Их Британийн хунтайж Филип энэ сарын эхээр осол гаргаж, түүний улмаас бэртэж гэмтсэн эмэгтэйгээс уучлалт хүссэн байна. Хатан хаан II Элизабетын нөхөр, 97 настай Филип Английн Норфолк дахь Хатан хааны Сандрингхэмийн эдлэнгийн ойролцоох зам дээр “Ланд Ровер” машинтайгаа явж байгаад Эмма Фэйрведерийн жолоодож явсан автомашинтай мөргөлдсөн. Улмаар эмэгтэйн гар хугарсан тул тэрбээр уучлалт хүсэн захидал илгээсэн байна.
Филип хунтайж захидалдаа “Осол гаргасандаа үнэхээр их харамсч байгааг минь хүлээн авна уу. Нар гялбаад, өөдөөс машин ирж яваа нь харагдаагүй. Ослын дараа мэгдэн сандарч байсан ч хэн нэгэн хүнд гэмтэж бэртээгүйг сонсоод тайвширсан. Гар тань хугарсныг мэдлээ, ихэд харамсч байгаагаа илэрхийлье" хэмээн бичжээ. Фэйрведер “Mirror” сэтгүүлд мэдээлэхдээ тухайн өдөр бүрхэг байсан талаар дурдаад, хунтайжийг уучлалт гуйсанд талархсанаа илэрхийлсэн байна. Хунтайж Филип уучлалт хүссэн захидлаа нэгдүгээр сарын 21-ний өдөр буюу осол гарснаас хойш гурав хоногийн дараа бичжээ. Эдинбургийн гүн Филипийн жолоодож явсан “Land Rover” ослын улмаас хажуу талаараа унасан бөгөөд ослын гэрч хунтайжийг автомашинаасаа гарахад тусалсан тухайгаа хэвлэлд мэдээлсэн байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ