Хилийн 0168 дугаар ангийн хариуцсан хэсгээр гуравдугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын талаас нэг хүн явганаар улсын хил зөрчин орж ирснийг хилчид илрүүлэн саатууллаа. Уг иргэн нь Монгол Улсад амьдрах зорилгоор хууль бусаар хил зөрчин орж ирснийг БНХАУ-ын талд уулзалтаар хүлээлгэн өгсөн байна. Мөн Хилийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас нэг хүн улсын хилийг зөрчин орж ирснийг хилчид саатуулав. ОХУ-ын иргэн нь тарвага агнах зорилгоор хил зөрчжээ.
Хулгайн ан хийх зорилгоор явсан иргэдийг саатууллаа
Хэнтий, Булган, Сэлэнгэ аймгийн хариуцсан хэсгээр хулгайн ан хийх, байгалийн баялаг ашиглах сонирхолтой иргэд зөвшөөрөлгүйгээр хилийн бүс, зурваст явах нь олширч байна. Тухайлбал, гуравдугаар сарын 25-ны өдөр Хилийн 0243 дугаар ангийн хариуцсан хэсэгт ан хийх зорилгоор хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй явсан хоёр иргэнийг хилчид саатуулав. Дээрх иргэдэд Захиргааны хариуцлагын хуулийн дагуу торгууль ногдуулжээ.
М.СУРА