Хуучирсан мэдээ: 2019.01.27-нд нийтлэгдсэн

Бүх-Оддын шилдгүүд

Бүх-Оддын шилдгүүд

Хойд Америкийн ҮХЛ-н Бүх-Оддын тоглолтын эхний өдөр ур чадварын тэмцээнүүд явагдаж шилдгүүдээ тодруулсан.

ХАМГИЙН ХУРДАН ТАМИРЧИН (FASTEST SKATER)

Лигийн хамгийн хурдан тамирчнаар Эдмонтон Ойлерс багийн К.МкДэвид дахин тодров. Өнгөрсөн оны Бүх-оддын тоглолтын ур чадварын тэмцээнд оролцож хамгийн хурдан тамирчин болж байсан бол энэ жил дахин хурдан гэдгээ баталлаа. Нийт 8 тамирчин өрсөлдсөн тэмцээнд К.МкДэвид 13.378 сек-н амжилтаар мөсөн талбайг тойрч аваргаа хамгаалсан.

ШАЙБЫГ ЭЗЭМШИХ ЧАДВАР (PUCK CONTROL PLAY)

Калгари Флаймз багийн Ж.Гудро мөн л өнгөрсөн жилийн аваргаа энэ төрөлдөө хамгаалж чадсан. Энэ төрлийн тэмцээн нь шайбыг эзэмшин богино зайд, хол зайд сүлжиж, нүхтэй 3 саадыг давуулан хаалга руу цохих уралдаан байсан. Энэ төрөлд өнгөрсөн оны аварга Ж.Гудро, П.Кейн, К.Жиру, М.Шайфли, Г.Ландеског, Ж.Таварес, Ж.Скиннер, Е.Петтерссон нар өрсөлдөж Ж.Гудро 27.045 сек-д амжилттай гүйцэтгэж тэргүүн байр эзэлсэн.

ОНОВЧТОЙ ДАМЖУУЛАЛТ (PREMIER PASSER)

Эдмонтон Ойлерс багийн Герман залуу Л.Драйзайтль 69.088 сек-д гүйцэтгэлээ дуусгаж тус тэмцээний ялагч болсон байна. Тамирчин эхлээд оновчтой дамжуулалт өгч дараа нь нарийвчилсан өмнөө саадтай жижиг хаалга руу шайбаа цохиж оруулсан.

ХҮЧТЭЙ ЦОХИЛТ (HARDEST SHOT)

Энэ удаагийн Бүх-оддын тоглолтонд А.Овечкин өнжиж байгаа. Орос залуу А.Овечкин өнгөрсөн оны бүх-оддын тоглолтын ур чадварын тэмцээний хүчтэй цохилтын төрөлд түрүүлж байсан. Тэгвэл түүний эзгүйд түүний багийн хамтрагч Ж.Карлсон тэргүүн байр эзэллээ. Ж.Карлсон энэ төрөлд Б.Бёрнс, С.Стэмкос болон С.Жонес нартай өрсөлдсөн бөгөөд эхний цохилтоор 100.8 метр цагийн хурдтай цохисон бол сүүлийн оролдлогоороо 102.8 метр цагийн хурдтай цохиж аварга болсон байна.

ОНОВЧТОЙ ЦОХИЛТ (ACCURACY SHOOTING)

Хаалганы дөрвөн булан болон голд байрлуулсан төхөөрөмжийг хэдий хугацаанд цохих төрөлд Бостон Брюинс багийн Чех легонер Д.Пастрняк 11.309 сек-д оновчтой цохин тэргүүллээ. Лигийн шилдгүүд өрсөлдсөн тус төрөлд даруухан амжилттай Д.Пастрняк тэргүүлсэн нь бас нэгэн сюрприз байсан юм.

ХААЛТ (SAVE STREAK)

Энэ төрөлд өмнөх оны аварга М.Флёри 6 хаалт гүйцэтгэж 4-рт орсон бол Нью-Йорк Рейнжерс багийн Швед хаалгач Х.Лундквист 12 довтолгоог зогсоосон амжилтаар ялагч болсон. Хаалтын тэмцээнд Б.Холтбю, Ж.Гисбон, П.Ринне, А.Василевский, Д.Дубняк, Ж.Ховард, М.Флёри нарын шилдгүүд өрсөлдсөн.
Ийнхүү Сан-Хосе хотын “SAP” ордонд болж буй 2019 оны БҮХ-ОДДЫН тоглолтын ур чадварын тэмцээний ялагчид тодорлоо. Маргааш өглөө бүх-оддын тоглолтын оргил мөч болох шилдгүүдийн тоглолт болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж