Сар шинээр бэлгэнд Монгол төгрөгөө сонгоцгооё

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

Сар шинээр бэлгэнд Монгол төгрөгөө сонгоцгооё

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр болоход ердөө  долоо хоногийн хугацаа үлджээ. Айл өрхүүд шинэ сардаа бэлтгэж,  банш буузаа чимхэж, гарын бэлгийн ажилдаа гарсан харагдана. “Цагаан сар шиг нүсэр баяр алга” хэмээн  хүмүүс ярьдаг ч  төрт ёсны уламжлалт баяр учраас айл бүр зочдын алгыг өөд нь харуулахын тулд цалин, тэтгэврийн зээл авч, хойд хормойгоороо урд хормойгоо нөхдөг гэхэд хилсдэхгүй.

Үндэсний стастикийн хорооноос мэдээлснээр “Монголчууд  цагаан сарын үеэр дунджаар 357.3 тэрбум төгрөгийг гадагш урсгаж байна” гэх судалгаа гарчээ. Ингэхдээ хүмүүст  өгч буй гарын бэлгийн 80 орчим хувийг импортын бараа эзэлдэг гэдгийг ч судалгааны дүн харуулж буй.

Өөрөөр хэлбэл, бид 357.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг Монгол Улс Цагаан сарын баяраар өмнөд хөршдөө "бэлэглэдэг" гэсэн үг. 357,3 тэрбум төгрөгөөр дотоодын үйлдвэрлэлүүдээ дэмжсэн гарын бэлэг сонговол ямар өсөлт, өөрчлөлт орох бол гэдгийг нэг тунгаагаад үзээрэй. Нөгөө талаар, хэрэв айл өрхүүд Цагаан сарын баярын гарын бэлгэндээ дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сонговол үндэсний үйлдвэрлэгчдэдээ 357.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, бизнесийг нь дэмжих боломж байна гэдгийг энэхүү судалгаа харуулав. Бид ингэж л хэн хэнийхээ гарыг цайлгах нэрээр хятадын бараа авч, урд хөршрүүгээ  зөөчихдөг.  Тэр жишгээр  энэ жил ч мөн ялгаагүй зах худалдааны төвийн лангуун дээр дандаа урд хөршөөс орж ирсэн оймс, тирко тэргүүтэй 1000-10000 төгрөгийн үнэтэй бараанууд харагдаж байгаа нь нууц биш.

Гэхдээ хямдрал, хямд үнэ дагаад шуурдаг монголчуудын сэтгэлгээ, ухамсарт одоохондоо үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэх ойлголт тун хэцүү. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье хэт их үнэтэй тусч байна, Монголд үйлдвэрлэв гэсэн нь тэнгэрт хадсан үнэтэй гэх яриа одоо ч бидний дунд байсаар. Ийм тохиолдолд үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэхээс илүү бэлэн мөнгө бэлгэнд өгөхийг уриалсан нь илүү бодит болох биз ээ.

Уг нь Хятадын "хог" гэгддэг хэнд ч хэрэггүй зүйлсийг өгч байснаас бэлэн мөнгө өгвөл өгч байгаа хүндээ амар, авч байгаа хүндээ хэрэгцээтэй бэлэг байж чадах  болов уу. Энэ нь харагдах талаасаа ч тэр, хэрэгцээ талаасаа ч тэр хамгийн сонгодог бэлэг болох нь мэдээж. Жил бүрийн Цагаан сарын баярын үеэр бэлгэнд бэлэн мөнгө өгье гэдэг уриалга сошиал ертөнцөөр өрнөдөг. Гэвч монголчуудын нэрлэхүү зан уу, эсвэл эрээний барааны хямдыг боддогынх уу бэлэн мөнгө өгөх нь тун ховор.

Бэлэн мөнгө өгснөөр Цагаан сараар гадагш гарч байгаа мөнгөний урсгалыг бага ч болов багасгах, ядаж л 357,3 тэрбум төгрөг дотооддоо шингэх боломжтой.

Жижиг улсын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулахуйц хэмжээний мөнгө эргэлддэг энэ баяраар монгол хүн бүрийн халааснаас гарч буй энэ их мөнгөний урсгалыг эх орондоо үлдээж чадвал манай эдийн засагт багагүй тустай.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж