Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг /2019.01.22/ золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Дээрх мэдээлэл цацагдсан даруйд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр талийгаачийг цэргийн ангидаа дэглүүлснээс болоод нас барсан гэх таамаг хөвөрч эхэлсэн юм.
Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас 2019 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр талийгаачийн үхлийн шалтгааны талаар мэдээлэхдээ гаднын нөлөөгүй амиа алдсан, бие дээрх хөх толбыг хүүрийн толбо хэмээн тайлбарласан юм. Тэгвэл уг мэдээллийг талийгаачийн ар гэрийнхэн үгүйсгэж талийгаачийг зодуулснаас болоод амиа алдсан гэдэгтэй санал нэгдэж байв.
Тухайлбал, талийгаачийн төрсөн ах Б.Эрдэнэбат “Миний дүүг тэр өдөр зодсон байгаа юм. Шарх, сорви нь бие дээр нь ил байж байна. Дүүг минь өглөө хөнжил, пүүгээг нь бариулаад гүйлгэсэн гэсэн. “Гүйж чадахгүй нь ээ, амьсгаа давчдаад байна" гэхэд нь баашиллаа гээд "нүдэж".
Хамт байсан цэргүүд нь тэгж хэлж байна лээ. Дараа нь цэргийн казармд ороход ухаан нь балартчихсан, куртикээ өлгөж чадахгүй орж ирээд ухаан алдаад унасан гэсэн.
Тэрнээс хойш ямар ч арга хэмжээ авалгүй, тусламж үзүүлэлгүй байсаар цагийн дараа эмч үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн гэсэн” гэж байжээ.
Б.АЛТАНТУЛГА ГЭЖ ХЭН БАЙВ?
Талийгаач Б.Алтантулга нь 19 настай айлын отгон хүү юм. Тэрбээр Орхон аймгийн харьяат нэгэн бөгөөд өнгөрөгч намар хугацаат цэргийн албанд татагджээ. Талийгаачийн хувьд ямар нэг хууч өвчингүй, эрүүл, цэргийн үзлэгт тэнцээд цэргийн албанд мордсон юм. Б.Алтантулга нь цэргийн ангид байхдаа зодуулдаг, дарамтлуулдаг байсан талаар ар гэрийнхэндээ нэг бус удаа дуулгаж байсныг хамт байсан цэргүүд нь гэрчилдэг. Тодруулбал, талийгаачийн хувьд цэргийн албанд татагдаад байх хугацаандаа эмнэлэгт хэвтэж байсан аж.
Мөн ээжийгээ эргэлтээр очсон үед “Гаргаж аваарай, хөөцөлдөөрэй ээж” гэж захихдаа зодуулж байсан тухайгаа хэлсэн байна.
ХЭРЭГ ГАРСАН ӨДӨР ЧУХАМ ЮУ БОЛСОН БЭ?
Хохирогчийн хууль ёсны өмгөөлөгчид өнгөрөгч баасан /2019.01.25/ гаригт талийгаачийн асуудлаар мэдээлэл хийсэн. Өмгөөлөгч Э.Билгүүн сэтгүүлчдэд хандан “Зүүнбаянгийн 336-р цэргийн ангид өмнө нь цэргүүдийг дэглэж тахир дутуу болгож байсан тохиолдол цөөнгүй бий. Талийгаачийг өөрөө гүйж явахдаа бахардаж унасан гэсэн асуудлыг ярьж байгаа. Бахардаад унахаар нь цэргийн ангийн удирдлагууд дээрээс нь өшиглөж харгисаар зодсон тухай хамт гүйж байсан цэргүүд нь гэрчилсэн.
Цэргийн ангийн камерын бичлэгт байгаагаар Б.Алтантулгыг тэнхээгүй болтол нь зодоод гүйлгэсний дараа хувцсаа өлгөж чадахгүй ухаан алдаад унахад чирээд орон дээр тавьсан бөгөөд нэг цагийн дараа эмчийн үзлэг хийхэд түүнийг нас барсан гэсэн дүгнэлт гарсан.
Биднийг очиход талийгаачийн нуруу хэсэгт үүссэн толбо бол хүүрийн толбо биш. Гаднын нөлөөтэйгөөр толбо үүсэх боломжтой гэж үзэж байгаа. Хөлийн шилбэний хэсэг хөхрөлт няцралттай, баруун мөрний дээд хэсэгт гаднын нөлөөтэй шарх, сорвитой байсан” гэх мэдээллийг өгсөн.
Мөн өмгөөлөгчдийн зүгээс энэ хэрэгт холбогдох хүмүүсийг шалгуулахаар Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарт хандсан байгаа.
ТАЛИЙГААЧИЙН ҮХЭЛД СЭЖИГЛЭЖ БУЙ АЛБАН ХААГЧДЫГ ЦАГДАН ХОРИХ САНАЛ ХҮРГҮҮЛСЭН
Хэргийн талаар ЦЕГ-аас өнгөрөгч баасан /2019.01.25/ гаригт албан ёсоор мэдээлэл хийсэн. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал “Нэгдүгээр сарын 22-ны өдөр 17.25 цагт Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 336 дугаар ангид 19 настай А үүрэг гүйцэтгэх хугацаандаа нас барсан” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Мөрдөгч цогцост үзлэг хийхдээ шинжээч болон эмчийг оролцуулдаг. Дорноговь аймагт хийсэн шинжээчийн дүгнэлтэд гаднаа ил гарах шархгүй гэж бичсэн байсан.
Зурган дээр байгаа хүрэн улаан өнгийн толбо, зэргэлдээ байгаа зулгаралтууд гадны нөлөөтэй эсэхийг дахин нягтлахаар шинжээч томилж, үзлэг хийнэ. Шалгалтын комисс Дорноговь аймагт ажиллаж байна.
Тухайн цэргийн алба хаагчийг цэргийн ангиас гаргаж, хашаандаа бэлтгэл сургуулилт хийлгэсэн. Энэ үеэр гар хүрсэн зарим үйлдлүүд дүрс бичлэг дээр үлдсэнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хурааж авсан. Энэ нь үхэлд нөлөөлсөн үгүйг шалгалт хийж, тогтооно. Мөрдөгчийн тогтоолоор шинжилгээний байгууллага шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дүгнэлт гаргаж шалгалтын ажиллагаа цааш явагдана. Ээлжийн ахлагч цэргийн алба хаагчид гар хүрч байгаа үйлдэл бичлэгт бий. Яг ямар үйлдэл хийж байгаа талаар шалгалт эхэлж байгаа учраас олон нийтэд мэдээлэх боломжгүй” гэжээ.
ЗХЖШ-ААС ТАЛИЙГААЧИЙН ҮХЭЛД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХЭЭ МЭДЭГДЭВ
Энэхүү мэдэгдлийн дараа Зэвсэгт хүчний жанжин штабаас /ЗХЖШ/ Зүүнбаян дах цэргийн ангид томилогдсон ажлын хэсгийнхэн талийгаачид тохиолдсон явдлын дараа тайлбар хийв. Бригадын генерал Б.Амгаланбаатар “Салбарын захирагч дотоод журмыг зөрчиж гар утсаар ярьсан байна хэмээн цэргүүдэд сахилгын арга хэмжээ авахуулах үүрэг өгсөн. Ахлагч цэргүүдийг талбай дээр гүйлгэсэн. Тухайн үед талийгаачийн дотор эвгүйрхээд гүйж чадахгүй байна гэсэн тайлбарыг өгсөн.
Дараа нь талийгаач гүйж байх хугацаандаа дотор нь эвгүйрхэж биеийн байдал нь мууджээ. Талийгаачийн бие муудахад орон дээр хэвтүүлж, дэргэд нь байсан ахлагч нар гар хөлөнд нь массаж хийн, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн.
Дараагийн хичээл ороход талийгаач таталт өгсөн тул багийн эмчийг дуудаж талийгаачийг Зүүнбаянгийн эмнэлэг рүү авч явсан. Тэгтэл эмнэлэг рүү явах замдаа нас барсан. Ингээд багийн эмч үзээд зүрх нь зогссон талаар хэлж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Ар гэрийнхэнд нь бид маргааш өглөө нь дуулгасан” гэлээ.
Талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр /2019.01.28/ хөдөөлүүлж байгаа аж. Мөн тус цэргийн ангийн захирагч Д.Өлзийбаярын хувьд өмнө нь 350 дугаар ангийн захирагчаар ажиллаж байхад нь цэргийн хоёр алба хаагч гранатад өртөж нас барсан дуулиант үйл явдал болж байсан юм.
ЗХЖШ-аас дээрх хариуцлага алдсан дарга, ахлагч нар хариуцлага тооцохоо мэдэгдсэн бөгөөд хэрэгт холбогдуулан ахлагч н.Мандалхангайг саатуулаад байгаа аж. Хуулийн байгууллагаас талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт 21 хоногийн дотор гарна хэмээн тайлбарласан юм.
Э.АРИУН
Холбоотой мэдээ