Сандал суудлын хэрүүлээс болж, хотын даргаа огцруулж, УИХ-ын даргаа чөлөөлөхөөр болсон эрх баригчид өнөөдөр ч эв зүйгээ олоогүй л явна. Даваа гариг бүрт УИХ дахь намын бүлэг хуралддаг дэгтэй ч гишүүдийнх нь ирц бүрдэхгүйгээс хойшлов. Маргааш нөгөөдөр ч ирц бүрдэх эсэх нь эргэлзээтэй байна. Өнөөдрийн хувьд эрх баригч намын бүлгээс 25 гишүүн орон нутагт ажиллаж буй ажээ.
Уг нь УИХ-д 64 гишүүнтэй бүлэгт 25 нь томилолтоор ажиллахад ирцэд нөлөөлж, төрийн ажил гацаах ёсгүй ч УИХ-ын даргыг огцруулахыг шаардаж, бойкот хийсэн 40 дотроо учраа олохгүй бужигнаж эхэлсэн мэдээлэл байна. Энэ баттай бол УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудал хойшилж, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нар хэлснээрээ өлсгөлөнгөө зарлахаас аргагүй. Жирийн иргэд өлсч байснаас таван гишүүн өлссөн нь хал балгүй юм.
Хотын даргын асуудлаас болж, НИТХ дахь МАН-ын бүлэг мөн л учир зүйгээ олоогүй, хэрүүлтэй сууна. Хотын даргыг чөлөөллөө гэж нэг хэсэг бужигнасан бол одоо “Ардын хүү давж болдоггүй сунгаа юу” гэцгээн үзэлцэж байна.
Хуулиараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргыг батламжлах ёстой. Гэтэл С.Мөнхчулууныг хүлээн зөвшөөрөх нь УИХ-ын дарга М.Энхболдын фракцад гараа өргөөд бууж өгснөөс ялгаагүй үйлдэл болох тул буруу харж уйлж, зөв харж ярвайж явсаар орон нутгийг зорьжээ. Өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж байгаа аж. Гэвч орон нутагт ажиллалаа гээд хотын даргын асуудлыг шийдэх боломжгүй тул хуульд заасан хугацаанд багтаан нэг бол С.Мөнхчулууныг хотын даргаар батламжлах, эс бол буцааж дараагийн гаргалгаа олтол цаг хожих гэсэн хоёр хувилбараас өөр замгүй л явна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ