Хятадын алдартай хүний эрхийн хуульч Ван Чуанжаныг төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хэргээр дөрвөн жил зургаан сар хорих ялаар шийтгэхээр болсон тухай Тяньжинь хотын шүүхээс өнөөдөр /2019.01.28/ мэдээллээ.
2015 оны долдугаар сард Хятад улс даяар хүний эрхийн хуульч болон идэвхтнүүд улс төр болон шашны бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнүүлсний үр дүнд 300 гаруй хүнийг баривчилж хорьсон билээ. Баривчлагдсан хүмүүсийг удаан хугацааны турш гэр бүлийнхэнтэй нь уулзуулахгүйгээр цагдан хорьж, заримыг нь суллаж, заримынх нь шүүх хурлыг хойшлуулж байснаас Ван Чуанжан хуульчийн хэрэг хамгийн сүүлд эцэслэн шийдвэрлэгдэж байгаа нь энэ юм.
Түүний хэрэг нь төрийн нууцтай холбоотой хэмээн үзсэн тул мөрдөн байцаах ажиллагааг хаалттай явуулсан байна. Түүгээр ч зогсохгүй өчигдөр болсон шүүх хурлын тухай Ван Чуанжаны ар гэрийнхэнд нь огт дуулгаагүй аж. Түүнийг дөрвөн жил зургаан сар хорих ялаар шийтгэснээс гадна суллагдсанаас хойш таван жилийн хугацаанд улс төрийн эрх чөлөөг нь хасахаар шийдвэрлэсэн байна. Тэрбээр энэ хугацаанд төрийн албанд аливаа албан тушаал хаших, сонгуульд санал өгөх, жагсаал цуглаан зохион байгуулах, үзэл бодлоо бичиж нийтлүүлэх эрхгүй болно гэсэн үг юм.
“Тэр бол маш чадварлаг хуульч. Хятадын төр засаг түүнээр бахархахын оронд цагдан хорьж байгаа нь шударга бус явдал юм” хэмээн Ван Чуанжаныг олон жилийн турш мэдэх хүний эрхийн идэвхтэн Майкл Кастер хэлжээ.
Ван Чуанжаны эхнэр Ли Вензи Дээд шүүхэд 30 гаруй удаа хандаж, нөхрийгөө суллах, ядаж уулзахыг хүссэн боловч түүнийг хэн ч ойшоож үзээгүй байна. Тиймээс тэрбээр өнгөрсөн сард хууль бусаар хорих ял эдэлж буй бусад хуульчдын гэргий нартай нийлж олны өмнө үсээ хусч, эрх баригчдад эсэргүүцэл үзүүлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Си Жиньпинийг 2012 онд БНХАУ-ын дарга болсноос хойш хүний эрхийн олон мянган хуульч, идэвхтнүүд баривчлагдаад байгаа юм.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ