Трампын суудлыг ганхуулах “түр зогсолт” завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

Трампын суудлыг ганхуулах “түр зогсолт” завсарлалаа

Трампын суудлыг ганхуулах “түр зогсолт” завсарлалаа

АНУ-ын түүхэн дэх хамгийн удаан “шатдаун” буюу засгийн газрын түр зогсолт түр хугацаанд завсарлаж, сар гаруй хугацаанд гацаад байсан тус улсын засгийн газар, төрийн байгууллагуудын ажил эргэн хэвэндээ орж, олон хоног цалингүй ажилласан төрийн байгууллагын 800 мянга гаруй ажилчдад цалинг нь нөхөн олгохоор болжээ. Өмнө нь ерөнхийлөгч асан Билл Клинтоны үед 21 хоног засгийн газрын ажил саатан түр зогсолт хийж байсан бол энэ удаагийн түр зогсолт 35 хоног үргэлжиллээ.

Энэ бүхэн ерөнхийлөгч Дональд Трамп засгийн газрын төсөвт Мексикийн хил дагуу байгуулах хана хэрэмний санхүүжилтийг багтаахыг шаардаж, харин конгресс уг төслийн санхүүжилтийг батлахгүй гэж санал зөрөлдсөнөөс эхэлсэн билээ.

Дональд Трамп өөрийн сонгуулийн гол амлалтуудын нэг болох Мексикийн хил дагуу хана барихад шаардлагатай 5,7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг тусгаагүй төсвийн төслийг няцаана гэдгээ мэдэгдэн, шаардалагатай бол онц байдал зарлахад ч бэлэн гэдгээ зарлаж байв. Хэрэв онц байдал зарлах юм бол дээрх мөнгийг байгалийн гамшиг гэх мэт гэнэтийн аюул ослын үед хэрэглэхээр хуримтлуулдаг гамшгийн сангаас шууд гарган авах нөхцөл бүрдэх юм. Сөрөг хүчнийхэн ч түүнд бууж өгөлгүй түүний энэхүү санаачилгыг ямар ч тохиолдолд  хүлээн авах боломжгүй гэдгээ удаа дараа илэрхийлсээр байсан юм.

Олон хоног үргэлжилсэн улс төрийн маргааны үр дүнд 800 мянга гаруй төрийн албан хаагч цалингүй ажиллаж, төрийн ажил саатсан бөгөөд энэ байдал цаашид үргэлжилбэл ерөнхийлөгч Д.Трамп дараагийн сонгуульд дахин ялах эсэх нь ч эргэлзээтэй болох байлаа. Учир нь ард иргэдээс авсан санал асуулгаар иргэдийн ихэнх нь Мексикийн хилийн дагуу хана барих нь тулгамдсан асуудал биш, засгийн газрын ажлыг гацаасан хэргийн гол буруутан нь Д.Трамп гэж үзсэн байна. Тиймээс Д.Трамп буулт хийхээс өөр аргагүй болж түр ч гэсэн иргэдийн уур хилэнг дарахгүй бол түүний ирээдүй бүрхэг болно гэдгийг гадарласан бололтой.

Ингээд Баасан гаригт /2019.01.25/ Д.Трамп төлөөлөгчдийн танхимын дарга Нанси Пелоси тэргүүтэй сөрөг хүчнийхэнтэй тохиролцоонд хүрч засгийн газрын үйл ажиллагааг дахин сэргээж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нөхөн олгохоор болсон байна. Гэвч тохиролцоонд хүрсэн гэдэг нь Д.Трампын хана барих төслийг конгресс хүлээн зөвшөөрч, зардлыг төсөвт суулгалаа гэсэн үг биш бөгөөд “шатдаун” бүр мөсөн зогсоогүй аж. Тохиролцоо ёсоор 21 хоногийн хугацаанд талууд хил дээр байгуулах хана хэрэмний санхүүжилтийн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх зорилт тавьжээ. Хэлэлцээр үр дүнд хүрэхгүй бол хоёрдугаар сарын 15-наас эхлэн холбооны засгийн газрын үйл ажиллагаа дахин зогсонги байдалд орох юм.

Ийнхүү тохиролцоонд хүрсэн хэдий ч Д.Трамп өөрийн байр сууриасаа хазаагаагүй гэдгийг дахин сануулж “АНУ-Мексикийн хилийн дагуу бетонон байна уу ган байна уу ямар нэгэн хана босгохоос өөр арга бидэнд байхгүй. Ирэх 21 хоногийн хугацаанд энэ асуудал эерэгээр шийдэгдэнэ гэж найдаж байна. Хэрэв конгресс надтай тохиролцож чадахгүй бол би үндсэн хуулинд заасан өөрийн эрх мэдлийн дагуу хана барих санхүүжилтийг гамшгийн сангаас гаргуулж асуудлыг шийдэх болно. Гэхдээ би энэ аргыг сонгохыг үнэхээр хүсэхгүй байна. Эсвэл засгийн газрын үйл ажиллагаа дахин гацаанд орно” хэмээн мэдэгдэв.

Төрийн ажил удаан хугацаанд саатсанаас болж тус улсын эдийн засгийн байдал хүндрэх төлөвтэй болж байна. Цалингүй ажиллахыг хүсэхгүй байгаа ажилчид ихээр чөлөө авч, зарим нисэх онгоцны буудлуудын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, жуулчдын сонирхон очдог томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүд, түүхийн дурсгалт газрууд хаалгаа барьснаас АНУ-ыг зорих жуулчдын тоо эрс буурч байгаа гэнэ. Мөн ажилгүйдлийн тэтгэмж авахыг хүсэгчдийн тоо ч нэмэгдсээр байгаа ажээ. Үүнээс гадна ерөнхиийлөгч Д.Трамп эдийн засгийн хүндрэлтэй энэ үед төсвөө хэмнэх зорилгоор Давосын эдийн засгийн чуулган гэх мэт дэлхийн хэмжээний томоохон чуулга уулзалтуудыг өнжиж, албан тушаалтнуудын өртөг өндөртэй томилолтуудыг ч цуцлаад байгаа юм.

Улс төрийн шинжээчдийн үзэж байгаагаар ямар ч шийдвэр гарсан Д.Трамп удаан үргэлжилсэн улс төрийн маргаанд ялагдсан нь гарцаагүй аж. Хэрэв “шатдаун” дахин эхлэвэл ард иргэдийн түүнд итгэх итгэл улам бүр буурна. Харин конгрессийн зөвшөөрөлгүйгээр гамшгийн сангаас төсвийг гаргуулан хана барих юм бол сөрөг хүчин ч чимээгүй өнгөөрөөхгүй нь ойлгомжтой, маш их хэл ам дагуулсан шийдвэр байх болно гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж