ХААЛТТАЙ СЭДЭВ: Хүчирхийллийн хууль чангарсан ч эерэг өөрчлөлт гарахгүй байна

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

ХААЛТТАЙ СЭДЭВ: Хүчирхийллийн хууль чангарсан ч эерэг өөрчлөлт гарахгүй байна

ХААЛТТАЙ СЭДЭВ: Хүчирхийллийн хууль чангарсан ч эерэг өөрчлөлт гарахгүй байна

КЕЙС 1.Нөхөртэйгөө 10 жил ханилсан бүсгүй одоо гурван хүүхэдтэй. Түүний нөхөр сүүлийн жилүүдэд архи ихээр ууж, дарамталж, зоддог болжээ. Төрсөн аавтай нь хүртэл хардаж, гэрээс нь гаргадаггүй, хэнтэй ч уулзуулдаггүй байна. 

КЕЙС 2.Аав нь есөн настай охиныхоо өмд рүү гараа хийж өөрийн төрсөн охиндоо бэлгийн зүй бус үйлдлийг хоёр жил тасралтгүй хийж, айлган сүрдүүлж байжээ. Үүнийг ээж нь мэдээд цагдаад хандсанаар охиныг Түр хамгаалах байранд байрлуулжээ.

Монголчууд бид хүчирхийллийг байдаг л зүйл мэтээр боддог. Гэтэл үгүй юм. Үүнийг нийгэмд гарч буй ноцтой гэмт хэргийн тоо, мэдээ мэдээллүүд батлан харуулсаар байгаа ч дээрдэх зүйл нэг ч алга. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 22-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны таван давхраас эрэгтэй, эмэгтэй хүн үсэрсэн гэх сэтгэл сэрдхийлгэм ноцтой хэрэг гарсан. Албаны эх сурвалжийн мэдээлснээр залуу хос хардалтын улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хоорондоо муудалцсан нь амиа алдах шалтгаан болсон гэж үзэж буй. “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэгчийн үлгэрээр ийм ноцтой хэрэг болсныг дэргэдэх хөрш нь ч огт мэдээгүй байсан нь харамсмаар. Гэтэл ингэж чихэн дүлий, нүдэн балай байх нь хүчирхийллийн бас нэг хэлбэр гэдгийг ч санаарай.

Энд нэг тоо баримт дурдъя. Цагдаагийн албаныхан өнгөрөгч 2018 онд нийслэл хотод гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн 590 гэмт хэргийг бүртгэжээ. Энэ тоо нь өмнөх оны мөн үеэс 22.1 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Нийт бүртгэгдсэн 590 гэмт хэрэгт 418 иргэн өртөж, хохирсны 93 хувийг эмэгтэйчүүд, эзэлж байна. Тэгэхээр энэ тоо бол тоохгүй өнгөрч болохгүй асуудал.

ХОХИРОГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ИХЭНХ НЬ 1-3 ХҮҮХДЭЭ ДАГУУЛАН ИРДЭГ

Нийслэлийн цагдаагийн газрын Түр хамгаалах байрыг 2014 оны хоёрдугаар сард гэр бүлийн хүчирхийлэлд автсан, аюулгүйн зэрэг нь өндөр хохирогчийн амь, нас эрүүл мэндийг хамгаалах зорилготойгоор байгуулсан. Тус төвд л гэхэд 2018 онд нийт 1619 иргэн хандсан бөгөөд хохирогчдыг хүйсийн хувьд ангилвал 2014 оноос хойш 10 эрэгтэй Түр хамгаалах байранд хандсан бол 561 эмэгтэй, 525 эмэгтэй хүүхэд, 524 эрэгтэй хүүхэд байв.

Түр хамгаалах байранд байрлаж буй эмэгтэйчүүдийн ихэнх нь 1-3 хүүхдээ дагуулан ирдэг аж. Бүр найман хүүхэдтэйгээ ирж байсан тохиолдол ч гарсан гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм. Биднийг тус төвд очих үеэр  насанд хүрсэн зургаан эмэгтэй 20 хүүхдийн хамт Түр хамгаалах байранд байрлаж байлаа.

Түр хамгаалах байрны дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Сэржмядаг

“Өнгөрсөн хугацаанд Түр хамгаалах байранд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 50 эмэгтэй 2-5 удаа  давтан ирсэн. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд Түр хамгаалах байрны үйл ажиллагаа, ажиллаж буй хүмүүс гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлийг шалгах талаар нарийвчлан зааж өгсөн байдаг. Өмнө нь хохирогчийг нэг сар хүртэл Түр хамгаалах байранд хамгаалдаг байсан бол шинэчилсэн хуулиар хугацааг зааж өгөөгүй. Монгол улсын “Хохирогчийг хамгаалах байрны үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” нь анх 2009 онд батлагдсан. Энэ стандартаар Түр хамгаалах байр гэдэг нь нэг долоо хоногоос гурван сар хүртэлх үйлчилгээ үзүүлэх газар байна гэсэн байдаг. Энэхүү стандартад шинээр батлагдсан хууль, журмуудтай нийцүүлэн өөрчлөлт оруулах ажил хийгдэж байна. Бодит амьдрал дээр нэг хүнийг гурван сар байлгах нь санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг. Одоогоор гурван сараар байрласан хохирогч бүртгэгдээгүй, дээд тал нь хоёр сар хүртэл хугацаагаар байрлаж байсан тухай Түр хамгаалах байрны дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Сэржмядаг ярилаа.

Тэрбээр “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид ихэвчлэн шөнийн цагаар хандах нь элбэг. Тэрнээс биш яг ийм үед хохирогчийн тоо нэмж, хасагддаг гэдгийг таамаглаж хэлэхийн аргагүй байдаг. Хэн, хэзээ, хаана ямар хүчирхийлэлд өртөхийг бид таашгүй шүү дээ. Хүн нэг удаа хүчирхийлэлд өртөөд цагдаагийн байгууллагад хандаад байдаггүй. Удаан хугацаанд хүчирхийлэлд өртөж явсаар хүчирхийллийн түвшин өндөр эрсдэл ихтэй болсон үед л цагдаагийн байгууллагад ханддаг. Хүчирхийллийг тэвчиж засрах байлгүй, гайгүй болох байх гэсэн бодлоор уучилж явсаар өөрийгөө болон үр хүүхдээ эрсдэлтэй орчинд байлгаад байдаг. Мөн хүчирхийлэл үйлдэгчээс шууд эдийн засгийн хамааралтай байдаг нь тэвчих нэг шалтгаан болдог” талаар яриагаа үргэлжлүүлсэн юм.

Мөн тус төвд 2014 оноос эхлэн гэр бүлийн хүчирхийллийн мэдээлэл авах, тусламж зөвлөгөө өгөх "107" тусгай дугаарыг 24 цагаар ажиллуулж эхэлжээ. Тусгай дугаарт  2014-2018 онд 37 мянга гаруй иргэн холбогдож, хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл авчээ.

Түр хамгаалах байрны жижүүрийн сэтгэлзүйч Э.Лхагва

Түр хамгаалах байрны жижүүрийн сэтгэлзүйч Э.Лхагва “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүд сэтгэлзүйн хувьд маш их айдастай, хэл ярианы чадвар муу, амиа хорлох оролдлогыг удаа дараа хийж байсан хүмүүс ирдэг. Манай төвд хохирогчид ирэхдээ эхний долоо хоног нойр нь хүрэхгүй, сэтгэл санаа нь үнэхээр тогтворгүй болсон байдаг” гэдгийг хэлж байв.

ХҮЧИРХИЙЛЛИЙН УЛМААС 2018 ОНД ТАВАН ЭМЭГТЭЙ НАС БАРЖЭЭ

Нийгэмд эмэгтэйчүүдийг архинд ихээр орж байна гэж буруутгах хандлага нэмэгдэх болсон. Яг үнэндээ архи ууж буй нөхрийнхөө архийг бага уулгах гэж хуваалцдаг эсвэл нөхрийнхөө зодуурыг мэдрэхгүй байхын тулд архинд орсон тухай гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд ярьж байлаа. Энэ нь эргээд эмэгтэйчүүдийг архинаас хамааралтай болгох нэг шалтгаан болж байна гэдгийг ч мэргэжилтнүүд хэлсэн юм.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хэмээх байгууллага нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хүлээн авдаг газрын нэг. Биднийг очих үеэр хоёр ч эмэгтэй хүүхдүүдийн хамт зөвлөгөө авахаар сэтгэл зүйчтэй уулзаж байхдаа таарав. Инээд хөөрөөр бялхаж байх ёстой бяцхан хүүгийн нүд нэг л гунигтай. Учир нь, ээж нь нүдэндээ нулимстай, сэтгэл зүйчтэй ярилцаж буйг харсан хүү ээжийгээ хараад өрөвдөж суух шиг.

Тус төвд 2018 онд л гэхэд нийт 1052 хүн хандаж, зөвлөгөө авчээ. Эдгээрээс 25 хүн нь хүчингийн хэргээр хандсан бол 133 хүүхэд, үлдсэн нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон эмэгтэйчүүд ажээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаанаас харахад 53 хувь нь амиа хорлох үйлдэл хийх бодол төрдөг гэж хариулсан бол 26 хувь нь амиа хорлохыг төлөвлөж байсан, гурван хувь нь ямар нэгэн оролдлого хийсэн гэж хариулжээ. Харамсалтай нь 2018 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан 5 эмэгтэйн гэр бүл Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд ханджээ.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуульч Д.Санчир

“Манай төвд хандаж буй эмэгтэйчүүдийн дийлэнх хувийг дээд боловсролтой, ажил эрхэлдэг эмэгтэйчүүд эзэлдэг. Өнгөрөгч онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан таван тохиолдол гарсан. Хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүд гэмтэлтэй үеийн зургаа авах, цагдаагийн байгууллагад хандаж байсан эсэх гээд өөрийн түүхээ тодорхой бичиж, нотлох баримтаа сайн бүрдүүлэх шаардлагатай. Тэгэхгүй бол эргээд хүчирхийлэгч үйлдэгчийн гарт амь насаа алдах, ихэнх тохиолдолд амиа хорлолт гэсэн дүгнэлтээр хэрэг хаагдах нь элбэг байдаг” тухай Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуульч Д.Санчир ярилаа.

Өнгөрөгч онд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 46 мянга гаруй гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага иржээ. Харин нэг хоногийн хугацаанд нийслэл хотод 150-200 гэр бүл хүчирхийллийн дуудлага ирдэг байна.

Энэ талаар нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Баярбаясгалан ярихдаа “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд шинээр орсон зохицуулалтад “Тухайн гэр бүлд хүчирхийлэл үйлдэгддэг нь тогтоогдвол эвлэрүүлэн зуучлах хугацаа өгөлгүйгээр шууд гэрлэлтийг цуцлах шаардлагатай гэж тусгасан. Харамсалтай нь өнгөрөгч онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас нэг хүүхэд, том хүн нас барсан хэрэг гарсан. Хүчирхийлэл үйлдэж буй гэр бүл дэх хүүхэд ямагт хүчирхийллийн хохирогч байдаг. Өнөөдөр есөн хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэж бүртгэж байгаа ч бие махбодиороо, сэтгэл санаагаараа хохирч буй хүүхдийн тоо үүнээс хэд дахин олон бий” гэв.

“ТӨРСӨН ААВТАЙ МИНЬ ХҮРТЭЛ ХАРДАЖ БАЙСАН”

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хоёр хүүгээ дагуулан ирсэн нэгэн эмэгтэйтэй ярилцлаа. Тэрбээр 32 настай бөгөөд ярилцлагадаа түүний нэр, гэрэл зургийг олон нийтэд харуулсангүй.


-Сайн байна уу. Та Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд яагаад хандах болов?

-Би нөхөртэйгөө гэрлээд 10 жил болсон. Одоо бид гурван хүүхэдтэй. Нөхөр маань сүүлийн хэдэн жил архи ихээр уух болсон. Архи уусан хүн яадаг билээ дээ, уур уцаартай, муухай авирлана. Бас намайг гэр орноос гаргахгүй, найз нөхөдтэй уулзуулахгүй их харддаг. Төрсөн аавтай минь хүртэл хардаж байсан. Одоо хүртэл нөхөр маань архиа уусаар л байгаа. Тийм учраас би энэ байгууллагад хоёр хүүгээ дагуулан ирсэн.

-Та ажил хийдэг үү?

-Би гэртээ хүүхдүүдээ хардаг. Нөхөртэйгөө нийлснээс хойш бараг ажил хийгээгүй дээ. Нөхөр маань ойр зуур барилгын ажил хийгээд хүүхдүүдээ тэжээдэг. Би ажил хийдэггүй болохоор нөхөр маань “Би ганцаараа ажил хийж, гэр бүлээ тэжээж байна” гэж илүү давуу эрхтэй ханддаг. Намайг гэртээ хүүхдүүдтэйгээ зууралдаад, юу ч хийхгүй байдаг л гэж боддог.

-Нөхөр тань архи уусан үедээ танд гар хүрдэг үү?

-Нэг өдөр хүүхдээсээ болж бид маргалдсан. Тэр үед согтуу байсан учраас намайг шууд зодож эхэлсэн. Үнэхээр аймаар санагддаг. Заримдаа нөхрийгөө архи уулгахгүй гэж нийлдэг найзуудынх нь гэрт очихоор өшиглөж, зодно. Ер нь бие махбодиосоо илүү сэтгэл санааны дарамт их хэцүү санагддаг. Зүгээр гэртээ сууж байхад санаанаасаа зохиож хардаад л “Энэ миний хүүхэд биш” гэж хүртэл хэлдэг юм.

-Та Түр хамгаалах төвд хоёр ч удаа очиж байсан гэсэн үү?

-Өмнө нь хадмууддаа хөөгдөөд Түр хамгаалах төвд хэд хоног хонож байсан. Хадмууд маань нэг хашаанд амьдардаг юм. Хүний хүн болохоор өөрийнхөө л хүүхдийг өмгөөлнө.

-Хүүхдүүд нь одоо хэдэн настай вэ. Нэг хүүхдийг нь хэн харж байгаа вэ?

-Том хүү маань одоо 10 настай. Дунд хүү зургаан настай. Бага охин маань нэг ой гарантай. Бага охиныг маань энэ байгууллага сувилалд өгсөн байгаа. Намайг сэтгэл санаагаа цэгцэлж, нийгэмшихэд нэг ч гэсэн ачааг нь нимгэлж байгаа юм уу даа. Охиноо сувилалд жилийн гэрээтэй өгсөн болохоор маш их санадаг. Одоо бараг хагас жил болж байна. Саяхан нэг очиж, охиноо эргэсэн. Хоёр ах нь дүүгээ санаад өнөөдөр очих гэсэн мөнгөний боломжгүй учраас очиж чадсангүй. Тэр нялх амьтан ээж, аав, ах нараасаа хол өсөх гэж энэ хорвоо дээр төрөөгүй шүү дээ. Аргагүйн эрхэнд охиноо танихгүй хүмүүсийн дэргэд өсгөж байна. Аавынх нь хувьд өөрийгөө хариуцлагаас үргэлж зайлуулна. Ийм сайхан эрүүл саруул төрсөн хүүхдүүдээ голно. Минийх, чинийх дээрээ тулна.

-Одоо нөхөртэйгөө хамт амьдарч байгаа юу?

-Анх суухдаа хагацаж, салахгүй гээд хачин хайртай хүмүүс л нийлсэн. Жилээс жилд архинд бага багаар орж эхэлсэн. Анх надтай танилцахад архи уудаг л байсан. Гэхдээ хамт амьдраад ирэхээр гайгүй болчих байх гэж найдсан. Заримдаа шөнөөр нөхрөө хайгаад л айлуудаар явна. Би одоо өнгөрсөн амьдралаа эргээд харахад үнэхээр хэцүү санагддаг. Би ийм амьдралыг хэзээ ч төсөөлөөгүй. Энэ байгууллагаас надад гэр өгсөн. Би хоёр хүүтэйгээ айлын хашаанд амьдарч байгаа. Хоёр хүүтэйгээ байгаа ч үнэхээр амар тайван, сайхан байна. Гэр бүлийн орчин яах аргагүй хүүхдэд их нөлөөлдөг юм билээ. Манай том хүү их уур уцаартай болсон. Дунд хүү маань аавыгаа санаж бэтгэрээд, одоо бүр аавыгаа үзэн яддаг. Нөхөртэйгөө холбоогүй, аль болох зугатаад л явдаг. Гэрлэлтээ шүүхээр салгах гэхээр хариуцагч ирэхгүй байна гэсэн шалтгаанаар шийдвэрлэхгүй хойшлуулаад байгаа.

-Одоо та юу хийж, амьдрал бодолтой байна вэ?

-Хэдэн хүүхдүүдтэйгээ байхад амьдрал болох байлгүй дээ. Цаашдаа өөрийн амьдралыг эхнээс нь эхлүүлж, сайхан ажил хийж амьдармаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж