малын генетик нөөцийн тухай хуулийг санаачилсан. Уг хууль нь малын чанарыг сайжруулах зорилготой. Малын чанар чухал болохыг малчид маань ч ойлгох болсон. Цаашид улс болон орон нутгийн зүгээс энэ чиглэлд илүүтэй анхаарч ажиллана. Улсын аварга, сайн малчдыг шалгаруулахдаа тоог чухалчилдаг бол цаашид чанарыг голлож, мал сүргийнхээ орлогоор ажлын байр бий болгосон зэрэг нь чухал үзүүлэлт болох ёстой” гэлээ.
Ийнхүү хахир өвөл ард хоцорч, ирж яваа цагийн өнгө гэрэл хөдөө нутагт төлийн дуу цангинасан малчны хот амгалан байна.
УДАМ ДАГАСАН ТАРИАЛАНЧ
Мөн тус аймгийн Улсын аварга тариаланчаар тодорсон Загдсүрэнгийн Угтахбаярт УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн албаны хүмүүсийн хамтаар очиж, цол, шагналыг нь гардуулан өглөө.
Монгол Улсын Аварга тариаланчаар шалгарсан тариаланч З.Угтахбаяр удам дагасан тариаланч. Түүнийг тариалангийн салбарт өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай техник технологийг бүтээлчээр нэвтрүүлэн хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр, туршлагыг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Аварга тариаланчаар шагнав. Түүний аав Загдсүрэн 2002 онд аймгийнхаа анхны аварга тариаланч болж байсан бол түүний хүү З.Угтахбаяр 17 жилийн дараа Монгол Улсын Аварга тариаланч болж аавыгаа баярлуулсан нь энэ.
З.Угтахбаяр өдгөө 45 настай. 1995 оноос эхлэн төмс, хүнсний ногооны тариалангийн үйлдвэрлэлийг 23 жил тасралтгүй эрхлэн явуулж байгаа бөгөөд 2009 онд сумын аварга, 2010 онд аймгийн аварга тариаланч болж байжээ. З.Угтахбаярын тариан талбай аймгийн төвөөс 12 км зайд оршдог бөгөөд хоёр га газартай үүний 1.6 га талбайд нь төмс тарьдаг аж. 2018 онд га талбайгаас 20-25 тонн төмс, хүнсний ногоо 0.6 га-гаас 12-15 тонн ногоо хурааж авчээ. Хүнсний ногоогоо захууд болон сумдын цэцэрлэг, сургуульд нийлүүлдэг гэнэ. Ногоо тарихад хамгийн чухал нь уйгагүй хөдөлмөр шаардагддаг. Цаг хугацаатай уралдан ажилладаг гэдгийг Улсын аварга тариаланч З.Угтахбаяр хэлж байлаа. Эднийх байнгын таван ажилчинтай, ногоо хураалтын үеэр нэмж хүмүүс ажиллуулдаг. Ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилладаг талаараа дуулгаж байв.
Холбоотой мэдээ