ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины холбоотон олигарх Олег Дерипаскатай холбоотой гурван компанид тавьсан эдийн засгийн хоригоо цуцалж байгааг АНУ-ын сангийн яам өчигдөр /2019.01.27/мэдээлсэн байна. Энэхүү хоригийг 2018 оны дөрвөдүгээр сард тавьсан юм.
Хоригт багтсан хөнгөн цагааны “US Rusal”, “En+”, “EuroSibEnergo” гэх гурван компани нь Олег Дерипаскагийн шууд болон шууд бус оролцоог багасгаж, ТУЗ-д Дериспаскатай ямар нэгэн бизнесийн болон гэр бүлийн холбоо харилцаа огт байхгүй АНУ, Европын иргэд олонх болсон тул ийм шийдвэрт хүрсэн байна. Дерипаска “En+” компанийн 70 хувийг эзэмшдэг байсан бол одоо түүний эзэмшил 44,9 хувь болж буурчээ.
АНУ-ын Сангийн яамны төлөөлөгч “Дээрх гурван компани нь маш ил тод, нээлттэй байдлаар үйл ажиллагаагаа явуулж, аудит шалгалтыг тогтмол зохион байгуулж, гэрээнд дурдсан бүх шаардлагыг хангана гэдгээ мэдэгдсэн тул ийнхүү хоригийг цуцлах шийдвэр гаргалаа. Гэхдээ Дерипаскад тавьсан бусад хоригууд хүчин төгөлдөр хэрэгжиж болно” гэж мэдэгджээ.
“US Rusal” компани нь дэлхийн хоёр дахь том хөнгөн цагаан олборлогч бөгөөд хориг хэрэгжиж эхлэхэд дэлхийн түүхий эдийн зах зээлд шууд нөлөөлж эхэлжээ. Тус компани АНУ-ын хоригт орсны дараа дэлхийн хөнгөн цагааны хамгийн том олборлогч Хятад улсын хөнгөн цагааны экспорт огцом өссөн байна. Ингээд АНУ-ын талаас эдийн засгийн байдлыг тэнцвэржүүлэхийн тулд хэрэв Дерипаскагийн оролцоог бодитоор бууруулж чадвал уг хоригийг цуцална гэсэн шаардлагыг тавьж байсан аж.
Эх сурвалж: BLOOMBERG
Холбоотой мэдээ