Улстөрчдийн эрх мэдлийн төлөөх тэмцэлдээний эхний үе шат энэ долоо хоногт УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлснөөр дуусгавар болох нь бололтой.
Тоглоомын горьтиг дотор үлдэгсэд дараагийн тэмцэлдээнээ төд удалгүй эхлүүлэх нь тодорхой. “Хувьсгалт” тэмцэлд босоод байгаа, “хувьсгалт” тэмцэлд нэгдээд байгаа, “хувьсгалт” тэмцэлд уриалаад байгаа хүмүүс нэг зүйлийг хэлэхгүй байгаа нь дараа яах вэ, юу өөрчлөгдөх вэ гэдэг зүйл. Ард түмнийг энэрэн хайрлаж сайхан амьдруулна, ард түмний өмч болсон баялгийг тэдний нэрийн өмнөөс хамгаална гэж байгаа ч М.Энхболд огцорч, МАНАН устсаны маргаашнаас ард түмэн жаргаж цэнгэж, газар доор байгалийн баялаг мөнгө болон хөрвөх ид шид тохиохгүй нь лавтай. Сүхбаатарын хөшөө, Саарал ордон хавьцаа хүчний харьцаа өөрчлөгдөж, зарим нэг сэнтийн эзэд солигдлоо ч гудамжны цэвэрлэгч үүрийн таван жингээр босч ажилдаа гарч, сургуулийн багш утаан дундаа сургуулиа бэдрэн ирэх сурагчдаа тосч, шөнийн ээлжийн эмч сувилагч шөнөжин өвчтөнөө эргэж тойрч, талхчин талхаа барьж, малчин малаа малласан хэвээр байх болно. Тэдний хувьд юу ч өөрчлөгдөхгүй. Тиймээс өнгөрсөн долоо хоногт эрхэм гишүүдийн баталсан УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай хуулийн заалтаас илүүтэй сэтгэлийг зурсан үйл явдал бол 19-хөн настай залуу эр цэргийн албанд очоод хэрцгийгээр харгислуулан амиа алдсан хэрэг байлаа. Яагаад гэвэл тэд бүгд хөвгүүнтэй, хөвгүүн нь төрийн дуудлагаар эр цэргийн албыг хаах үүрэгтэй. Цэргийн алба хаах үүрэгтэй гэдэг хуулийн энэ хэдэн үг тэдний үр хүүхдэд л илүүтэй үйлчилдэг.
Чадал тэнхээ муутайгийнх нь хүү цэргийн албанаас мултарч чадалгүй, дэг гэдэг цаасан дээр хараар бичигдээгүй ч цэрэг эрсийн цусаар бичигдсэн шударга бус орчинд хугацаат цэргийн алба хаахаас өөр аргагүй болдог хачин үзэгдэл хэзээнээсээ нааш байсан. Үүнийг хүн болгон мэддэг, ярьдаг. Уг нь “хувьсгалт” тэмцлийг ийм шударга бус зүйлийг цэгцлэхээс эхэлсэн бол эрх мэдлийн төлөө биш гэдэгт ядахдаа хэдэн хүн итгэх л байсан байх.
Магадгүй тэр хөөрхий хүүгийн эх үрээ зарим өдөр хоёр идүүлж чадаагүй ч эхийн хайраар дутаагаагүй л өсгөсөн байж таараа. Тэгж өсгөсөн эрүүл саруул үрээ гуравхан сарын өмнө цэргийн албанд үдэж, сүүгээ өргөөд хоцрохдоо хөрсөн биеийг нь тэвэрнэ гэж бодоогүй л байх. Тэгэх тэгэхдээ өөрөө ч хайрлаад чангахан ч ороогоогүй биеийг нь төрийн нэрийн өмнөөс хариуцлага хүлээсэн хүмүүс зэрэмдэглэсэн байхыг харах үйлтэй тэр эхийн шаналлыг хэн хариуцах юм бэ? Шударга ёсын төлөөх тэмцэл ийм л шаналлыг багасгахад хэрэгтэй бус уу. Ямар нэг хонгил байгаад тэрнээс болж амьдрал дөнгөж хөл тавьж, төрийнхөө төлөө зүтгэх гэж байсан цэцэг цэврүү шиг залуу амиа алдаж, төрүүлсэн эцэг эх нь амьдын тамд унаж байгаа бол нураалцаад өгөхөд бэлэн байна.
Цаг бусаар, харгислуулан амиа алдсан нь даанч тодорхой байхад “гаднын нөлөөгүй нас барсан гэсэн дүгнэлт гарсан” гэсэн эрх мэдэлтнүүдийн үг дэндүү тохуурхал байлаа. Энэ үгийг дамжуулсан цагдаагийн эмэгтэй үүнд буруугүй. Энэ үгийг хэлүүлж байгаа хүмүүс тэр хонгил дотор чинь байгаа бол нураалцъя.
Дахин хэн нэг залуу алтан амиа зуурдаар алдахгүй, дахин нэг эх дэрээ нортол уйлахгүй гэсэн баталгааг өгөх зоригтой хүн хувьсгалчдаас лав гарсангүй.