Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид алдарт У.Шекспирын "Ромео, Жульетта" сонгодог жүжгийн 130 дахь удаагийн тоглолтоо ирэх сарын 14, 15-нд үзэгдэдээ толилуулах гэж байна. Алдарт "Ромео Жульетта" жүжигт авъяасаа сорьж, залуу насаа энэ дүрээр мөнхлөхийг хүсдэггүй жүжигчид гэж үгүй билээ. Тэгвэл энэ удаагийн тоглолтоор үзэгчид шинэ Жульеттатай танилцах нь ээ. Тус театрын залуу жүжигчин Б.Шинэбаяр Ромеогийн дүрд тоглох бол залуу жүжигчин Т.Анхзул Жульеттагийн дүрд тоглох гэнэ.
Монголын театрын тайзнаа “Ромео Жульетта” бүтээл 1966 онд Хүүхэд залуучуудын театрт С.Гэндэн найруулагчийн найруулгаар анхлан тайзны бүтээл болж, Ромеод жүжигчин Ц.Готов, Жульеттад жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байсан түүхтэй ажээ. Тэр цагаас хойш 30 жилийн дараа буюу 1996 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болсон. Харин 19 жилийн дараа, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулгаар дахин тайзнаа амилж, шинэ зууны үзэгчдийн сэтгэл оюуныг мялаах болсон билээ.
Дөрвөн жилийн өмнө цоо шинэ тавилтаар театрын тайзнаа тоглосон “Ромео Жульетта” жүжгийн эмэгтэй гол дүр болох Жульеттад өмнө нь жүжигчин О.Дөлгөөн, Г.Номуун нар тоглож байсан юм.