Намуудаар сонин юутай вэ?

Хуучирсан мэдээ: 2015.03.30-нд нийтлэгдсэн

Намуудаар сонин юутай вэ?

-Дахиад ч АН-ын нөлөө бүхий гишүүн нь нам байгуулж, өрх тусгаарлаж магадгүй тухай яриа саарал ордон орчмоос дуулдаж байна. Гэхдээ өрсөлдөгч намынх нь зүгээс чулуудсан PR-ч байж мэдэх нь-

Жилийн өмнө Ардын намынхан Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэж жагсаал зохион байгуулахаар бэлтгэж байсан бол Ардчилсан намынхан 24 жилийн ойгоо тэмдэглэхээр  их ажилтай сууж байжээ. Харин энэ жил дээрх намуудаар сонин юутай байна вэ? Нэг жил өнгөрөхөд олон зүйл өөрчлөгджээ. Ардчилсан намыг УИХ-ын дарга З.Энхболд удирдаж, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Эрхэмбаяр “гал тогоо”-г хариуцах болов. Одоохондоо тэд үүрэг гүйцэтгэгчид. Их хурлаар албан тушаалыг нь баталгаажуулж жинхлэх ёстой ч сар шинийн дараагаас товлогдох сураг гараад тодорхойгүй болсон нь Үндэсний зөвлөлдөх хорооны шийдвэрийг баталгаажуулж чадахгүй болчих вий гэсэн болгоомжлолтой холбоотой байж мэдэх. Гэхдээ Ардчилсан намын зүгээс УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн батлах Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн нэгдсэн хуультай холбоотойгоор намынхаа Их хурлыг хойшлуулсан тухай мэдээллийг өгч байгаа.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Ардчилсан намаас гарах өргөдлөө өгч, тойрохоо зуруулсан. Шинэ нам байгуулахын тулд намаасаа гарч байна гэж мэдэгдсэн нь 2016 оны УИХ-ын сонгууль угтсан улс төрийн нэг акци гэдэг нь хэн хүнд ойлгомжтой ч дахиад ч АН-ын нөлөө бүхий гишүүн нь нам байгуулж, өрх тусгаарлаж магадгүй тухай яриа саарал ордон орчмоос дуулдаж байна. Гэхдээ өрсөлдөгч намынх нь зүгээс чулуудсан PR-ч байж мэдэх нь. Сонгууль дөхөхөөр энэ төрлийн хорлонт ажиллагаа идэвхиждэг тухай намын гишүүд нь тодотгов.

Хаврын чуулган нээлтээ хийсний маргааш өдөр буюу ирэх дөрөвдүгээр сарын 7-нд Ардчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ой тохиох аж. Тодруулбал, 1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд Ардчилсан нам байгуулагдаж байсан түүхтэй юм. Дээрх баярын бэлтгэл хангахаар намын төв аппаратын баг их ажилтай суугаа бол бүлгийн гишүүд нь хууль сурталчлах хүрээнд орон нутгийг зорьжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр говийн аймгуудад ажиллахаар өнөөдөр Улаанбаатар хотоос хөдөлжээ. Ирэх дөрөвдүгээр сарын 2-н хүртэл орон нутагт ажиллах юм байна. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өнөөдөр Багахангай дүүрэгт,  маргааш Багануурт ажиллах бол УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Баянзүрх дүүрэгт ажиллаж байгаа аж.

МАН

Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсанаас хойш МАН-ынхан жагсая, цуглая гэдэг араншингаа дарж, иргэдээ сонсоход гол анхаарлаа хандуулах болжээ. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс “Иргэдийн цаг-2015” уулзалтыг орон нутгаас эхлүүлэхээр болж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, мөн Удирдах зөвлөлийн гишүүд нь дөрөвдүгээр сарын 1-2-ний өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгуудад ажиллах бол дөрөвдүгээр сарын 4-нөөс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй ажлын хэсэг Хэнтий, Дорнод аймагт ажиллах юм байна. Харин өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тэргүүтэй гишүүд, МАН-ын угшилтай хэд, хэдэн сайд Дархан-Уул аймагт ажиллаж байгаа юм.

УИХ-ын хаврын чуулган эхлэхээр тус намынхныг “шаналгах” нэг асуудал нь намын байр. Улс төрийн намын тухай хуулийн төслийг батлахдаа “Нам байргүй байх заалтыг тусгах ёстой” гэсэн саналыг парламентад суудалгүй намууд өнгөрсөн хугацаанд тавьж ирсэн ч УИХ-аар холбогдох хуулийн төслийг хэлэлцэж эхлээгүй байна гэдэг шалтгаанаар асуудлыг холдуулж ирсэн юм. Гэвч одоо асуудлыг нэг талд нь гаргахаас аргагүй болсон дуулдана. Учир нь Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Ц.Хасбаатарын гаргасан “Тусгаар тогтнолын ордныг барихад зарцуулсан татвар төлөгчдийн мөнгийг МАН нэг бол төлж барагдуул, эс бөгөөс намынхаа байрыг улсад тушаа” гэх шаардлага нь Ардын намынхныг Ардчилсан намынхантай тохиролцоо руу хөтлөхөөс аргагүй болгожээ. Гол нь ямар асуудлаар “наймаа” хийх вэ гэдэг УИХ-аар Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэх үеэр илүү тодрох нь.

МАХН-МҮАН

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба Эрүүл мэндийн сайдаар томилогдсоноос хойш тус нам амьгүй албат болон хувирчээ. Гишүүд дунд нь намын удирдлагуудаа өөрчилж, үйл ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлага байна гэдгийг хэлэх хүн цөөнгүй ч хүлээж авдаг хүн үгүй аж. Хамгийн сүүлд Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал Эвийн хэрэм үндэсний хөдөлгөөн байгуулж байгаагаа зарласан нь МАХН-ын үйл ажиллагаа улстөрийн хүрээнд ч, УИХ-д ч нөлөөлөхөө байсан учраас 2012 оны УИХ-ын сонгуулиар ард түмэндээ амласан амлалтаа хэрэгжүүлэхийг шаардаж, захидал илгээсэн нь энэ аж. Гэвч намын удирдлага нь БНСУ-аас ирж бодитой мэдээллийг авсан хэдий ч амлалт хэрэгжүүлэх хүрээнд бодитой зөвлөгөө өгөөгүй сураг дуулдаж байна.

Таван хувьсгалыг хэрэгжүүлэх нэг субьект нь МҮАН. Намын дарга М.Энхсайхан нь Монгол Улсын сайдаар томилогдсоноос хойш бүхий л анхаарлаа Тавантолгой төсөлд төвлөрүүлж байгаа учраас 2012 оны УИХ-ын сонгуулиар МАХН-тай хамтран байгуулсан гэрээний заалтуудаа дүгнэх сөхөөгүй яваа аж. УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэгт бодлогын чанартай асуудлуудаа хариуцаж явахыг үүрэг болгосон ч хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд тус эвслийн бүлгээс оруулсан хуулийн төслүүд нэг нь ч багтаагүй аж. Тиймээс цаашид ямар бодлого барих вэ гэдгийг нам, намын төвшинд нухацтай хэлэлцэх шаардлага үүссэн тухай мэдээлэл сонсогдож байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж