
Илүүдэл жин биенд тийм ч сайн биш гэдгийг нотолсон нотолгоо улам бүр олдсоор байгаа үед биеийн жингээ зөв хэмжээнд барьж, амьдралын хэв маягаа өөрчлөх талаар бодож үзэх хэрэгтэй бололтой. Илүүдэл жинтэй холбоотойгоор зүрх судасны өвчин, ходоодны өвчин тусах эрсдэл нэмэгддэгтэй холбож үзвэл яагаад илүүдэл жинтэй хүмүүс “dementia” буюу ой санамж муудах эрсдэлд илүү өртдөгийг тайлбарлаж болох юм. Гэхдээ бэлхүүсээрээ яльгүй жин ихтэй байх нь тархины үйл ажиллагаанд сайн байж болзошгүйг судалгаа харуулж байна.
Эмэгтэй хүн бэлхүүсээрээ бага зэрэг өөхлөг байх нь эмэгтэй хүний сарын тэмдгийн дараа багасдаг оестроген гормоны ялгаралтыг нэмэгдүүлэх сайн нөлөөтэй гэж эрдэмтэд үзэж байна. Оестроген нь тархины танин мэдэх чадварыг хамгаалах нөлөөтэйг эрдэмтэд тогтоосон. Судалгаанд 65-79 насны 8,745 эмэгтэй оролцсон гэнэ. Эдгээр эмэгтэйчүүдээс судлаачид танин мэдэхгүй, ой санамжийн шалгалт, тест авсан бөгөөд дараа нь биеийн жинг нь хэмжиж Боди-Масс-Индексийг нь тогтоосон. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн гуравны хоёр нь илүүдэл жинтэй буюу тарган байсан байна.
Эмэгтэйчүүдийн БМИ нэг оноогоор нэмэгдэх тусам түүний ой санамжийн үзүүлэлт мөн нэг оноогоор буурч байгааг илрүүлсэн. Ялангуяа лийр хэлбэрийн буюу ташаа томтой ч бүсэлхийгээрээ нарийхан эмэгтэйчүүдийн ой санамжийн оноо бүр ч доогуур байсан байна. Энэ нь ташаанд хуримтлагдсан өөх, бүсэлхийний өөх хоёрын хоорондын харьцаа алдагдсантай холбоотой гэж үзэж байна. Эрдэмтэд хүний биеийн янз бүрийн хэсгийн өөхнүүд хоорондоо ялгаатай гормон ялгаруулдаг гэдгийг тогтоосон бөгөөд тэдгээр нь цусны даралт, инсулины эсэргүүцэл зэрэг олон зүйлд нөлөөтэй байдаг байна.
Судалгааг явуулсан ахлах судлаач доктор Диана Кервин “бид ямар төрлийн өөх хүний биед бусдаасаа илүү хортой нөлөөтэйг болон тархины ажилгаанд ямар нөлөөтэйг олж тодруулах хэрэгтэй. Өөх ой санамж муутгадаг Альцхаймерын өвчин болон тархилуу очдог цусны урсгалд саад болдог байж магадгүй” гэж ярьж байна.
Альцхаймерын Судалгааны сангийн гүйцэтгэх захирал Ребекка Вүүд энэ талаар “Лийр хэлбэрийн биеийн галбир их түгээмэл. Энэ судалгаа биеийн хэлбэр тархины үйл ажиллагаа хоёрын хоорондын уялдааг бүрэн тайлбарлаж чадахгүй ч биеийн жингээ анхаарч байхыг сануулж байна. Биеийн төрөлх хэлбэрээ хүмүүс бид өөрчилж чадахгүй, харин биеийн жингээ бол удирдах боломжтой. Илүүдэл жингийн талаар эрдэмтэд ийм их судалгаан дээр үндэслэн сануулж байхад биеийн жингээ хянах нь зөв алхам болох болно” гэж “CNN” агентлагийн сурвалжлагчид ярьжээ.
Т.Бадрах