Бөхийн холбооны дотоод асуудал маргаантай хэвээр байгаа ч өнгөрөгч долоо хоногт Бөхийн өргөөг нээлээ. Хагас жил орчим хаалттай байсан Бөхийн өргөөг нээсэн ч сар шинийн барилдааныг “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулахыг холбооноос мэдэгдсэн юм. Гэхдээ Битүүний барилдаанаас өмнө болдог нийтийн монгол, сумын цолтой, залуу бөхчүүд болон аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн уламжлалт барилдаанууд Бөхийн өргөөнд болохоор болжээ.
ЦАГААН САРЫН БАРИЛДААН АНХ УДАА БУЯНТ-УХАА ОРДОНД БОЛНО
XVII жарны “Урвуулагч“ хэмээх шороон гахай жилийн шинийн нэгэнд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан долоон хоногийн дараа болно. Энэхүү барилдааныг 1963 оноос “Нэгдэлчдийн өдөр”-т зориулан Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны нэрэмжит болгон зохион байгуулж эхэлжээ. Анхдугаар барилдаанд 64 бөх зодоглоход дархан аварга Ж.Мөнхбат түрүүлж, улсын аварга Ч.Бээжин үзүүрлэж байжээ. Тэгвэл хамгийн олон удаа түрүүлсэн бөх нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ бөгөөд нийт 13 удаа түрүүлэхдээ 11-т нь завсаргүй түрүүлсэн амжилтыг үзүүлсэн байна.
Цагаан сарын барилдаанд сайн барилдсан бөх тэр жилийнхээ улсын наадамд өнгөтэй сайхан барилддагийг олон жилийн наадмын түрүү бөхчүүдийн амжилтаас харагддаг. Тиймээс бөхчүүд сар шинийн барилдаанд чамгүй сайн бэлдэж, тэр эрчээрээ улсын баяр наадмын бэлтгэлийг эхлүүлдэг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн барилдааныг Бөхийн өргөөнд биш “Буянт-Ухаа”-д үзэх боллоо. Барилдааны тасалбарыг нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн "Буянт-Ухаа" спортын төв ордны кассаар худалдаалж эхэлсэн бөгөөд суудлын байршил харгалзахгүй 10 мянган төгрөг юм байна.
Бөхийн өргөө хаалттай байсан ч уламжлалт барилдаанууд бусад ордонд болж, бөхчүүд хилийн чанадаас багагүй түрүүтэй ирсэн юм.
БӨХЧҮҮД БНСУ-ЫГ ЗОРЬЖ, АВАРГАТАЙ ИРЭВ
Өнгөрөгч намар уламжлалт барилдаан “Алдар” спорт хороо, “Аса” цирк болон Спортын төв ордонд болсон билээ. Мөн зарим барилдаан хугацаа алдаж, хуваарьт багагүй өөрчлөлт орсон. Энэ хооронд зарим бөхчүүд хилийн дээс алхаж, гадаадын тэмцээнээс цөөнгүй түрүүтэй ирсэн. Монголчууд олноор амьдардаг БНСУ-ын уламжлалт ширым бөхийн тэмцээнд улсын заан Д.Баасандорж, улсын харцага О.Хангай, улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Э.Даш, Д.Тамир нарын бөхчүүд оролцоод ирсэн. Эдгээр бөхчүүдээс улсын харцага О.Хангай гадаад бөхчүүдийн барилдаанд түрүүлж, цомын эзэн болсон. Бусад бөхчүүд ч муугүй барилдаж, туршлага судалсан билээ. Гэхдээ манай бөхчүүдийн гадаадын барилдаан үүгээр дуусаагүй.
О.ХАНГАЙ УРД ХӨРШИД
Урд хөршид болдог уламжлалт барилдааны нэг бол “Алтан бүс” нэртэй олон улсын барилдаан. БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймагт болдог эл барилдаанд мөн улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Бат-Орших, улсын заан Н.Жаргалбаяр нарын тэргүүтэй 20 гаруй бөх барилдсан. Шагналын сан өндөр барилдааны түрүү бөхөөр улсын харцага О.Хангай тодорч бэлтгэлээ сайн байгаагаа харуулаад авсан. Энэ барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба заан цолтойдоо түрүүлж байсан бөгөөд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, аварга Т.Цагаанзан нар түрүүлж байжээ. Энэ удаа улсын харцага О.Хангайг давах бөх гараагүй юм.
СҮМО БӨХИЙН ХОЛБОО “БУЯНТ-УХАА”-Г ОНЦЛОВ
Бөхийн өргөө хаалттай үед бөхийн барилдаанууд боломжтой бүхий л газар болсон. Эцэст нь хамгийн зөв сонголт “Буянт-Ухаа” спортын ордон болсон билээ. Их, бага гэлтгүй барилдаанууд ээлжлэн болж, бөх сонирхогчдоос “боломжийн” үнэлгээ авч хол гэлтгүй зорьж очих нь олон байв. Мөн машины зогсоолтойгоос гадна үзэгчийн суудал хангалттай байдаг нь нөлөөлсөн байх. Уламжлалт барилдаануудын хажуугаар Сүмогийн холбооны 25 жилийн ойн бариллдаан чансаа өндөр 64 бөхийн хооронд болж, бөхчүүдийн бяр хүчийг шалгасан юм. Барилдаан сугалаагаар болж, нэгийн даваанаас эхлэн сонирхолтой барилдаанууд гарч эхэлсэн. Гадаадын хоёр ч тэмцээнд түрүүлээд байсан О.Хангай дөрвийн даваанд аймгийн арслан Б.Зоригтбаатарыг, тавын даваанд улсын арслан Э.Оюунболдыг, зургаагийн даваанд улсын начин Б.Чимэдванданг давж түрүүлсэн. Уг барилдааныг шинэ аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, улсын заан Н.Жаргалбаяр нарын том цолтнууд өнжсөн билээ.
ХАРЦАГА О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЖ, АВАРГА Н.БАТСУУРЬ ҮЗҮҮРЛЭВ
Уламжлалт барилдааны нэг бол монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн барилдаан “Буянт-Ухаа” ордонд болж, Ерөнхийлөгч нэрэмжит цомын эзэн тодорсон. Хүчит 128 бөхийн барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлж, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэсэн юм. Энэ барилдаанаас харахад улсын харцага О.Хангай бэлтгэл сайн байгаагаа харуулаад авсан.
П.БҮРЭНТӨГС АРСЛАН БАЯННУУР ХОШУУНД ТҮРҮҮЛЭВ
Урд хөршид болсон өвлийн уламжлалт наадмын үеэр ӨМӨЗОрны Баяннуурт хошуунд хүчит 128 бөхийн барилдаан болж улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, аймгийн арслан Н.Баярбаатар үзүүрлэсэн. Энэ барилдаанд улсын начин Э.Даш, Зүүн Үзэмчин хошууны бөх Батжаргал нар шөвгийн дөрөвт үлдсэн юм. Бөхчүүдийн сүүлийн сорилго барилдаан энэ барилдаан байсан бөгөөд 10 гаруй бөхчүүд оролцоод ирсэн билээ. Нохой жилийн барилдаан үүгээр өндөрлөсөн.
Сар шинийн барилдаан болоход долоон хоногийн хугацаа үлдсэн ч улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг АНУ-ыг зорилоо. Тэд мэргэжлийн боксын рингэнд чухал тулааныг хийсэн Н.Төгсцогтыг дэмжиж, Нью-Йоркод саатаад байна. Харин уламжлалт сар шинийн барилдаанд аварга, арслан амжиж ирэхийг бөхийн хорхойтнууд чих тавин хүлээнэ. Ч.Санжаадамба аварга 2010 онд цэргийн арслан цолтойдоо анх удаа түрүүлж, 2015 онд улсын заан, 2017 онд аварга цолтойдоо түрүүлж байсан билээ. Аварга, арслан цолтнууд зарим барилдааныг өнжсөнийг эс тооцвол тэдний бэлтгэл тасалдаагүй байгааг олон барилдаан харууллаа.
XVII жарны “Урвуулагч“ хэмээх шороон гахай жилийн шинийн нэгэнд зориулсан барилдаан болоход долоон хоногийн хугацаа үлдсэн ч бөхөд хайртай ард түмэн дор бүрнээ таамгаа дэвшүүлсээр байна.