"Эрүүл мэндийн тусламж авахад цэнхэр дэвтэр шаардлагагүй" | News.MN

"Эрүүл мэндийн тусламж авахад цэнхэр дэвтэр шаардлагагүй"

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

"Эрүүл мэндийн тусламж авахад цэнхэр дэвтэр шаардлагагүй"

"Эрүүл мэндийн тусламж авахад цэнхэр дэвтэр шаардлагагүй"

Эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлэхдээ эрүүл мэндийн даатгалын дэвтрийг биедээ авч явах шаардлагагүй болжээ. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Х.Бат-Оргилоос тодрууллаа.


Эмнэлгийн тусламж үйлчилгээг авахдаа эрүүл мэндийн даатгалын дэвтрээ үзүүлэх шаардлагагүй, регистрийн дугаараар бүртгүүлдэг болжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Эрүүл мэндийн даатгалын цахим системд эрүүл мэндийн даатгалын санг бүрдүүлж байгаа даатгал төлөгчдийн шимтгэлийн мэдээллийг бүрдүүлсэн. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд заавал цэнхэр дэвтрийг шаардахгүй. Тухайн иргэний регистрийн дугаараар эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн, үгүй гэх бүх мэдээлэл нь гарч ирнэ. Энэ мэдээллийг бид энэ оны нэгдүгээр сараас эхлэн бүх эрүүл мэндийн байгууллагад чиглэл хүргүүлсэн. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2018 онд эрүүл мэндийн даатгалын цахим системийг нэвтрүүлсэн. Энэ системд, хөнгөлөлттэй эмийн жор, элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөр, өрх сумын эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж үйлчилгээ багтаж байна.

Иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдахын тулд тухайн оны төлөөгүй шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тодорхой хувиар тооцож төлнө. Энэ оны хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болсонтой холбоотойгоор даатгуулагч эрүүл мэндийн даатгалд сард 3200 төгрөг, жилд 38.400 төгрөг төлнө.

Регистрийн дугаараар үйлчлүүлснээр эрүүл мэндийн даатгалын дэвтэр ашиглалтаас гарч байна гэсэн үг үү?

-Ер нь бол эрүүл мэндийн дэвтрээ биедээ авч явах шаардлагагүй. Гэхдээ зарим тохиолдолд жишээ нь хувиараа даатгуулагч 2019 оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төллөө гэхэд орлогыг нь төвлөрүүлж байгаа ажилтнууд ногдлын үүсвэрийг нь үүсгээгүй байвал цахим системд 2019 оны даатгалын төлөлт харагдахгүй гэсэн үг. Тиймээс эрүүл мэндийн даатгалын дэвтрээ үзүүлэх боломжтой тул цэнхэр дэвтэр ашиглалтаас гарахгүй. Аль алинаар нь л үйлчлүүлэх боломжтой. Цахим бүртгэлийн лавлагаанаас таны орлогын баримт харагдаж байвал та эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх эрх нь нээлттэй.

-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөөгүй иргэний тухайд?

-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөөгүй иргэн регистрийн дугаараар эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээ авах боломжгүй. Иргэд заавал өвдсөн үедээ эрүүл мэндийн даатгал төлнө гэхээс илүү өвдөхөөсөө өмнө төлөх нь чухал юм. Эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгаар  эрүүл мэндийн даатгал нь албан журмынх болсон. Хэрэв та Монгол Улсын иргэн л бол эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах ёстой.

Цахим мэдээллийн системээс гадна эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үйлчилгээний талаарх мэргэжилтнүүдээс дараах зүйлийг асуулаа.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн иргэн бүр жилд хоёр сая хүртэлх төгрөгийн тусламж үйлчилгээ авах ёстой. Үүнийгээ ойр дотны хүндээ шилжүүлэх сонирхол байдаг. Энэ боломжтой юу?

ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээний чанарын газрын ахлах мэргэжилтэн Б.БАЯРБОЛД:

-Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан иргэн бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх нь үүсч байгаа. Даатгуулагчид нийт 16 төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой юм. Эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар тухайн иргэн жилд хоёр сая төгрөг хүртэлх тусламж үйлчилгээг гаргуулах эрхтэй. Магадгүй хэвтэн эмчлүүлэхээр бол өвчнийхөө оношоос шалтгаалан хувийн болон улсын эмнэлгүүдэд хөнгөлөлт эдэлнэ.  Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын хувийн эмнэлэгт 175 мянган төгрөг, улсын эмнэлэгт 300 мянган төгрөгийг ЭМД-ийн сангаас олгоно.

Жишээлбэл, тухайн өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ЭМД-ын үйлчилгээ авах хоёр сая төгрөгийн эрх нь хэтэрсэн тохиолдолд гэр бүлийн гишүүнийхээ зөвшөөрсний дагуу ЭМД-ийн хоёр сая төгрөгийн зардлаас хасуулж болно. Харин хоёр сая төгрөгийг бүхлээр нь бусдад ашиглуулахгүй. Өөрөөр хэлбэл, хоёр сая төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнийхээ тодорхой хувийг зөвшилцсөний дагуу шилжүүлэх боломжтой. Харин бүтнээр бусдад шилжүүлэх боломжгүй гэсэн үг юм.

-Эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлөлттэй эмийг олгож байгаа ч хүрэлцээгүй гэх гомдол иргэдийн дунд бий. Энэ тухай?

ЭМДЕГ-ын Бодлогын хэлтсийн газрын мэргэжилтэн П.ОЮУНБАТ:

-Эрүүл мэндийн даатгал төлж байгаа иргэн бүр эмийн хөнгөлөлтөд хамрагдах бүрэн эрхтэй. Эмийн цахим жор бичсэн өдрөөс хойш долоо хоногийн хугацаанд хүчинтэй байдгийг иргэд анхаарах хэрэгтэй. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад 170 ерөнхий нэршлийн 812 худалдааны нэрийн эм багтаж байна. Эдгээр нь Монголд зонхилон тохиолдож байгаа зайлшгүй шаардлагатай эмийн төрөл гэсэн үг. Иргэд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эм авч чадахгүй байгаа нь эмийн сангуудын төсөвтэй холбоотой болов уу. Бага төсөвтэй эмийн сангуудад хөнгөлөлтэй эм сарын эхэнд дуусдаг бол ахиу төсөвтэй нь хөнгөлөлттэй эмийг олгож байгаа гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж