Суудлаа олоогүй МАН, гүйдлээ олоогүй Монгол

Хуучирсан мэдээ: 2019.01.27-нд нийтлэгдсэн

Суудлаа олоогүй МАН, гүйдлээ олоогүй Монгол

Суудлаа олоогүй МАН, гүйдлээ олоогүй Монгол

Монголын улс төр, нийгэм, эдийн засагт "тэсрэх бөмбөг"-гүй өдөр гэж ховорхон болсон. Өнгөрч буй долоо хоногийг ч монголчууд мөнөөх л хэрүүлтэй, зодоонтой үдэж байна. "Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй" гэж үгтэй.  Үнэмлэхүй олонхоор засаглаж буй МАН суудлаа олохгүй, тэдний хэрүүл нийгмийн хямрал болжээ.

 Өөрсдийнхөө "шударга ёс"-ыг Төрийн ордонд тулган зарлаад удаж буй, М.Энхболдыг огцруулахаар өнгөрсөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн даргаас улс төр хийж эхэлсэн У.Хүрэлсүхийн хүсэл биелэхэд тун ойртов. Гэвч түүний ард түмэндээ амалсан бүхэн худлаа байсныг цаг хугацаа нотолсоор. Тэрбээр өнөөдөр жаран тэрбумаас өөр ярих сэдэвгүй мухарджээ. Уг нь тэр ЖДҮчидтэй адилхан хариуцлага ярьсан бол түүний "шударга ёс"-нд итгэх байлаа, олон хүн.

 Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд УИХ-ын даргыг олонхиороо чөлөөлнө гэсэн заалтыг  нэгдүгээр сарын 25-наас хэрэгжихээр хуульд суулгаж өгсөн бөгөөд үүний дагуу нэр бүхий 39 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах бичиг өргөн барив. Ингээд Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүтэн жил сүгсэлзсэн, У.Хүрэлсүхийн олон сар хүлээсэн М.Энхболдыг өрөөнөөс нь чирж гаргах өдөр хуулийн хүрээнд ирж байна. Тэд үүнийг л мөн ч их хүлээсэн дээ. Одоо Монгол Улс хөгжлөөрөө тэргүүлэх бүтээн байгуулалтаа У.Хүрэлсүх хийх байх гэсэн хүлээлт их.

 Төрийн ордонд ганц хүнтэй 40-үүлээ байлдах зуур  насны хишгийг нь өгөх нэрээр Монголын төр ахмадуудаа банкинд хэдэн өдөр дугаарлуулж тохуурхав.  Үүнээс болж хямарсан, уйлсан, бүр амиа алдсан хэрэг гарсан тухай  мэдээлэл ч цацагдлаа. Энэ асуудалд хэн ч хариуцлага хүлээхгүй бөгөөд М.Энхболд огцорч байвал иргэдийн амьдрал сайжирна гээд байгаа эрх баригчдаас ам асуух өдөр харин улам ойртож байна. М.Энхболд хурдан чөлөөлөгдөөд өгөөсэй гэж.

УИХ-ын даргын суудлын төлөө улстөрчид  том багагүй "эмээл хазаартай морь" цээжиндээ багтааж, У.Хүрэлсүхийн улдан долоох зуур Төрийн зарлан дуудсанаар Дорноговь аймгийн Зүүнбаянгийн цэргийн ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч нас барсан хэрэг олон нийтийг цочирдуулав. Эрүүл саруул хүүгээ цэрэгт үдээд дараа нь тахир дутуу, эсвэл цогцосыг нь хүлээн авдаг явдал олон эцэг эхчүүдэд "Би хүүгээ цэрэгт явуулахгүй" гэсэн айдас  төрүүлж, ард түмний нэрээр "шударга ёс" ярин жагсаал зохион байгуулсан МАН эрх баригчид харин энэ талаар амаа нээсэнгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга ядахнаа эмгэнэл ч илэрхийлсэнгүй.   Ийм л шударга ёстой хүмүүс ард түмэн гэгчийн нэрээр  ашиг сонирхлын улс төр хийгээд удаж байгаа билээ.

Тиймээс  У.Хүрэлсүх үнэхээр шударга байхыг хүсдэг бол  Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг чөлөөлөх ёстой гэсэн шаардлагыг олон нийтийн сүлжээнд олон ээж, аав тавьж байна.   Зам тээвэр, хөгжлийн яам дээр гарсан хүний амины  хэрэгт сайд Ж.Бат-Эрдэнэд хариуцлага хүлээлгэсэн шиг Н.Энхболд ба бусдад хариуцлага тооцох нь шударга болох биз.

Төрийн ордонд ч гадна ч "шударга ёс"-ны тэмцэл эхлүүлсэн  "Өүлэн эх"-ийн  таван хүүгийн амнаас ч 19 насандаа цэрэгт татагдаж очоод амиа алдсан залуугийн талаар үг дуугарсангүй. Харин цагдаагийн газраас "гадны нөлөөгүй" хэмээн яаран сандран мэдэгдэл хийсний дараа Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийхдээ талийгаачийг ахлагч нь цохисон гэдгийг хүлээн зөвшөөрсөн билээ.  Тэдний хэлсэн "Өдөр бүр дэглэдэг зүйл байдаггүй. Аль болох ийм хэрэг гаргуулахгүй байхын төлөө бид тэмцэж байна. Хариуцлага алдсан бүх албан тушаалтанд арга хэмжээ тооцно. Мөн 2017 онд үүнтэй төстэй хэрэг гарч байсан. Тухайн үед ангийн удирдлагуудыг нийтээр нь сольсон. Тиймээс энэ хэрэгт буруутай хүмүүст хариуцлага тооцно. Цаашид цэргийн алба хаах орчин нөхцөлийг сайжруулна гэж бодож байна" гэх үгийг сонсоход дээр дооргүй асуудлаас хуурай гарахыг хаана, хаана оролдож байгаа нь илт. Учир нь энэ хэрэгт Зэвсэгт хүний ерөнхий командлагч, Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүний жанжин штаб, Зүүнбаянгийн цэргийн ангийн удирдлагууд бүгдээрээ хариуцлага хүлээж байж л Монголын армид бугшсан дэглэлт гэх харгислал багасахад нэмэр болно. 

Хотын даргыг томилох асуудал хүлээлтийн байдалд байна. НИТХ-аар олонх заалнаас нэр дэвшсэн С.Мөнхчулууныг хотын шинэ даргаар сонгохыг дэмжсэн ч Ерөнхий сайд одоог хүртэл батламжлаагүй байгаа юм. Ерөнхий сайдад явуулсан хотын даргыг батламжлуулах бичих  замын дундаас төөрсөн үү, эсвэл алга болсон уу, хотын захиргаа ордонд хоёрын хооронд нэлээд будилаан үүсэв. У.Хүрэлсүх хэр шударга вэ гэдгийг нь энэ томилгооноос харна гэсэн хүмүүс байгаа бол нийслэлийн зарим бөхчүүд "унасан бөх ууртай" гэгч болж буй гэх.

Ийнхүү МАН-ын суудлаа булаацалдсан хэрүүл нийгмийн хямраагаад зогсохгүй, Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж