Өнгөрсөн амралтын өдөр Хойд Америкийн Үндэсний хоккеын лиг /ҮХЛ/-ийн бүх-одын тоглолт боллоо. Бямба гарагт ур чадварын тэмцээн болсон бол Ням гарагт дивизионуудад хуваагдсан шилдгүүдийн тулаан болсон. Энэ цаг үеийн мөсөн талбайн шилдгүүд нэг баг болж хамтдаа тоглосон нь хоккей сонирхогчдын хувьд баярын өдөр юм. Ингээд тэмцээний аваргаар Дорнод бүсийн Метрополитан дивизионы баг ялагч болж, С.Кросби бүх-оддын багийн үнэ цэнэтэй тоглогч болжээ.
Дорнод бүсийн Метрополитан болон Атлантик дивизионуудын тоглолт 7-4 харьцаатай Метрополитан дивизионы ялалтаар өндөрлөсөн. Энэ тоглолтонд Метрополитан дивизионы С.Кросби, С.Жонес нар дубль хийсэн баг нь өрсөлдөгчөө 7-4 харьцаатай хожсон. Метрополитан дивизионы багаас С.Кросби, С.Жонес нар тус бүр хоёр гоол, К.Летанг, С.Ахо, С.Аткинсон нар нэг нэг гоол оруулсан. Харин Атлантик дивизионы багаас Ж.Эйкель, С.Стэмкос, Ж.Скиннер, Ж.Таварес нар нэг нэг гоол оруулсан байна. Ялалт байгуулсан Метрополитан дивизионы баг шигшээд шалгарсан.
Өрнөд бүсийн тулаанд Централ дивизионы баг 10-4 харьцаагаар Номхон далайн дивизионы багийг буулгаж авснаар шигшээд шалгарсан. Централ дивизионы багаас Колорадо Эвеланш багаас Г.Ландеског хет-трик хийсэн бол Номхон далайн дивизионы Б.Бёрнс, Э.Карлсон нар тус бүртээ дубль хийсэн ч баг нь хожигдсон.
Бүийн багуудын тоглолтын дараа ялсан хоёр баг шигшээд өрсөлдөж, тус тоглолт С.Кросби тэргүүтэй Дорнод бүсийн Метрополитан дивизионы ялалтаар өндөрлөжээ. Тоглолтын эхний үе Метрополитан дивизион таван гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд оруулсан. Харин II үед Централ дивизионы баг гайхалтай тоглож таван гоол оруулсан ч дэндүү оройтсон гоол байсан. Ийнхүү тоглолтын цаг өндөрлөхөд Метрополитан дивизионы баг 10-5 харьцаагаар Централ дивизионы багийг хожиж энэ жилийн бүх-оддын тэмцээний ялагч болсон.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ