Уран гулгалтын 2019 оны Европын АШТ өнгөрсөн баасан гарагт өндөрлөлөө. Беларусь улсын нийслэл Минск хотын “Minsk Arena” ордонд болсон Европын АШТ-ий эмэгтэй ганцаарчилсан төрөлд Оросын С.Самодурова түрүүлсэн.
Харин эрэгтэй төрөлд Европын долоон удаагийн аварга, олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алт, хошой хүрэл медальт Испанийн Х.Фернандес түрүүллээ. Богино үзүүлбэрт 91.84 оноо авч III байранд ороод байсан бөгөөд түүний гол өрсөлдөгч болох Оросын М.Коляда 100.49 оноотой тэргүүлж байсан. Баасан гарагт чөлөөт үзүүлбэр явагдсан бөгөөд М.Коляда алдаа гаргаж оноо алдсан нь Х.Фернандест байр ахих боломжийг олгосон. Ингээд богино болон чөлөөт үзүүлбэрийн дараах байдлаар Х.Фернандес 271.59 оноотой тэргүүлж аваргын алтан медалиа хүртсэн бол Оросын А.Самарин мөнгө, Италийн М.Риццо хүрэл медалийн эзэн болсон байна. Харин М.Коляда ердөө V байранд орж медальгүй хоцорсон. Европын аваргын дараа Испани эр зодог тайлж буйгаа албан ёсоор зарласан.
Испанийн Х.Фернандес 27 настай бөгөөд долоон жил дараалан Европт босоо байна. Европын АШТ-ий түүхэнд Австрийн К.Шефер найм дараалан түрүүлсэн амжилтаар бүх-цаг үеийн рекорд амжилтыг эзэмшдэг бол Испани залуу долоо болгоод зодог тайлж байна.
Европын аваргын бүжгийн хосын төрөлд олимпийн мөнгөн медальт Францын хос болох Г.Пападикас, Г.Сизерон нар түрүүлж алтан медаль хүртсэн бол Орос, Италийн хосууд мөнгө, хүрэл медаль хүртжээ.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ